Ц.Буянзаяа: Хамгийн том шагнал бол өөртөө итгэл төгс бүтээл туурвих юм

Нийтлэл / Time Admin
10 өдрийн өмнө

Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга*, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяатай ярилцлаа.

*(Өнгөрсөн долоо хоногт МЗЭ-ийн Их хурлаар тус байгууллага шинэ ТУЗ-ийн даргаараа СГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг сонгосон билээ)

Дөрвөн жилийн өмнө МЗЭ-ийн Их хурлаар та нийт зохиолчдоос дэмжлэг авч Удирдах зөвлөлд сонгогдсон. Дөрвөн жил хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар яриагаа эхлэх үү?

МЗЭ-ийн 2013 онд болсон XV их чуулганаар миний бие Удирдах зөвлөлд өрсөлдөхдөө “Уламжлал-Шинэчлэл” хэмээх хөтөлбөрийг дэвшүүлж, өрсөлдсөн. Энэ хөтөлбөрийг дэвшүүлэх гол шалтгаан юу байсан гэхээр нэгдүгээрт, МЗЭ маань хоёр зууныг дамнан тогтвортой ажиллаж байгаа Төрийн бус байгууллага. Байгууллагын түүхийн дийлэнх нь өнгөрсөн зуунд хамаарна. Харин 1990 онд гарсан Монголын нийгэм дэх өөрчлөлтийн дараа энэ байгууллагыг зайлшгүй орчин үетэй хөл нийлүүлэх шаардлага гарсан. Мэдээж шинэчлэл явагдсан. Гэхдээ шинэчлэл тасралтгүй явж байх учиртай байгууллага бол МЗЭ юм. Хоёрдугаарт, шинэчлэлээс гадна үндэсний уран зохиолын хөгжилд уламжлалаа хадгалах, тэр дундаа хүн төрөлхтний уран зохиолын амьдралд гарч байгаа дэвшилтэт зүйлс, хандлагуудыг уран зохиолынхоо уламжлалтай хослуулах шаардлага байдаг. Тэгэхээр МЗЭ-ийн бодлогын гол зангилаа нь уламжлал, шинэчлэлийг хослуулахад чиглэх учиртай гэж үзсэн. Тиймээс анхаарлаа энэ бүхэнд хандуулж хөтөлбөрөө дэвшүүлсэн. Хөтөлбөр маань ерөнхийдөө хэрэгжсэн. Одоо тайлангаа Их чуулганаар танилцуулах гээд бэлтгэчихсэн байна. Нэг зүйлийг энд онцлоход өнгөрсөн дөрвөн жилд Монголын нийгэмд эдийн засгийн хямрал гарч МЗЭ-ийн үндсэн орлого болсон гишүүдийн татвар, хандивлагчдын дэмжлэг туслалцаа, түрээсийн орлого тасалдсанаас болоод бидэнд багагүй хүндрэл учирч байлаа. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглаж, зардлаа хэмнэж, аль болох хямд төсөр өртгөөр үйл ажиллагаагаа явуулах замаар хөтөлбөрөө биелүүлсэн. Тэгэхээр нэг ёсондоо уламжлал шинэчлэл хөтөлбөр өөрийн зорилгоо биелүүлсэн. 

Зохиолчдын эвлэл хэмээх энэ байгууллагын аливаа шинэчлэлийн ажил удаашралтай явдаг гэж шүүмжилдэг. Энэ талаар таны бодол? 

Өмнө хэлсэнчлэн МЗЭ-ийн дийлэнх түүх өнгөрсөн зуунд, социализмын үед хамаардаг. Гэтэл соц нийгэм дэх уран зохиолын байгууллага гэдэг бол өөр зүй тогтолтой. Төрөөс дэмжлэгтэй, төсвөөс санхүүждэг, улс төрийн товчоо зэрэг байгууллагуудын хараа хяналтанд байдаг онцлогтой. Тэгвэл чөлөөт ардчилсан нийгэм дэх уран зохиолын байгууллага бол төрийн дэмжлэггүй, гишүүдийнх нь өөрсдийн итгэл үнэмшил, сэтгэл зүтгэл дээр явдаг өөр систем юм. Тийм учраас орчин үеийн зохиолчдыг нэгтгэсэн утга зохиолын байгууллага гэдэг хуучин нийгмийн хандлагуудаасаа нэн яаралтай салж, орчин цагийн чөлөөт нийгэмдээ зохицсон тэр тохиргоог хийж, шинэчлэгдэх ёстой. Жишээ нь, хуучнаасаа салж чадахгүй байгаа нэг зүйл бол халамжийн сэтгэлгээ байна. Манай зарим зохиолчид зохиол бүтээлийг нь хэвлэж өгдөг байсан тэр үеэ санагалздаг. Энэ бол халамжийн сэтгэлгээ л яваад байгаа хэрэг. Зарим нь зохиолчийн ахуй амьдралд дэмжлэг үзүүлэх ёстой гэж ярьж байна. Ийм хандлага бол маш их байна. “Энэ ч зохиолчийн амьдралд ийм зовлон зүдгүүр гарчихлаа, та нар тусла” гэдэг. Гэвч Зохиолчдын эвлэл бол хүмүүнлэгийн байгууллага биш, төсвийн байгууллага биш, ямарваа нэгэн хүмүүсийн амьдралд дэмжлэг үзүүлдэг сан ч биш. Өнөөгийн нийгэм дэх олон төрийн бус байгууллагын л нэг. Зохиолчид өөрсдийн бүтээл туурвилыг бусдын хамааралгүйгээр, ялангуяа зохиолчдын байгууллагын хамааралгүйгээр туурвих ёстой. Өөрсдийн уран зохиолоо зах зээл дээр борлуулж, ашиг орлого хүртэж, тэр бүтээсэн баялагаараа өөрийн уран зохиолын амьдрах орчныг бүрдүүлэх ийм тогтолцоотой. Тийм учраас Зохиолчдын эвлэл бол халамжийн шинжтэй биш, зохиолчдын нэгдмэл эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь илэрхийлэх байгууллага. Энэ байдал руу, энэ хандлага руу зохиолчдын байгууллагаа зүглүүлэх зорилгоор тодорхой бодлого барьсан. Тухайлбал, татварын бодлого дээр гишүүдийн татвар жилийн 12 мянган төгрөг байсныг нь 60 мянган төгрөг болгож нэмсэн. Энэ бол нэгэнт энэ байгууллагад гишүүнээр элссэн хүний хувьд, нэгдмэл эрх ашгаа хамгаалъя гэсэн хүнд их мөнгө биш. Мөн ахмад зохиолчдоо татвараас чөлөөлнө гэдэг байсан. Үүнийг бол дэмжих боломжгүй байсан. Яагаад гэвэл зохиолчид адилхан л эрхтэй, үүрэгтэй байх ёстой. Хөгшин залуу хамаагүй бүгдээс нь адилхан татвар авдаг ийм байдлыг бий болгосон. Хамгийн гол нь зохиолчдын байгууллагаас ямар нэгэн байдлаар хувь хүн рүү чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлэх гэдгээс илүү нийт зохиолчид нэгдмэл эрх ашгаа хамгаална гэсэн тэр үзэл санаа руу чиглүүлэх гэсэн үзэл санааны шинэтгэлийг хийх зорьсон. Энэ бол дөрвөн жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн маань гол зорилгын нэг нь. Мэдээж ахиц удаан байна. Оюун санааны зүйл гэдэг удаан байдаг юм байна. Гэхдээ зохиолчид маань үүргээ ухамсарлаж, үүргээ биелүүлээгүй бол эрхээ эдлэхгүй гэдэг зарчим руу хандаж байгаа. 

