Б.Шижирболд: Бидэнд хэн ч бүжиг зааж өгөөгүй

Ярилцлага / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 13

“Time to talk” ярилцлагийн буланд өнөөдөр “Аймар” продакшны бүжигчин Б. Шижирболдыг онцолж байна. Тэрбээр, энэ сарын 28-нд нээлтээ хийх “Бүхнээс дээгүүр” УСК-ны гол дүрд тоглож, мөн киноныхоо дууг дуулсан юм. Инженер мэргэжилтэй ч хөгжим, бүжгээр хөглөгдөж яваа түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе. 

“Aimar” продакшн бүжгийн хамтлаг гэнэтхэн тодорч гарч ирсэн. Хамтлагийн талаар яригаа эхлүүлье гэж бодлоо.

2011 оноос эхлэн багаа бүрдүүлж “Аймар” продакшнаа байгуулан ажиллаж эхэлсэн. Бүгдээрээ л оюутан, чөлөөт цагаараа бүжгээ бэлдээд л хааяа халтуур хийдэг байлаа. Дуучдын ард бүжиглэнэ. Тоглолтуудын нээлтийг хийж уран бүтээлчдийн тоглолтонд бүжиглэдэг байсан. 

Одоо бол бүжиг хэрэгтэй бүх сигментүүд рүү орж ажиллахыг зориж байна. Бид тавуулаа зөвхөн бүжгээр явахаас илүү өөр өөрсдийнхөө чаддаг мэддэг зүйлээр хувийнхаа карьерыг өсгөж яваа залуус. Баачка маань маркетингаа хийж, харин Төөгөө залуучуудаа зөв зүйлд уриалж, тэдэндээ мессеж өгч лекц тавидаг. Миний хувьд би мөн дуулах дуртай. Эхний уран бүтээл маань оны өмнө гарсан. Хоёр дахь нь сая тоглосон “Бүхнээс дээгүүр” УСК-ны маань дуу байна. 

Та их сайхан бүдүүн баргил хоолойтой юмаа?

Миний хоолойг жазз төрлийн дуу дуулахад тохиромжтой гэдэг. Баритон буюу нэлээн доогуур өнгөтэй. Би бага сургуульд байхаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан. Яг төгсөх ангид ороод сонголт хийх мөчид янз янзын л зүйл бодогддог юм билээ. Хэрэв СУИС-ийн Дуулаачийн ангид сурч төгсөөд амжилт олохгүй бол дуу хөгжмийн багш болоод өнгөрчих вий дээ гэж хүртэл бодогдсон. Тэгээд л ямарч байсан нэг мэргэжил эзэмшээд авъя, хажуугаар нь дуугаа дуулаад явах боломжтой гэж бодоод л шийдвэр гаргасан. Сургуульд сурч байх үеээсээ л дуулж бүжиглэх авьяастайгаа мэдэрсэн. 

Биднийг сурагч байх үед “Одод болохын хүслэн” гээд том тэмцээн болдог байсан нь зурвасхан санаанд орж байна. Тийм тэмцээнд ордог байв уу?

Би багадаа Эрдэнэтэд байсан болохоор орж үзээгүй. Гэхдээ сүүлд хотод орж ирээд тэмцээнд орсон. Usher, Justen гэх мэт дуучдын бүжгийг л дууриаж бүжиглэдэг байлаа. Сүүлдээ дуулахаасаа илүүтэй бүжгэндээ цаг зав, сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн. Бидний хобби сүүлдээ ажил хэрэг болсон. Тэгээд саяхнаас бүжгийнхээ хажуугаар дуулж эхлээд байна.

Анхны уран бүтээл нь ямар дуу байв?

Чойжоотойгоо хамтран хийсэн “Тайван” гээд дуу байгаа. Анхны уран бүтээл гэхэд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан. Клипний өнгө аяс ч бас дуу шигээ зөөлөн, даруухан хөгжимлөг бүтээл болсон.

