А.Болормаа: Эстрадын урлагийг сонгосон болохоор хоолойгоо бараг албаар эвдсэн дээ

Ярилцлага / Time Admin
2017 оны 10 сарын 14

ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, дэд ахлагч А.Болормаатай ярилцлаа.

Таны дуулахыг сонсож байхад ийм жаахан биеэс яаж тийм хүчтэй хоолой гардаг юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог. Таны хоолойны тембэр хүчтэй, ховорт тооцогддог уу?

-Эмэгтэй дуучдын хоолойг ерөнхийд нь альто, мэццо сопрано, сопрано, нарийн сопрано гэж ангилдаг. Минийх сопрано буюу нарийн сопрано. Үүн дээрээ хархирах техник ашиглаж дуулдаг болохоор танд хүчтэй сонсогдож байгаа хэрэг.

Ер нь эстрадын дуучид дунд энэ техникийг ашигладаг дуучин олон байдаг. СУИС-д анх ороход миний хоолойг нарийн сопрано гэж тодорхойлсон. Жиргэдэг сопрано ч гэж ярьдаг. Одоо бол тэр хэмжээнд хүрдэггүй. Дуурийн дуучнаар явсан бол тэр хоолойгоо тогтоох л байсан байх. Эстрадын урлагийг сонгосон болохоор хоолойгоо бараг албаар эвдсэн дээ.

Монголчууд хоолойны цар хүрээ төрсөн нутаг устай холбоотой гэж үздэг. Дундговийг дуу хуурын өлгий нутаг гэх зэргээр, бараг л нотолчихсон зүйл. Та аль нутгийнх вэ?

-Аав маань Төв аймаг, ээж маань Өвөрхангай аймагт төрсөн. Таны хэлсэнтэй санал нэгдэнэ. Гэхдээ бас заавал тийм байх ч албагүй. Зарим хүмүүс удам дагадаг ч гэж ярьцгаадаг. Манай удамд мэргэжлийн дуучин байхгүй ч аав ээж хоёрт маань олны нэрлэдэгээр орцны дуучин гитарчин явсан залуу цагийн дурсамж бий. Би багадаа ч нэг их дуулдаг байгаагүй. Долоодугаар ангидаа сургуулийн найрал дууны хэсэгт санамсаргүй багтсан. Тэнд дуулж байхад дуу хөгжмийн багш маань “олж авсан” гэх үү дээ. Тэгээд л дуулж эхэлсэн, бас ёочин, төгөлдөр хуур тоглож сурсан. Аравдугаар ангидаа Дуурийн театрт “Дуун жигүүртэй сурагч нас” нэртэй бие даасан тоглолтоо хийж байлаа.

Тэр багшийн сонсгол агуу байж. Тэр олон хүүхэд дундаас олоод сонсчихдог ...

-Сонсгол сайтай охин байна гээд шалгаад хөгжим тоглохыг хүртэл заасан. Нийслэлийн 67 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Дорж гэж мундаг хүний шавьдаа би. Тэмцээн уралдаанд бэлдэж оруулна. Шавь нараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн ховорхон багш.

Тэгвэл сонгох мэргэжил нь тодорхой болчихсон байж ...

-Тайлан тоглолтыг маань АЖ Г.Хайдав багш ирж үзсэн юм. Тоглолтын дараа “Хэрвээ дуурийн дуучин болох хүсэлтэй бол хүрээд ирээрэй” гэсэн. Гэхдээ миний сонирхол, мөрөөдөл биш байсан учраас эстрадын дуу дуулаачийн ангид шалгалт өгч орсон. АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Д.Ганхуяг багшийн шавь.

Төгсөөд яав?

-“Acapella”, “Нөлөө” хамтлагт дуучнаар ажилласан. Цэргийн чуулгадаа маш санамсаргүй байдлаар орсон түүхтэй. Ангийн маань найз Түвшинжаргал манай чуулга эстрадын дуучингүй байгаа. Чи шалгуулаад үзээч гэж хэлсэн. Тухайн үед Зэвсэгт хүчинд урлагийн байгууллага байдаг гэдгийг ч мэддэггүй явлаа шүү дээ. Хаа нэг тоглолтын үеэр цэргийн хүмүүстэй таарна. Жигтэйхэн сүрлэг харагддаг. Энэ төдийхнөөр л мэддэг.Тухайн үед ээж маань намайг “Universe best songs” тэмцээнд ор гэж их гуйдаг байсан. Тэр үед би “Тэмцээнд орохгүй ээ, харин ЦДБЭЧ-д шалгалт өгч үзье” гэхэд ээж маань их баярлаж билээ. Аль нь дээр вэ гэдгийг миний ээж мэдэж байсан болохоор ахиж надад тэмцээний тухай дурсаагүй. Тэгээд л эргэлт буцалтгүй шийдэж энэ их айлын босгыг алхсан даа.