Та ажлаа аваад удаагүй байхдаа өгсөн ярилцлагадаа, “МЗЭ бол уран зохиолын хөгжилд шууд бус дам нөлөөтэй байгууллага” гэж хэлж байсан. Гэтэл “МЗЭ болохгүй байгаа учраас л уран зохиол хөгжихгүй байна” гэдэг ч юм уу ярьдаг, таны хэлээд буй “дам нөлөө”-г ойлгохгүй хүмүүс энэ хугацаанд буурч байгаа дүр зураг ажиглагдав уу? 

Ер нь бол буурахгүй байна (инээв). Их удаан байна Зохиолчдын эвлэлийн байгууллага бол зохиолчдыг бий болгодог газар биш. Харин нэгэнт өөрсдөө уран зохиолын амьдралд хөл тавьчихсан,зохиолч хэмээх тэр нэр алдарт ямар нэгэн байдлаар хамаатай болчихсон, өөрсдийнх нэг зорилго утга зохиолын ертөнцөд амьдарч, уран зохиол бүтээж туурвих гэсэн эрмэлзлэлд хөтлөгдсөн хүмүүсийн нэгддэг газар юм. Ингэж нэгдэж хамт олон болоод нийтлэг эрх ашгаа хамгаалах, нийлээд нийгэмд уран зохиолын нэр хүндийг өсгөхийн тулд хүч оюунаа зориулах учиртай. Уран зохиолын нэр хүнд нийгэмд өснө гэдэг хувь зохиолчдод ч хамаатай зүйл шүү дээ. Гэхдээ өнөөдөр Монголд зохиолчид нь уншигчдаасаа олон болчихжээ. Үүнийг би нэг бус удаа хэлж байгаа. МЗЭ-д 1929 оноос хойш мянга гаруй зохиолчийн гишүүнчлэлийн бүртгэл байна. Мэдээж энэ дунд өнгөрсөн зууны алдартай зохиолчид багтана. Тэд хэдийгээр мөнх бусыг үзүүлсэн ч зохиол бүтээлүүд нь хэвлэгдсээр байгаа. Ач зээ нар нь, хамт олон, нутаг орон нь ном уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна. Харин яг өнөөдрийн байдлаар МЗЭ-д гишүүнчлэлтэй, амьд сэрүүн, бүтээл туурвилаа туурвиж байгаа 800 орчим зохиолч байна. Зохиолчдын бусад байгууллага, нэгдэл, дугуйлангуудад харъяалагддаг уран бүтээлчдийг оролцуулбал шал өөр тоо болно. Гэтэл бид уран зохиолын ганцхан зах зээл дээрээ номоо борлуулж байна. Өнөөдөр 500 ширхэг номоо итгэл төгс борлуулчихдаг зохиолч, яруу найрагч ховор байгаа. Мэдээж олон тоогоор номоо борлуулдаг, зохиол бүтээлээрээ амьдардаг зохиолчид бий болсон. Үүнийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ л нийт зохиолчдын маань 90-ээс дээш хувь нь цөөхөн хувь ном борлуулж, ихэнхийг нь бэлэглэж, дурсгаж байна. Энэ бол ерөөсөө манай уран зохиол дахь гол асуудал. Зохиолчдын байгууллага уран бүтээлчиддээ дам туслахаас биш яг хувь зохиолыг сайн бичүүлэх, цаашлаад номыг нь олноор нь зарж өгөх үүрэггүй. Энэ ойлголт руу бид маш хурдацтайгаар орж, уран бүтээлийг үнэгүйдүүлдэг байдлаас татгалзах ёстой юм. Бүх юмыг Зохиолчдын эвлэл шийдэх ёстой, дэмжүүлэх ёстой гэсэн сэтгэлээр хандвал болохгүй л дээ. 

