ХСИС-ийн сонсогчид дээрмийн гэмт хэрэг илрүүллээ

Нийгэм / Admin
2017 оны 10 сарын 12

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс БХИС, ХСИС, ИЗИС-иудтай хамтран “ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ хүрээнд Нарантуул ОУХТөвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чөдөрпүрэв, Батлан хамгаалахын Их сургуулийн оюутан М.Амартүвшин, Л.Ганбат, М.Бат-Очир нар автомашинаас эд зүйл бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлж байсан юм.

Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр “Баянбүрд” зочид буудлын урд явж байсан Хөвсгөл аймагт оршин суух Б.Б-ийн гар утсыг Төв аймгийн харьяат Ш, Баянзүрх дүүргийн харьяат Т нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж дээрэмджээ. Тухайн этгээдүүдийг Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 351-р дамжааны сонсогч, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр, сонсогч Т.Рэнцэнбадам нар шуурхай илрүүлэн харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.