Босго өндөр газар шүү дээ?

-Хэд хэдэн шалгуур давж байж, чуулгаар овоглох эрхтэй болсон. Тавантолгой, хөдөө орон нутгийн анги, байгууллага гээд олон газар дуулуулаад л. Тодорхой шийд өгөхгүй байгаад л байсан. Ядаж байхад намхан гэж гологдоод. Гэхдээ ажилд ор гэсэн мэдээ сонсоод их баярласан. Эхэндээ ч цэргийн байгууллага чинь ямар хэцүү байдаг юм бэ гэж шантрах үе олон. “Ёстой бүтэхгүй газар” юм байна гэж бодож байлаа шүү дээ.

Хамгийн таалагдсан бас таалагдаагүй зүйл юу байв?

-Хөдөө гадаа, хүйтэн сэрүүн гэлтгүй хаана л бол хаана тоглолтоо хийнэ. Таалагдаагүй гэхээсээ илүү хэцүү байсан. Хамгийн сайхан нь хамт олон. Зааж зөвлөж, түшиж тулах хүмүүс дэргэд байхад ямар ч бэрхшээлийг даваад гардаг юм билээ.

Таныг чуулгад бас нэгэн өөр өнгө төрх нэмсэн гэдэгтэй үзэгч, уншигчид санал нийлэх байх? Ялангуяа Чингис хаан хамтлагийн “Чингисийн баатрууд” дуу...

-Баярлалаа. Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын тоглолтод анх дуулсан. “Ком-див” хамтлаг маань дөнгөж байгуулагдчихсан байсан үе. Хэдүүлээ ярилцаж байгаад сонгосон.
Хоолойны чадал их шаардсан дуу байх аа. Дуулахыг чинь сонсоход тэгж мэдрэгддэг...

-“Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан ахын дуулсан өнгийг өөрчилж өөрийн хоолойд тохируулж дуулсан. Ер нь эрэгтэй хүний дуулсан дууг эмэгтэй хүн дуулна гэдэг хэцүү л дээ. Тэр хүний дуугаараа, дуулж байгаагаараа илэрхийлдэг баатарлаг хүчирхэг зан чанарыг гаргах гэж чадлаараа хичээсэн. Миний хоолойгоо шахаж дуулах арга маань их нэмэр болсон гэж боддог. Мэдээж хоолойны чадал шаардалгүй яахав.

“Нэгэн учрал” дууны тухайд, сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Чуулгад ирээд дуулсан, минийх гэж өмчлөх анхны дуу. МУГЖ Ц.Чулуунбатын хөгжим, СТА, хошууч Р.Өнөржаргалын шүлгээр бүтсэн энэ дуундаа их хайртай. Ер нь эстрад талдаа цэргийн уран бүтээл ховор. Одоо “Тэнгэрийн жагсаал” гэдэг шинэ дуун дээр ажиллаж байна. Шинэ дуу, цаашлаад цомог гаргах гээд бодсон зорьсон зүйл их бий.

Сонсох дуртай дуучин, аялах дуртай дуу гэвэл...

-Дуучин Бионсегийн дууг сонсох, дуулах дуртай. Ер нь урын сандаа 20-иод гадаад дуутай.

Хоолойгоо гамнана гэдэг чухал зүйл байх?

-Тэгэлгүй яахав. Даарч хөрөхгүй, хоолойгоо өвтгөхгүй, сайн унтаж, амрах гээд л. Гэхдээ бид чинь цэргийн гэсэн тодотголтой, онцлогтой болохоор тоглолттой үед “мэдлээ гүйцэтгэе” л гэнэ шүү дээ. Ер нь их эршүүд болчихдог юм шиг байгаа юм.

Хөдөө орон нутагт тоглолтоор их явсан уу?

-Ажилд орсон эхний жилээ монгол орноо бараг л тойрсон шүү. Одоо ч ялгаагүй дээ. Хөдөө, орон нутгийн анги байгууллага, иргэдэд тоглолтоо өргөн барих нь манай чуулгын томоохон зорилт гэж хэлж болно.

Цэргийн гэж “овоглох” ямар санагдаж байв?