Ер нь таны хөтөлбөр Шинэчлэлийн хөтөлбөр байх ёстой байсан юм бишүү. Яагаад “Уламжлал шинэчлэл” гэх болов? 

Яагаад уламжлал ярив. Шинэчлэгдэх ёстой газар яагаад уламжлал хэрэгтэй юм бэ гэвэл энэ өөрөө их онцлогтой. Нэг талаасаа уран зохиолын амьдрал гэдэг бол ерөөсөө нэг л цагтай. Тухайн бүтээл бичигдсэн бол оршиж байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл сайн зохиол бол оршин байгаа гэдэг нэг л цагтай. Тийм учраас л хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн зохиолууд өнөөдөр ч уншигдсаар байна. Гэтэл тийм сайн зохиолыг хоцрогдсон, хэрэггүй гээд хаячихвал тэр уран зохиолын тухай ойлголт, хөгжлийн зүй тогтол, хөгжиж ирсэн түүх, тэр олон жилийн өмнөх шүлэг уран бүтээлийн үнэ цэнэ хүмүүсийн хэрэглээнээс гарна. Тэгэхээр нэгэнт тэр зохиол оршин байгаа бол сайн л зохиол гэсэн үг. Тийм учраас тэдгээрийг сурталчлан түгээх, үндэсний тэдгээр өв дээрээ суурилж дараагийн шинэ загваруудыг гаргаж ирэх ёстой. Хамгийн сайн зохиол бол уламжлалтайгаа нягт уялдсан зохиолууд байдаг. Тийм учраас уран зохиолын амьдралд уламжлал хэрэгтэй.

Тэгвэл уран зохиолын байгууллага дээр ямар уламжлал хэрэгтэй вэ? 

Юун түрүүнд МЗЭ бол өөрөө 90 шахам жилийн түүхтэй. Энэ олон жил хийж хэрэгжүүлж ирсэн ажлууд, бий болгосон тодорхой үнэт зүйлс байна. Үүний нэг бол “Уран үгсийн чуулган” юм. Энэ бол ямарваа нэгэн байдлаар зохиолч уншигч хоёрыг ойртуулдаг маш чухал арга хэмжээ. Хэлбэр хийцийг нь өнгөрсөн зуунд тааруулчихсан. Үүнийг бид уламжлалыг нь хадгалаад бага зэрэг шинэчлээд аваад явчих боломжтой. Мөн “Утгын чимэг”, “Болорцом” гэдэг ч юм уу ард түмэнд хүрчихсэн арга хэмжээ байна. Эдгээр арга хэмжээнүүд бол уран зохиолоо ард түмэндээ сурталчилдаг л ажил шүү дээ. Мэдээж шинэчилж сайжруулах нь чухал. Хүмүүс нэг талаас нь л яриад байдаг. “Утгын чимэг” утгагүй зүйл болчихож, “Болор цом” болохоо байчихаж гэж хэлдэг. Гэтэл хэрэг дээрээ тухайн жилд нь зохион байгуулсан мань мэт нь л муу зохион байгуулсан гэсэн үг. Харин тэр ажлыг нь шинэчилж, сайжруулж хийх л хэрэгтэй. Өнгөрсөн 90 шахам жилийн түүхэнд уран зохиолыг сурталчлахад чиглэгдсэн сайн ажлуудыг хадгалах шаардлагатай. Энэ л үүднээс л уламжлал шинэчлэлийг хослуулах хэрэгтэй. 

МЗЭ-ийн гадаад харилцаа өнгөрсөн дөрвөн жилд хэр урагштай байв? 

Ер нь бол зохиолчдын байгууллагын гадаад харилцааг хөгжүүлнэ гэдэг бол төрийн байгууллагуудын гадаад харилцааны ажлуудаас өөр. Нэг их албархаг байдлаар биш, гадаад дотоодын зохиолчидтой танилцаж, харилцан бие биенийхээ түүхийг сонирхож, аялж зугаалах ажлуудыг хийх хэрэгтэй. Үүний зэрэгцээ харилцан бие биедээ мэдээлэл түгээх, бие биенээсээ суралцах зүйлс бий. Тэгэхээр энэ дөрвөн жилд хэд хэдэн орны утга зохиолын байгууллагуудтай хамтран ажиллах зорилго тавьж, захидал бичиж, харилцаж, янз бүрийн олон улсын хурал, арга хэмжээ, уулзалтуудад оролцсон. Үүний үр дүнд XX зуунд Монголын Зохиолчдын эвлэлийн хамгийн чухал харилцаатай байсан Ази, Африкийн зохиолчдын байгууллага гэж бий. Энэ байгууллагад бид гишүүн болсон. Манай таван уран бүтээлч Вьетнамд болсон томоохон арга хэмжээнд нь оролцсон байна. Эквадор, Колумб улсад болсон арга хэмжээнд нь мөн оролцсон. Жил бүхэн бид энэ арга хэмжээнүүдэд нь оролцох бүрэн эрх нээгдсэн. Ямар ч зохиолч оролцож болно. Олон улсын тийм арга хэмжээнд гишүүдээ оролцуулахад санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж чадахгүй ч бусад бүх талаар дэмжлэг үзүүлнэ. Ази, Африкийн зохиолчдын байгууллагын “Лотус” гээд сэтгүүл байдаг. Нэгэн цагт С.Удвал гуай энэ сэтгүүлийн алдартай шагналыг авч байсан. Энэ сэтгүүлд зохиолчдынхоо бүтээл туурвилыг хэвлүүлэхээр бэлдэж байна. Үүнээс гадна Хятад, Япон, Орос, Австрали зэрэг улсын зохиолчдын байгууллагатай харилцах, хамтарч ажиллах талаар ярилцсан зүйлс бас бий. Энэ талаар тайландаа нэлээд дэлгэрэнгүй дурдсан. Үүнээс гадна Монголын зохиолчдын нэг анхаарах зүйл бол бид жаахан томоор харах ёстой асуудал. Тэгэхээр эргээд л уншигч дээрээ очно. Хамгийн эхний асуудал бол бид 3 сая хүн амтай улсын зохиолчид. Гэтэл монгол хэлээр ярьдаг 10 сая хүн дэлхий дээр байна. Тиймээс бид 10 сая хүнтэй уран зохиолын зах зээл рүү зохиолчдынхоо бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавьсан. Үүний хүрээнд Буриадын Зохиолчдын эвлэлийн дэд тэргүүн, Халимагийн зохиолчдын байгууллагын тэргүүн, Халимагийн Ардын уран зохиолч зэрэг хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсон. Яаж бие бие рүүгээ зохиол бүтээлээ гаргаж, уншуулах вэ гэдэг талаар олон зүйл ярьж, цаашдаа бид нэгдсэн үйл ажиллагаа хийе гэж тохирсон. Үүний эхлэл болгож бид “Үндэсний уран зохиол” сэтгүүлийг Монгол туургатны сэтгүүл болгож гаргая гэсэн зорилго тавиад эхлүүлсэн. Гэтэл цаасан хэлбэрээр бол энэ сэтгүүл явахгүй юм билээ. 

