Увс аймагт 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр баригдаж байна

Орон нутаг / Time Admin
7 өдрийн өмнө

Өнгөрсөн зургаадугаар сард Увс аймгийн Тариалан суманд 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр баригдаж эхэлсэн билээ. Барилгын ажил 11 сарын хугацаанд үргэлжилж, ашиглалтад орох бөгөөд нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 богийн мах бэлтгэж, жилдээ 1000 тонн мах, 600 тонн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр босох юм.

Манай улс ОХУ, БНХАУ-д мах нийлүүлэхэд эрүүл мэнд, ариун цэврийн шалгуурыг хангахгүй гэх шалтгаанаар хэд хэдэн удаа гэрээ цуцлагдаж байсан. Тэгвэл Увс аймаг дахь мах бэлтгэх үйлдвэр нь  малчидтай урьдчилан гэрээ байгуулж, мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж,  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар дээрх асуудлыг таслан зогсоох ажээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг зорьж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 70-80 хүний ажлын байр шинээр бий болох юм.