-Мэдээж сайхан. Дүрэмт хувцсаа цэмбийтэл өмсчихөөд алхах ч бас бахадмаар шүү дээ. Үүний зэрэгцээ нэр төр, үүрэг хариуцлага чухал. Дэд ахлагч болоод жил гаруй болж байна. Суралцаж л явна даа.
Нэг удаа тоглолтыг чинь үзэж байтал миний ард үүдний ойролцоо зогсож байсан хижээл насны ах өөрийг чинь дотроо дагаж дуулж байгаа нь бүр илт. Дуулж дуусмагц санаа нь амарсан шинжтэй гараад явчихсан. Хожим мэдэх нь ээ таны аав байсан ...

-Эвий дээ. Аав, ээж хоёр маань миний “улаан фэн” шүү дээ. Үргэлж санаа зовно, халамж анхаарал тавина, зааж зөвлөнө. Миний аав Д.Амарсайхан гүүрэн-кранист мэргэжилтэй. Ээжийг маань С.Наранхүү гэдэг. Гар хивсчин. Социализмын үеийн мэргэжилтнүүд юм даа. Ар талын бүх л асуудлыг минь зохицуулдаг.

Хугацаат цэргийн алба хаагчид таны тоглолтыг маш сайн хүлээж авч байгаа нь анзаарагддаг. Хуучин цагт бол захидлаар булах байсан байх?

-Үзэгчдийн энерги, алга ташилт уран бүтээлчид хамгийн том шагнал, урам байдаг. Үзэгчдээ мэдэрч дуулна гэдэг дуучин хүний хувьд хамгийн чухал чанар. Урмын үг их сонсдог, энэ л уран бүтээлчийн аз жаргал шүү дээ.

Тайзнаа алдах тохиолдол гардаг уу?

-Байлгүй яахав. Үгээ мартчихна. Санаанд орсноороо зохиогоод дуулж аргална. Ямар мартчихлаа гээд зогсоод байлтай биш. Саяхан “Нэгэн учрал” дуугаа дуулж байхдаа “Тэр нэгэн өдөр утсаар чамтай танилцаад Дэндүү дотно үгийг чинь зөндөө удаан сонсож дасаад ... гээд л мартчихсан “Сэтгэл дотроо чамайг хүлээх болсон” гэдэг үг нь орж ирдэггүй “Сэтгэл дотроо сайхан амьдарч байсан” гээд л аваад хаясан.

Дуучныг дахиулах гэж алга нижигнүүлэх мөч?

-Омогшил бахархал зэрэгцээд, хамгийн гоё мөч.

Зан чанарын хувьд эршүүд, хатуу талдаа байж л “манай хүн” болж чадсан байх?

-Санал нийлнэ. Одоо бол хэрийн юманд унжийгаад байхгүй.

Хувцас гоёлын тухай сонирхуулбал. Бас л этгээд талдаа харагддаг шүү?

-Өөртөө зохисон өвөрмөц хувцаслах дуртай. Тоглолтын хувцсандаа тохируулж ээмэг зүүлтнээс эхлээд гоёл чимэглэлийн зүйлс худалдаж авдаг. Гоёл чимэглэлийн зүйлс цуглуулах сонирхолтой. Дуулж байгаа дуу болон дуулалтаас минь шалтгаалж өмсөх хувцсаа тохируулах хэрэгтэй болдог. Өвөрмөц этгээд хувцаслах дуртай ч цэргийн урлагийн байгууллага болохоор тэгж хувцаслах боломж бараг л байхгүй. Бүх зүйл дүрэм журамтай болохоор. Ер нь урлагийнхан тэр дундаа цэргийн урлагийн хүмүүс бид чинь ямар байхаас шалтгаалж байгууллагын маань нэр хүнд ч тодорхой хэмжээгээр гарна шүү дээ.

Дуучин болоогүй бол?

-Огт тэгж бодож байгаагүй. Дуулахаас өөр зүйл олигтой хийж чадахгүй байх аа. Гэхдээ ээжийгээ дагаж оёдлын машинаар ойр зуурын зүйл оёж сурсан. Гараар оёж шидэхдээ ч сайн. Хувцасны загвар гаргах сонирхолтой болсон.

Таны нэг өдөр голчлон яаж өнгөрдөг вэ?

-Ажилдаа ирээд нэгдэнэ. За тэгээд дасгал сургуулилт, тоглолт, байгууллагын дотоод ажил гээд л ажлын цаг өнгөрдөг. Тараад хүүхдээ сургуулиас нь авна. Хувийн болон ажлын тоглолттой бол явна. Иймэрхүү л маягтай өнгөрдөг дөө. Энэ дашрамд хамт олондоо удахгүй тохиох ЦДБЭЧ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: "Соёмбо", сонин, хошууч Х.ГАНЗУЛ