Нэг дугаар гаргасан билүү? 

Тийм. Харин цахим хэлбэрээр сэтгүүлээ гаргах хэрэгтэй юм билээ. Цахим сэтгүүлээ монгол туургатнууддаа уншуулж, ядаж л зохиолчид маань дараа дараачийн хамтын ажиллагааны зүйл хийлээ гэхэд бие биенийхээ бүтээлийг мэддэг байх хэрэгтэй юм. Бие биенээ мэдэхгүй хүмүүс уулзаад юу ярихав дээ. Хэрвээ энэ цахим сэтгүүлээ гаргаад эхэлбэл, “Энэ хүн чинь тэр зохиолыг бичсэн хүн байна шүү дээ” гэж хардаг болно. Бидний ярих сэдэв, бие биенээ ойлгох нь нэмэгдэнэ. Тийм учраас Монгол туургатан зохиолчид маань нэгдмэл тийм орон зай руу нэг алхчих юмсан гэж эрмэлзэж, бодитой нэг алхам бол хийсэн гэж бодож байгаа шүү. 

Монголд зохиолчид нь уран зохиол уншигчдаасаа олон болсон гэж та дээр хэллээ. Үндэсний уран зохиолыг уншиж байгаа уншигчдын талаар юу хэлэх вэ? 

Одоо ерөөсөө уншигчдынхаа асуудлыг ярья аа гэдэг цөөхөн хүний нэг бол би. Зохиол бичдэг хүн Монголд хангалттай байна. Зохиолчдын эвлэлийн гишүүнээр маш олон хүн элсэж байна. Бид элсэхийг хүссэн хүн бүрийг элсүүлээд байдаггүй юм шүү дээ. Байгууллагын дүрмэнд тусгагдсан, шаардлага хангасан уран бүтээлчдийг элсүүлж байгаа. Гишүүдийн маань тоо нэмэгдээд байдаг, уншигчдын тоо цөөрөөд байна. Энэ бол маш том асуудал. 

Нэг үеийг бодвол хүмүүс ном уншиж байна гээд байгаа шүү дээ. Номын үзэсгэлэн, хямдралт худалдааг зорьж байгаа хүмүүс олон болоод байна уу гэж бодсон. Үгүй байх нь ээ? 

Бид бол нийт зохиолчдынхоо номын борлуултыг л барьж ярьж байгаа юм. Зохиолчид маань юу гэж байна гэхээр, “500 ном хэвлүүллээ, олигтой борлогдохгүй байна” гэдэг. “Хагас хугасыг нь борлууллаа” гэж тун цөөхөн хүн хэлж байна шүү. Тэгээд манай зохиолчид яадаг гэхээр номоо борлуулахад дэмжлэг үзүүлээч гэж бидэнд ханддаг. Гэтэл бид зохиолчдын номыг зарж өгөх гээд гүйгээд явах боломжгүй. Тийм учраас Зохиолчдын эвлэлийн байрандаа зохиолчдынхоо уран бүтээлийг борлуулдаг номын дэлгүүр нээе гэж зорьсон. Одоо гадуур номын дэлгүүрүүд зохиолчдын номын борлуулсан орлогын 30 хувийг авдаг. Тэгвэл бид 10 хувийг нь авдаг тийм номын дэлгүүр нээж ажиллуулъя гэсэн. Өнгөрсөн жил нэг компанитай хамтраад, манайхаас байр саваар хангаад, МЗЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн номыг зарсан орлогын 10 хувийг нь авна гэсэн нөхцөл тавьсан. Харамсалтай нь нөгөө тал ашигтай ажиллаж чадахгүй гэж үзсэн учраас гэрээгээ энэ зун цуцаллаа. Одоо бид өөрсдөө, ямар ч байсан МЗЭ өөрөө гардаад хийе гээд дэлгүүрийнхээ засварын ажлыг эхлүүлээд байна. Энэ бол нэг тал нь. Нөгөө тал нь юу гэхээр бид уншигчдыг татъя гээд хөдөө орон нутагт хандсан ажил цөөнгүй хийж байна. Улаанбаатарт МЗЭ байрладаг. Гэхдээ ийм нэг төвт биш олон төвт үйл ажиллагаа явуулж, уншигчдыг бий болгоё гэж “Уншигч-зохиолчдын уулзалт”-ыг өнгөрсөн дөрвөн жилд 10 гаруй аймагт хийлээ. Тухай бүрт нь ном хандивлаж, зохиолчдыг биечлэн уулзуулж, яриа хөөрөөг нь сонсголоо. Дээр нь бид салбар зөвлөлөө Америкт, Европт байгуулсан. Үүний цаад зорилго бол тэнд байгаа зохиолчдынхоо эрхийг хамгаалах, дуу хоолойг нь нэгтгэх зорилго тавьж байгаагаас гадна тэнд байгаа хэдэн арван мянган уншигчдаа монгол уран зохиолоос нь холдуулахгүй байхыг зорьсон. Тэнд бас “Уран үгсийн чуулган”, “Уншигч-Зохиолчдын улзалт” хийдэг. Энэ бодлого, үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх нь чухал. Гол нь бид уран зохиолын тогтвортой сайн уншигчидтай байвал, зохиолчдод маань боломж нээгдэх юм даа. 

