Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 12, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 12

1. Форбс: Монгол залуусын байгуулсан компани 30 сая ам.доллараар үнэлэгдлээ

Банк санхүү, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын тухай мэдээ мэдээллээр дэлхий нийтийг хангадаг “Форбс” сэтгүүлд зээлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AND Global” хэмээх монгол компанийн тухай нийтлэл гарчээ. “Банкнаас багахан хэмжээний мөнгө зээлэхэд олон баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай, цаг их ордог учир сард дунджаар 390 ам.долларын цалинтай Монгол оронд гэр бүл болоод найз нөхдийн хооронд бие биедээ албан бусаар мөнгө зээлүүлэх тохиолдол түгээмэл гардаг ажээ. Нөгөөтэйгүүр ингэж зээлсэн мөнгийг тэр бүр буцааж өгдөггүй байна” гэж Форбс сэтгүүлд бичжээ. [Montsame.mn] 

2. Засгийн газрын 11 гишүүн нэрийг эцсийн байдлаар зарлав

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын тодорхой болсон сайдын нэрсийг зарлав. Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг,  Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нар тодроод байна. [Time.mn]

3. Орон даяар 1100 гаруй ломбард үйл ажиллагаагаа явуулж байна

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардны бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын зүгээс өгсөн мэдээллээр Монголд 1,100 гаруй ломбард үйл ажиллагаагаа явуулж 30 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлт/жилд/ ямар ч хяналтгүй байдаг гэв. Үүнээс зөвхөн хулгайн эд зүйл л гэхэд найм орчим тэрбум төгрөгт хүрдэг байна. Мөн ломбарданд эд зүйлээ барьцаалж зээл авсан иргэдийн 30-40 хувь нь барьцаагаа алддаг байна. [Medee.mn]

4. Олон улсын эмчилгээний стандартад нийцэх 130 рашаан Монголд бий

Манай оронд 300 гаруй рашаан усыг илрүүлсэн бөгөөд олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй рашаан байдаг гэсэн судалгаа бий. Түүний 42 нь халуун байдаг бол рашаантай төстэй харз булгууд 270 гаруй бий. Рашаан сувилал, түүнийг дагасан эдийн засгийн томоохон боломж бий талаар Gogo.mn сайт хөнджээ. Юун түрүүнд рашааны орд газруудаа түшиглээд жуулчдад нийцүүлсэн, чанартай эмчилгээ, найдвартай үйлчилгээтэй сувиллын төв бий болгох, одоо байгаагаа тордох хэрэгтэй байгаа талаар өгүүлсэн байна. Учир нь халуун рашаан байгаа үед өвлийн аялал жуулчлал ч хөгжих боломжтой юм. [Gogo.mn]

5. “The VOICE оf Mongolia” шоуны шүүгчдийн нэрс тодорхой болжээ

“Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан “Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн алдартай контент болох “The Voice” шоуг эх орондоо хийж байгаа юм. Тэгвэл “The VOICE оf Mongolia” шоуны шүүгчдийн нэрс тодорсон байна. Шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On&Off” продакшний захирал С.Ононбат, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр нар ажиллахаар болжээ. [News.mn]

6. АНУ-ын бөмбөгдөгчид Солонгосын хойгт ирлээ 

Өмнөд Солонгост АНУ-ын стратегийн бөмбөгдөгч B-1B онгоц газардлаа. Уг онгоц Солонгосын хойгт буусан гол шалтгаан нь БНСУ, АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийхээр болсонтой холбоотой билээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын F-15K сөнөөгч онгоц агаарт хөөрсөн байна. Энэ удаагийн цэргийн сургуулилтаар хоёр улс агаар-газар ангиллын пуужинг тэнгисийн флотоос харвах гэх мэт туршилттай холбоотой юм. Стратегийн бөмбөгдөгч В-1В онгоц Гуам арлаас шууд нислэг үйлдсэн бөгөөд энэ явдал нь Умард Солонгост сануулга өгөх гэсэн тактикийн нэг байсан гэж цэргийн шинжээчид үзэж байна. [BBC]