Саяхан тоглосон киноныхоо дууг өөрөө дуулсан гэсэн. Ямар сэтгэгдэл төрөв?

Төөгөө бид хоёр 2011 онд “Тэнгэрийн продюсер” гээд кинонд тоглож байсан. Удахгүй энэ сарын 28-нд бидний тоглосон “Бүхнээс дээгүүр” УСК нээлтээ хийх гэж байна. Ер нь л нэгнээсээ суралцсан зүйл их байлаа. Хоорондоо маш их ярилцаж ойлголцдог байсан. Өмнө нь кинонд тоглож байсан ч энэ удаад кино баг, зураг авалт гээд л бүх зүйл шинэлэг, бас сонирхолтой байсан. Би 18 настай Тэмүүлэн гээд залуугийн дүр бүтээсэн. Юм болгоны урд гүйсэн, далдганасан, амбицтай хүүхэд л юмдаа. Намайг хүүхэд шиг царайтай гэдэг. Гэтэл би өөрөөсөө 10 насаар дүү хүний дүр бүтээчихсэн. Дүрийн маань нэг хэцүү зүйл нь надаас шал өөр хүн байсан. Би чинь даруухан, барагтай бол дуугаа өндөрсгөдөггүй хүн. Гэтэл Тэмүүлэн маш амбицтай нөхөр байж таараад гэхдээ яахав угаасаа надад тааруулж дүр онооно гэж байхгүй л дээ. Харин дууны хувьд киноны маань бүх дурсамж л надтай хамт байсан учир дуугаа дуулахад сэтгэлд их ойр байсан. Дараа нь ч гэсэн дуугаа дуулахад дурсамж дүүрэн сайхан.

Зураг авалтын үеээр хамгийн их цаг авсан ямар хэсэг байв?

Зарим нэг зүйлийн ард гараад эргээд харахад амархан санагддаг ш дээ. Одоо бүх л зүйл надад гоё санагдаж байна. Тухайн үедээ хэцүү байсан үе байлгүй яахав. Зүгээр л жүжиглэх биш бид чинь давхар бүжиглэсэн болохоор олон давталттай явахаар бие ч цуцаад, орчны градусаас болоод хасах градустай байсан ч даараагүй л юм шиг бүжиглэсэн. Заримдаа бүжиг дэглэлтээс гараад шууд зургандаа орох өдрүүд байсан болохоор жигдрэлт жаахан хэцүү байсан санагдаж байна. Гэрэлт гудамжинд авсан зураг их инээдтэй. Өдөржин хоолойгоо бичүүлж байгаад орой бүжгийн зурганд ороход хөдөлгөөнөө сурах гэж хөглөсөн. 

Ер нь яаж яваад таны амьдрал бүжигтэй холбогдчихсон юм бэ?

Хүнд нэг тийм урам зориг гэж юм байдаг даа. Ямар нэг зүйл хийчихээд түүнээсээ урам авдаг. Сургуульд байхдаа л дуулж бүжиглэж түүнээсээ урамшаад өдийг хүрсэн. Тэр үе л надад түлхэц болсон. Өсвөр насандаа л Chris brown сонсоно, клипийг нь үзээд цус хөөрнө. Тэгэхээр миний цусанд бас тийм их бүжиглэж дуулах хүсэл мөрөөдөл байсан гэж байгаа биз?... цаанаасаа л огшоод байдаг ш дээ. 

Та нарт бүжиг заасан багш хэн бэ?

