Ө.Энхтүвшин Шадар сайд болно

Улс төр / Time Admin
2017 оны 10 сарын 12

ө.энхтүвшин зурган илэрцүүд

Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхээр өчигдрийн байдлаар 11 сайдын нэрийг МАН-ын удирдлагууд зарлаад байв. Харин Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад хэн хэнийг дэвшүүлэхээ Ерөнхий сайд намынхантайгаа тохиролцож чадаагүй юм.

Тэгвэл өнөөдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайдад Ө.Энхтүвшинг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг дэвшүүлжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар нэр дэвшигчдийг 100 хувь дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал хүргүүлж байна. 

Ингэснээр маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг батламжлах юм.

Ө.Энхтүвшин намтар

Ө.Энхтүвшин 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор.

Тэрбээр 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1990-1995 онд “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга, 1996-1997 онд “Yнэн” сонины ерөнхий эрхлэгч, 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргаар тус тус ажиллаж байв.

Ө.Энхтүвшин 2000-2004, 2006-2008, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг тус тус хашжээ.

Тэрбээр  2012 Улсын Их Хурлын оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012 оноос Монгол Ардын Намын даргаар сонгогдон ажиллаж байна.

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан. Англи, орос хэлтэй.