7. Тайланд улс жуулчдад тамхи худалдахыг хориглолоо 

Тайланд улсад наран шарлагын газар утаат тамхи татахыг хориглодог журамтай аж. Тэгвэл энэ журмыг зөвхөн дотоодын иргэдэд бус жуулчдад хүртэл хамаатай болгож хуульчилсан байна. Тайландад 20 орчим наран шарлагын газар байх ба тамхины хяналтын хууль хэрэгжихээс өмнө наран шарлагын элснээс хэдэн сая тамхины иш олддог байсан гэж эх срувалжууд мэдээлжээ. Түүнчлэн наран шарлагын газрын хог хаягдлын гуравны нэгийг тамхины иш эзэлдэг байсан гэнэ. Тиймээс Тайландад хүрэлцэн ирсэн жуулчид цаашид наран шарлагын газар тамхи татах хориотой болсон төдийгүй хэрэв энэ журмыг зөрчвөл 100 мянган батт буюу 3000 хүртэл ам.доллараар торгох, цаашлаад 15 хоног баривчлах арга хэмжээ авах аж. Уг шинэчилсэн хууль нэг жилийн хугацаанд үйлчлэхээр тусгагджээ. [CNN]

8. Эминем дуундаа Доналд Трампыг шүүмжилжээ

Алдарт рэппер Маршал Мэйтирс буюу Эминем шинээр туурвисан бүтээлдээ Ерөнхийлөгч Доналд Трампыг “Арьс өнгөөр ялгаварлагч арчаагүй өвгөн” гэж шүүмжилжээ. Тус бүтээл цацагдсан цагаасаа хойш нэлээд их хандалттай байгаа төдийгүй Ерөнхийлөгч Трамп спортын хүрээний зарим алдартай тамирчидтай таарамжгүй харилцаатай байгаа юм. Үүнээс улбаалж Эминем хүртэл чимээгүй өнгөрөөгүй билээ. Урьд нь Детройтоос гаралтай рэппер Эминем АНУ-ын төрийн тэргүүн Трампын талаар “Нэр дэвшигчдийн илтгэл”, “Сонирхох зүйлгүй хүн” зэрэг дуундаа шүүмжилж, хараалын үгээр давшилсан удаатай аж. [CNN]

9. Калифорнид 150 гаруй хүн сураггүй болжээ

АНУ-ын Калифорни мужийн Санта Роса хот бүхэлдээ галд автаад байгаа гэхэд хилсдэхгүй. Ой мод, ногоон бүсийн голд орших тус хотод ой хээрийн түймэр асар хурдтай тархан орж ирснээс байгалийн гамшиг хяналтаас гарахад дөхөөд буй юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Санта Росад дор хаяж 150 гаруй хүн сураггүй болж, 17 хүн амиа алджээ. Мөн 2000 гаруй барилга, байшин сүйдсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр Калифорний хойд хэсэгт асч буй уг ой хээрийн түймрийн голомт улам тэлсээр байгаа учраас аврагчдыг нэмж татахаар болсон байна. [Washington Times]

10. Барселона нэгдүгээр сард Коуг элсүүлнэ гэв 

Английн хөлбөмбөгийн дээд лигийн Ливерпүүл багийн найруулан тоглогч Филипе Коутиньог Барселона клуб ирэх нэгдүгээр сарын солилцооны цонхоор элсүүлнэ гэж мэдэгдлээ. Өнгөрсөн зуны наймааны цонхоор Коутиньог өөрийн болгож чадаагүй каталончууд энэ удаа зорилтот байгаа заавал эгнээндээ нэгтгэх хүсэлтэй аж. Нөгөө талаас Ливерпүүл гол тоглогчоо алдахгүйн тулд Коутиньогийн цалинг нэмэх гэх мэт арга чаргыг хайсаар байна. Өнгөрсөн зуны наймааны үеэр Коутиньо Барселонад очихоор ихэд чармайсан ч Ливерпүүл хаалт хийсээр байсан тул энэ наймаа бүтэлтэй бололгүй, Коутиньо багийнхаа бэлтгэлд очихоос хүртэл татгалзаж байсан удаатай. [Sky Sports]