Манайхан уран зохиол уншихдаа гадаадын уран зохиолыг түлхүү уншиж байгаа байх. Дэлхийн уран зохиолын хөгжлийн чиг хандлагын талаар судлаач хүний хувьд юу хэлэх вэ? 

Дэлхийн уран зохиолын ерөнхий байр байдлыг харахад нэн тэргүүнд уран зохиолд авъяасаа сорьдог залуу хүмүүс цөөрсөн. Тийм учраас тэр чиглэлийн идэвхжлийг бий болгохын тулд элдэв сан байгуулах, сургалт хөтөлбөрүүд зарлах ажлууд хийгдэж байгаа. Харин гадаад орчинд дунд нь ороод, өөрийн нүдээр үзээд явж байхад юу харагдаж байна вэ гэхээр уншигчид маш идэвхтэй байна. Уншигчдын клубууд зохиолчдын клубуудээс илүү идэвхтэй ажиллаж байна. Уншсан номоо ярьж, хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр гурван орны уран зохиолын амьдралаас харахад ийм зүйл анзаарсан. Ерөнхийдөө уран зохиолын чиг хандлага гээд ярихаар бид энд “Тэр ч модернист, энэ ч постмодерн” гээд түүнийхээ ч учрыг олохгүй эргэлдэж байхад уран зохиолын онолын сэтгэлгээ, хөгжлийн чиг хандлага бол өөрчлөгдөөд л байна. Манайд одоо постмодернизмын тухай толгойтой бүхэн ярьдаг боллоо. Гэтэл өрнөдөд бол уран зохиол нь өндөр хөгжсөн орнууд постмодернизмын төсгөлийг зарлачихлаа. Эргээд харин постмодернизмын дараа юу байх вэ гэдэг зүйл яригдаж байна. Мөн уран зохиолын академик чиг хандлага бол нурчихлаа. Нэг ёсондоо сонгодог уран зохиолын суурь ойлголт, үнэ цэн хэтэрхий алдагдлаа гэдэг ч юм уу. Ийм үзэл хандлагууд их гарч байна. Үүний зэрэгцээ даяарчлалтай холбоотойгоор, бага буурай улс үндэстнүүдийн соёл барууны соёл уран зохиолын нөлөөнд автаж, үндэсний хосгүй нандин чанаруудаа гээж эхэллээ гэж байна. Ингээд яриад байхаар энэ бол их том сэдэв учраас дуусашгүй. 

Уран зохиол оролдоод дэмий гэдэг ч юм уу зүйлсийг залуу хүмүүст зөвлөх үзэгдэл хаа сайгүй байна. Манайд ч уран зохиолын бус урлагийн төрөл зүйлүүдээр оролдох хэрэгтэй гэж хэлж байгаа хүн цөөнгүй таарсан. Гадны нэр хүндтэй уран бүтээлчид ч залуучуудад тэгж зөвлөсөн байх тохиолдол байна. Залуу хүмүүс болон уран зохиолын салбарын хамаарал нь юу вэ. Одоо цагт энэ хамаарлыг ямар байдлаар харах ёстой юм бол? 

Аливаа салбарт өөрийн итгэл үнэмшлээ тээн орж ирж байгаа шинэ үеийнхэн үгүй бол тэр салбар мөхөл рүүгээ л явж байгаа хэрэг. Монголын уран зохиолд харин залуус идэвхтэй байна. Энэ бол магадгүй манай том давуу тал. Мэдээж энэ дундаас бүтээл туурвилаа тууштай хийж явах нь ч байна, сонирхоод өнгөрөх нь ч байна. Манайд бол залуус олон арваараа зохиол бүтээлээ бичиж байгаад таатай байдгийг дахин хэлэх байна.Ер нь дэлхий дахинд залуус уран зохиол бичихээ больсон гэдэг нь маш олон зүйлээс харагдаж байгаа. Олон улсын томоохон өндөр шагналтай уралдаан болдог. Энэ дээр голдуу нас тогтсон хүмүүс оролцдог түгээмэл байдал бий болоод удаж байна. Хөгжилтэй орнуудын залуус уран зохиол гэхээс илүү орчин үеийн зүйлс рүү хошуурч байгаа юм. Энэ байдал нь зөвхөн тэдгээр улс орнуудаар хязгаарлагдахгүй бидний яриад байгаа 10 сая монгол хэлтэн буюу Буриад, Халимагт бодитой болчихсон. Буриад, Халимагт монгол хэлээрээ зохиол бүтээл туурвих хүн ховордчихож. Тэд өөрсдөө үүн дээр их эмзэглэдэг юм билээ. Аргагүй шүү дээ, залуус нь эх хэлнээсээ тэгж хөндийрч байна гэдэг эмзэглүүштэй. 

Зохиолчдын эвлэлийн байгууллага залуу уран бүтээлчиддээ өнгөрсөн жилүүдэд ямар дэмжлэг үзүүлэв?

