Дүрвэгсдийн хуаран дахь насанд хүрээгүй охидын гэрлэлт нэмэгджээ

Дэлхий / Admin
11 өдрийн өмнө

Сири-Иорданы хилийн ойролцоох дүрвэгсдийн хуаран дахь төрөх эмнэлэгт 15 настайдаа ээж болсон олон охид байгааг албаны эх сурвалж онцлон мэдээллээ. Иордан дахь “Заатари” хуаранд 2012 оноос хойш эрт гэрлэлтийн тоог бууруулах хүчин чармайлт явуулсаар байгаа ч өсвөр насны охидын төрөлт эрс өндөр байна гэж НҮБ-ын Хүн амын сангийн албаны хүн хэллээ. 

Эх сурвалжийн мэдээллэснээр, дэлхийн хэмжээнд бараг 15 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө хүнтэй суусан байна. “Охид өсвөр насандаа гэрлэснээр, боловсрол болоод бусад олон боломжийг алдаж байна. Мөн, бие махбод нь бүрэн бэлтгэгдээгүй, бүрэн боловсроогүй үедээ хүүхэдтэй болсноор эрүүл мэндээрээ ноцтой хохирох бүр цаашлаад амь насаараа хохирох эрсдэлтэй” гэж албаныхан онцлов. 

Иордан дахь Заатари дүрвэгсдийн хуаранд одоогоор Сирийн 80 мянган дүрвэгч байна. 2013 оны дунд үеэс НҮБын Хүн амын сан, Заатари дүрвэгсдийн хуаранд үйл ажиллагаа явууулж эхэлсэн байна. Энэ дүрвэгсдийн хуаранд 6500 гаруй нярай хүүхэд байгаагийн 5 хувийнх нь ээжүүд нь 18-аас доош насандаа төрсөн.  

Өсвөр насны охидын  гэрлэлтийг зогсоохын төлөөх кампанит ажил явуулж байгаа байгууллагын тооцоолсноор, Сири охидын 13 орчим хувь нь 18-аас доош насандаа гэрлэсэн, 3 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө сүй тавьсан байна. Гэхдээ Иордан дахь Сирийн дүрвэгсдийн дунд өсвөр насны хүүхдийн гэрлэлтийн төвшин 2011 оныхоос 13 хувиар өссөн гэж НҮБын Хүүхдийн асуудал эрхэлсэн газраас мэдэгдлээ.Save the Children ОУ-ын байгууллагын мэдээллэснээр, насанд хүрээгүй охидоо гэрлүүлсэн Сири гэр бүлүүд, санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалж, дүрвэгсдийн хуаран дахь бусад эрчүүдийн хүчирхийлэл, түрэмгийллээс охидоо хамгаалж чаддаг байна.