“Youtube”. Тэр үед бидэнд орчин үеийн бүжиг зааж өгөх хүн байгаагүй. Өөрсдөө барууны видео харж оролдлого хийн тэрийгээ баяжуулж сурсан. 2012 он хүртэл “youtube”-тэй зууралдаж, сүүлдээ дэглэлт хийдэг хүмүүсийн бичлэг рүү орж судалж эхэлсэн. Тэгээд л гадагшаа тэмцээнд явж, гадны багшийн сургалтанд суугаад эхлэхээр гоё байдаг. Манайхан урлаг уран сайхан, бүжиг бол залуу насны л ажил гэж санадаг. Гэтэл баруунд бол 30 наснаас л бүх зүйл эхэлдэг. Гадна тэмцээн шүүж байгаа шүүгчид ч 60 гарсан өвөө эмээ нар байдаг шт. Эцэг эхчүүд хүртэл хүүхдээ жаахнаас нь бүжгийн бэлтгэлд нь хүргэж өгөөд авдаг гэх мэт амьдралынхаа хэмнэл болгочихсон байдаг. Бид нар бол цэвэр золиосны хүүхдүүд. Бидэнд хэн ч зааж өгөөгүй. Харин одоо дүү нарт маань боломж их байна.

Бүжиглэж гүйхийг нь гэрийнхэн нь хэр их дэмжиж байв? 10 жилд байхад хичээлээ хий л гэж шахдаг байсан санагдана

Хүүхэд өөрөө хүсэл зорилготой байгаад тэрэндээ зүтгэлтэй байвал ээж аав нар урамшуулна ш дээ. Би бол хичээлдээ ч сайн, дуртай юмандаа ч тууштай байсан. Амжилтаа үзүүлэх хэрэгтэй. Аав ээж маань тайзан дээр гарах бүрт минь урамшуулдаг.

Бүжиг таны амьдрал мөн үү?

Өнөөдрийн Шижрээ, миний төлөвшлийг бүжиг л бүтээсэн. Бүжиг бол миний амьдрал. Би бүжгээ бусдад заах тусам илүү их хөгжиж байдаг.

Хөшүүн биетэй хүн бүжиг сурах боломж бий юу? Өөрийгөө модон гээд л хүмүүс ярьдаг ш дээ.

Хүмүүс эхээс төрөхдөө бүгд адилхан төрдөг. Булчин шөрмөс нь ч адилхан. Зүгээр л амьдралын хэв маягаас нь шалтгаалаад л эвсэл шалтгаална. Хүн өөрөө л биеэ модон болгодог. Спортоор хичээллэдэг хүмүүс бүжиг сурахдаа их хурдан байдаг. Бүжигчин хүн бол тамирчин л гэсэн үг. 

Та бүжиглэхээс өөр чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Би бэлтгэлээ л хийдэг. Аав маань тулааны спорт сонирхдог. Ер нь спортод хорхойтой. Жаахан байхдаа таквендогоор хичээллэж байсан болохоор хөлний маань хурд сайн. Хүүхдээ багаас нь ямар нэг спортоор хичээллүүлэх их давуу талтай санагдсан. Би бол ажиллах эсвэл амжилт хөөх гэж төрсөн хүн биш. Найз нөхөдтэй, гэр бүлтэйгээ байх их дуртай. Завтай үедээ тэдэндээ хоол хийж өгдөг.

Та гэр бүлтэй юу?

Гэр бүл байгаа ш дээ. Аав, ээж, дүү гээд л... Би эхнэр хүүхэдгүй ээ. Гучин нас хүртлээ хийх ёстой юмаа бүгдийг нь хийчихээд гэр бүлтэй болно гэж төлөвлөж байсан. Арван найм хүрэх, их сургууль төгсөөд ч юмуу тогтсон ажилтай болоод гэр бүлтэй бол гэдэг асуудал хоцрогдсон. Надад таалагддаггүй. Бид чинь залуухан байна. Манай хамтлагийнхныг хэдэн банди нар гэж хардаг ч бид нас биенд хүрсэн эрчүүд. Харин сэтгэлгээ маань залуухан. Гучин нас хүртлээ алдахдаа алдаж хийхийг хүссэн бүх зүйлээ хийнэ л гэж боддог.