Уран зохиолын ертөнцөд өөрсдийгөө илэрхийлэх, уран зохиолд тууштай байхыг нь дэмжинэ гэдэг Зохиолчдын эвлэлийн бодлогын нэг хэсэг байсаар ирсэн. Өнгөрсөн жилийн судалгаагаар МЗЭ-ийн гишүүдийн дундаж нас 63 байсан. Харин миний тэргүүлсэн Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр элссэн шинэ гишүүдийн дундаж насыг гаргаж ирэхэд 40 орчим болж байгаа юм. Тэгэхээр энэ бол залуусаараа цус сэлбэх, хүч нэмэгдүүлэх, тэдэнд тодорхой арга хэмжээнүүдэд оролцох, өөрсдийн бүтээл туурвилыг үнэлүүлэх тэр замыг нээж өгч байгаа хэрэг. Хоёрдугаарт нь залуус маань сайн дураараа олон зүйл хийдэг. Яруу найргийн уншлагууд, уулзалтууд гэх мэт. Тэр бүгд дээр нь МЗЭ-ийн зүгээс бүхий л бололцоогоороо дэмжиж оролцдог. Мөн Зохиолчдын эвлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын ажлын хүрээнд залуучуудыг оролцуулах, тэдний идэвхтэй байдлыг бий болгох үүднээс залуусаа бас нэлээд татаж оролцуулж байна. Цаашид залуус маань энэ байгууллагынхаа шинэчлэлийн төлөө ажиллах шаардлага байгаа. Тэр бүх замыг нь бид нээж өгөөд байх ёстой юм. Залуустаа бол ийм л зүйл хэлэх байна. Түүнээс биш ном зохиолыг нь хэвлэж өгөөд байх бололцоо МЗЭ-д байхгүй. МЗЭ зөв зам руугаа явъя гэвэл тэр байдлаас ч бас татгалзах хэрэгтэй юм. Энд бол зөвхөн оролцоо, дэмжлэгийн асуудал яригдах учиртай. Залуусын оролцоо, дуу хоолойг бид дэмжинэ. Харин 2018 оноос Горькийн Утга зохиолын дээд сургуульд уран зохиолын орчуулагчаар 5 хүн сургахаар болсон. 2019 оноос бусад төрлүүдээр хүмүүс сургахаар ярилцаж байгаа. Энэ ажлыг Удирдах зөвлөлийн гишүүн, Орчуулагчдын холбооны ерөнхийлөгч О.Чинбаяр санаачлан хэрэгжүүлэх юм. 

Залуу зохиолчдын талаар нэлээд зүйл ярилаа. 90 шахам жилийн түүхтэй байгууллагын 800 гаруй гишүүд дунд олон ахмад зохиолч бий. Тэдэнд хандсан ямар бодлого, үйл ажиллагаа явуулав? 

Энэ маш чухал асуудал. Манай ахмад зохиолчид маань зохиол бүтээлээ бичиж байна. Бичсэн зохиол бүтээлүүд нь уран зохиолын зах зээл дээр амьдарч байна. Тийм учраас тэднийхээ уран бүтээлийг нь сурталчлах, уран зохиолын амьдралд идэвхтэй байх тэр боломж бололцоог нь бүрдүүлэх үүднээс янз бүрийн уулзалт, уран зохиол уншигчдыг татах үйл ажиллагаануудад идэвхтэй оролцуулдаг. Ер нь манай ахмад зохиолчид ч бүхий л арга хэмжээнд идэвхтэй байдаг.

Сүүлийн үед төр болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны талаар их ярих болжээ. Мэргэжлийн олон зохиолчийг эгнээндээ багтаасан энэ байгууллага төртэй хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ? 

Ний нуугүй хэлэхэд МЗЭ одоо бол төр, Засагтайгаа шагналаар л хамтарч ажиллаж байна. Гишүүдээ шагналд тодорхойлдог. Олон зохиолчийг бид шагналд тодорхойлж байна. Засаг өгөх бол бид хаагаад яахав. Уг нь бол бид өнөөдөр төртэй хамтран ажиллана гэж гүйх биш, төрийн бодлогын нэг чухал хэсэг эх хэл, үндэсний соёлтойгоо уялдаж утга зохиолын салбарыг дэмжих, ялангуяа үндэсний уран зохиолын өвийг хамгаалахад төр ажиллах ёстой. Харамсалтай нь Монголын төр үүн дээр ажилладаггүй юм. МЗЭ бол Үндэсний уран зохиолыг хөгжүүлэх хөтөлбөр гэх мэт олон бичиг баримт дээр гишүүдийнхээ саналыг авч боловсруулаад өгчихсөн юм бол байгаа. Ер нь бол Төрд үндэснийхээ уран зохиолыг дэмжих хөтөлбөр, сангууд байдаг бол бидний зүгээс тэр шаардлагад нь нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулж, төртэй хамтран ажиллах бололцоо бий. 

МЗЭ-ээс олгодог шагналуудын талаар юу хэлэх вэ? 

Энэ мөн л хэцүү асуудал. Шагнал үнэхээр хавтгайрлаа. Удирдах зөвлөлийн даргын хувиар үүнийг хазаарлах гэж их ч үзлээ. Гэвч эрэлт хэрэгцээ хүсэл шаардлага нь их байдаг учраас МЗЭ-ийн Үндэсний төвүүд уран бүтээлчдийг шагная гэсэн хүсэлт оруулж ирдэг. Хамтын удирдлагын шийдвэрээр цөөнгүй зохиолч шагнагдлаа. Үүнийгээ зөвтгөдөг ганц л тайлбар манай нөхдөд байдаг юм. Бид хэдэн зохиолчдоо олигтой дэмжиж чадахгүй байгаа юм чинь урам зориг өгөх үүднээс шагнал дээр гар татаад яахав дээ л гэдэг. Байгууллагын зүгээс ингэж шагнаж байна. Гэхдээ үнэхээр тэдгээр шагнал авч буй зохиолчид маань уран зохиолын түүхэнд өөр өөрсдийн уран бүтээлээрээ л үлдэнэ шүү дээ. Байгууллагын зүгээс бол уран бүтээлчдэдээ авах гэсэн эрмэлзлэл бүхий тэр шагналд нь өгөөмөр хандъя л гэдэг юм. Хувь хүнийхээ үүднээс бол шагналуудаас зохиолчид маань татгалзаасай. Хамгийн том шагнал бол өөртөө итгэл төгс бүхий бүтээл туурвих гэж би боддог юм. Хэрвээ зохиолч хүн нэг сайн роман, сайн шүлгийн ном гаргаж чадвал тэр нь ямар ч шагналаар орлуулашгүй шагнал. Уран зохиолын ай сав жинхэнэ бүтээл туурвилыг уран бүтээлчтэй нь гаргаад ирнэ. Он цаг л жинхэнэ авъяастныг шагнах байх гэж боддог. 

Өнгөрсөн хоёр гурван жилд Монголын уран зохиолыг үндэслэгч томоохон уран бүтээлчдийн тэгш ойнууд боллоо. Ой тэмдэглэх тал дээр МЗЭ ямар байдлаар ажилладаг вэ? 

Ер нь бол энэ дэлхий дээр байгаа уран зохиолын байгууллага, нэгдэл, клубуудээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаараа бол МЗЭ дээгүүр орно. Би бол бараг тэргүүлэх байх гэж боддог юм. Гадны уран зохиолын байгууллагуудын үйл ажиллагааг харахад нийгэм рүү бол айхтар чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Хийлээ гэхэд жилд даацтай ганц хоёр ажил хийдэг. Төсвийн байгууллага, аж ахуйн нэгж шиг учиргүй олон юм хийгээд байдаггүй юм билээ. Гол үйл ажиллагаа нь бол зохиолчдынх нь өөрсдийн тэр нэгдмэл байдал, чөлөөт цагаа тэр дуртай юмаа хийж, санал бодлоо солилцож, нэг нэгэндээ хамт олон болоход зохиолчдын байгууллагын ач холбогдол нь оршдог юм билээ. Нэг ёсондоо уран зохиолын ижил сонирхолтой зохиолчид нэг клубт харъяалагдаж, сонирхолтой тэр зүйлээрээ нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлнэ гэдэг тэр байгууллага үүргээ биелүүлж л яваа хэрэг. Гэтэл манайх чинь маш олон юм хийдэг. Аргагүй, 90 жилийн түүхтэй, үндэсний маш олон зохиолчдыг эгнээндээ багтааж байсан байгууллага учраас эдгээр хүмүүсийн насны ой болоход МЗЭ оролцохоос арга байдаггүй. Цаашдаа гэхдээ нэг зүйл дээр анхаармаар юм билээ. Манай улсад ямарваа нэгэн ой тэмдэглэхийг шоу болгочихсон. Бөх барилдуулна, морь уралдуулна, нэг их том зааланд хүлээн авалт хийнэ, аяга тавган дээр нэр ус бичиж, дүрс зураг гаргаж хэвлэнэ. Маш их мөнгө үрсэн, цаг үрсэн ажил хийдэг. Нарийндаа иймэрхүү зүйлс бол ач холбогдол багатай шүү дээ. Харин социализмын үед МЗЭ томоохон зохиолчдынхоо ойг тэмдэглэхдээ “Утга зохиол урлаг” сониндоо хүндэтгэлийн танилцуулга гаргаад, зохиол бүтээлээс нь дээжилж оруулаад л болчихдог байсан. Тэр үед бол ийм нүсэр юм хийж байсангүй. Одоо тэгсэн энэ ойн үйл ажиллагаанууд биднийг зовоодог байхгүй юу. Тэр алдартай хүний ой болж байхад танайх яагаад юм хийхгүй байгаа юм гэдэг. Бидэнд төсөв байхгүй. Яг энэ зах зээлийн нийгэмд гээд ярьвал бидэнд тийм юм хийх шаардлага байхгүй. Ой баяр, дайллага хийсэнгүй гэдэг үг цаанаа “Та нар хүнд хоол өгсөнгүй” гэж байгаа юм. Энэ бол уран зохиолын бус ажил хийхийг Зохиолчдын эвлэлээс шаардаж байна гэсэн үг. Зохиолчийн ойд зориулж наадам хийсэнгүй гэдэг бол мөн л уран зохиолын бус нүсэр зардалтай юмыг бидэнд тулгаж байна л гэсэн үг. Иймэрхүү зүйлсийг зарим хүмүүс их тавьдаг юм. Гэтэл энэ байгууллага чинь өөрийн гэсэн санхүүгийн чадамж нь хэмжээтэй, энд ажиллаж байгаа хүмүүс чинь бас цаг хугацаа, ажиллах боломж нь хэмжээ хязгаартай. Харамсалтай нь ингэ тэг гэсэн хүмүүст Зохиолчдын эвлэл маань дугтруулаад л байдаг. Мэдээж бид томоохон зохиолчдынхоо ойг ямар нэг хэмжээгээр тэмдэглэдэг. Цаашдаа харин энэ тал дээр журам гаргаад, ойн арга хэмжээнд МЗЭ-ийн оролцоо ийм байна гээд явах учиртай. Хэн нэгэн томоохон зохиолчийн ой боллоо гэхэд зөвхөн уран бүтээл рүү нь чиглэсэн, танилцуулга хийх сонин сэтгүүл, мэдээллйин орчинд мдэээллэх ийм хэмжээнд ажиллах хэрэгтэй. Дээр нь их дээд сургуулийн эрдэмтэн багш нартай хамтраад эрдэм шинжилгээний хурал хийж болно. Тиймэрхүү эрдэмлэг юм хийж заншмаар байгаа юм. Тэгэхгүй бол энэ олон ой бол МЗЭ-д ачаа болж байна. Дөрвөн жил Удирдах зөвлөлийн даргаар ажилласан миний тайлан бол хоёр хэсэгтэй байгаа. Нэгдүгээрт, хөтөлбөрийн дагуу хийгдсэн ажил. “Уламжлал шинэчлэл” хөтөлбөрийн дагуу хийсэн ажлаа тайлагнах нь байна. Хоёрдугаарт нь Хөтөлбөрөөс гадуур хийгдсэн ажлууд. Тэр нь бол шороон түмэн юм болно. Ингээд бодохоор ийм тийм ой тэмдэглэх, ийм хөшөө, номын баярт оролцох гээд есөн бусын ажилтай. Үндсэн үүрэгт байхгүй ийм олон ажил хийгээд байхаар цаг наргүй байдаг учраас МЗЭ энэ дэлхий дээр байгаа уран зохиолын байгууллагын магнайд нь яваа гэдэгт эргэлздэггүй. Бид энэ байгууллагаа орчин үеийн байгууллага болгох үүднээс яг тодорхой зүйлүүдийг хийх, болж өгвөл сонин, сэтгүүл гээд хоёр ажил хийж байснаас ганц сэтгүүл гаргадаг ч юм уу явж болно. Өнөөдөр дэлхий дээр сонин хийгээд зарж байгаа уран зохиолын байгууллага гэж алга. Гишүүдийнхээ бүтээл туурвилыг нийтэд сурталчлах үүднээс цахим сайт ажиллуулах, дээр нь сэтгүүл гаргаж, түүгээрээ бас санхүүжилтээ нэмэр болох ч юм уу байдлаар ажиллаж байна. Манай энэ сонин сэтгүүл бол санхүүгийн нэмэр биш, дарамт болдог. Үүнээс бид зоригтой л татгалзах хэрэгтэй. Тэгээд сонин сэтгүүлээ гаргахаа больчихлоо гэхэд, “Энэ муу юмнууд хайран сайхан юмыг устгалаа” гээд дайраад унана. Энэ бүх юмнаас манай удирдах зөвлөлийн гишүүд их айдаг. Би бол шуудхан үүнийг болиулъя гэхэд, “За даа, чиний нэр хүндэд ч халтай, энэ хүмүүст ч таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Шинэчлэлийг жаахан алгуур хийх хэрэгтэй” гэж зөвлөдөг л дөө. Тэгэхээр миний хувьд яг энэ хоёрын дундуур нь зарим юмыг бас санасандаа хүртэл хийж чадахгүй, бас тийм шаардлага хангахгүй бурангуй зүйлүүдийг больчих гэхээр чадахгүй ингээд л дөрвөн жил боллоо доо. 

“Утгын чимэг”, “Болор цом”-ыг шинэчлэх шаардлага бий гэж та олонтоо хэлж байсан. Өнгөрсөн дөрвөн жилд үүнийг хангалттай хийж чадсангүй. Тийм үү? 

Чадсангүй. Хэцүү байдаг юм байна. Хүмүүсийн итгэл үнэмшилийг төрүүлчихсэн зүйлийг байхгүй болгочих хэцүү. Тэр арга хэмжээнүүд нь сууриараа өөрөө гажчихсан зүйл учраас сайн зохион байгуулах боломжгүй. “Болор цом” болно тэргүүн шүлэг янз бүрийн байдлаар хүмүүст таалагдахгүй. Ер нь өнгөрсөн хэдэн жил шүүмжлэл дагуулсан тэр хэдэн шүлэг бус ер нь гуч гаруй жилийн түүхтэй энэ “Болор цом”-ын шүлгүүд утгагүй шүү дээ. Манай олон сайхан яруу найрагчид “Болор цом” авсан. Их л муу шүлгээрээ аваад байдаг юм. Тэгэхээр яруу найргийг уралдаан тэмцээний хэлбэрт оруулна гэдэг сууриараа буруу учраас засагдахгүй. Үүнийг шинэчлэх ганц арга нь уралдаан биш, тодорхой хэдэн яруу найрагчдыг уриад уншлага болгочихмоор л байсан юм. Миний санаа бол тийм л байсан. “Болор цом”-ыг нь “Болор үдэш” гэдэг ч юм уу нэрлэсэн ч болохгүй зүйлгүй. Харамсалтай нь үүнийг хамтын удирдлагын систем, манай удирдах зөвлөлийн бусад гишүүд маань дэмжих нь ч байна, дэмжихгүй нь ч байна. Олонх нь бол уламжлалаар нь байлга гэлээ. Тэгэхээр би хувийн компани шигээ дур мэдэн өөрчилж болохгүй. Яагаад гэвэл энэ хамтын удирдлага. Заавал миний зөв байх албагүй. Миний зөв байсан ч олон нийтийнхээ хүсэл зорилгод нийцэх ёстой. Би өөрийн хувийн үзэл санаа, уран бүтээл дээр бол бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй, өөрийнхөөрөө явъя. Энэ байгууллага, энэ эрх ашгаа нэгтгэчихсэн газарт бол дургүй байсан ч бид нэг зүг рүү харах ёстой. Тэр соёлд бид суралцах ёстой гэж хэлье.

Эх сурвалж: МЗЭ-ийн ЦОГ сэтгүүл. 2017 он №3 (325)