Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 13, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
10 өдрийн өмнө

1. У.Хүрэлсүхийн танхим бүрдлээ

Удтал хүлээлт үүсгэсэн Засгийн газрын шинэ танхим өчигдөр нэг бүрдэж, МАН-ынхан тохиролцоонд хүрцгээв. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл Шадар сайд Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг нэрлэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтэн боллоо. Одоо энэ бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх болон АТГ-аас ирүүлэх хариуг хүлээж байна. УИХ энэ долоо хоногтоо багтаж сайд нарыг батлахаар төлөвлөж байгаа юм. [Time.mn]

3. НИТХ-ын дарга С.Амарсайхан анхны хурлаа хийж чадсангүй

УИХ дахь МАН-ын хагарал, нийслэлийн хэмжээнд үргэлжлэх үү гэсэн асуудал үүсээд байна. Учир нь өчигдөр Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Тэргүүлэгчидтэйгээ хуралдах байсан ч, анхны хурал нь болсонгүй. Энэ өдөр хурал даргалах хүн өөрөө ч ирсэнгүй бөгөөд хуралд нь тэргүүлэгчид суусангүй. НИТХ-ын дарга С.Амарсайханаас гадна Б.Сүхбаатар, Ж.Алдаржавхлан, Ж.Батсайхан, М.Эрдэнэтуяа, Н.Баярмөнх С.Мөнхчулуун, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан нарын тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэх ёстой  юм. [Medee.mn]

3. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цом Монголоор аялна

ОХУ-д ирэх оны хавар зохиогдох Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Алтан цомын аялал дэлхий даяар хийгддэг уламжлалтай. Өнгөрсөн есдүгээр сарын 9-ны өдөр ОХУ-ын Москва хотоос эхэлсэн цомын аялал ирэх сарын 26-ны өдөр хүртэл Оросын 15 өөр хотоор үргэлжлэх бөгөөд өчигдрийн байдлаар Ярославль хотод үргэлжилж байв. Харин дараа нь ОХУ-ын Сочи хотоос гарч дэлхийн өнцөг булан бүрт очиж 50 гаруй орноор аялах аж. Тэгвэл 2018 оны 1-4 дүгээр сард зохиогдох энэ аялалын маршрутад анх удаа Монгол Улс багтжээ. Цомын аялал нийт 126 мянган км үргэлжлэх нь түүхэн дэх хамгийн урт аялал болж байгаа аж. [Shuud.mn]

4. Улсын төсвийн орлого 1 их наядаар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монголын эдийн засаг нийгмийн судалгааны 9 сарын тойм мэдээллээс харахад Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурахад орлого 1 их наяд төгрөгөөр өсч, харин зарлага 291.4 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. [Medee.mn]   

5. АНУ-ын Блүүмберг телевиз жуулчдад Монголыг сурталчлав

АНУ-ын Блүмберг телевизийн дэргэдэх судалгааны төвөөс олон улсын жуулчдад манай орны өвөрмөц соёл уламжлалыг сонирхон үзэх ёстой 13 шалтгааныг онцолжээ. Тухайлбал, Монголын говь, хангай нутаг, Хөвсгөл нуур, Улаанбаатар хот, Гандантэгчинлин хийд, Зайсан толгой, Чингис хааны хөшөөт цогцолбор, Богд хааны ордон, Казах ард түмний амьдрал зэргийг үзэхийг жуулчдад санал болгосон байна. [Ub.life] 

6. Америк гэр бүл таван жилийн дараа суллагдлаа 

Пакистаны үндэсний армийн цэргүүд Афганистан дахь талибан бүлэглэлийн гарт барьцаалагдсан таван иргэнийг суллажээ. Тэд хойд Америкаас гаралтай гэр бүл аж. Хүмүүнлэгийн шугамаар 2012 онд Афганистанд ажиллахаар ирсэн Канадын иргэн Кэйтлэн Куолмэн, Жошуа Бойл нарыг талибанчууд хулгайлсан юм. Ийнхүү хосууд бүтэн таван жилийн хугацаанд талибанчуудын барьцаанд байсны эцэст суллагджээ. Барьцаанд байх хугацаандаа хатагтай Коулмэн гурван хүүхэд төрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд бүгд хосуудын дундаас төрсөн аж. Трамп энэ явдлын талаар “Пакистаны төрийн эрх баригчид АНУ-д туслах эрмэлзэлтэй байгааг энэ явдал харууллаа” гэжээ. [BBC]

7. Вьетнамд үерийн улмаас 37 хүн амиа алджээ

Вьетнам улсын төв болон хойд хэсэгт үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсч дор хаяж 37 хүн амиа алдаж, 50 гаруй хүн алга болжээ. Түүнчлэн олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй байдалд хүрсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь гүүр нурах үед дээгүүр нь зорчиж байсан автомашинтай иргэд гэж орон нутгийн телевиз мэдээлжээ. Даваа гарагаас эхэлсэн үргэлжилсэн ширүүн бороо өнөөдрийг хүртэл тасралтгүй орсоор байгаа учраас Вьетнамд онцгой байдал зарлахад хүрчээ. [CNN]

8. Пхеньян: Трамп Солонгосын хойг дахь дайны зулыг асаасан 

Умард Солонгосын зүгээс саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг илтэд шүүмжилсэн мэдэгдэл хийлээ. Үүндээ “Доналд Трамп Солонгосын хойгт шинээр дайны зул асаахаар яарч байна. Тэр эзлэн түрэмгийлэх, дайрч давшлах увайгүй үзлээ манай улсад тулгаж байгаа нь удаан тэвчих зүйл биш. Трамп бол АНУ-ын түүхэн дэх хамгийн тэнэг Ерөнхийлөгч” гэжээ. 
Энэ талаар Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хью ОХУ-ын Итар Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа дурьдсан аж. Түүнчлэн Ри Ён Хо ярилцлага өгөх үедээ НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган нь олон орон нэгдэж нэгнээ доромжлон, гутаасан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн тэмдэглэсэн байна. [CNN]

9. Анжелина Жоли нарыг хүчирхийлж байсан гэгдэх продюсер шалгагдана

Холливудын алдарт продюсер Харви Уэйнстэйн хүчингийн олон удаагийн хэрэг үйлдсэн гэх шуугианд нэр холбогдоод байгаа. Түүний энэ явдлын талаар Нью Йоркер сэтгүүл анх олонд дэлгэсэн багаад продюсер эр кинонд нь дүр бүтээсэн Холливудын нэр цуутай бүсгүйчүүдийг хүчирхийлж, заримд нь бэлгийн дарамт учруулж байсан хэмээн буруутгагдлаа. Харви Уэйнстэйний буруутай нь тогтоогдвол түүнийг 25 жил хүртэл хугацаагаар хорьж болзошгүй болоод байна. Харви нь алдарт жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтри, Кара Делвин нарт бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй юм байна. [People]

10. Венгер: Санчес, Өзил нарыг зарах боломжтой

Арсеналын босс Арсен Венгер багийнхаа топ тоглогч Алекс Санчес, Мэсүт Өзил нарыг ирэх нэгдүгээр сарын цонхоор худалдах боломжтой гэж ярилаа. Өнгөрсөн зуны цонхоор багтаа тогтоон барьж үлдсэн ч эдгээр тоглогчид ирээдүйдээ итгэлгүй, сэтгэл дундуур байгаа учраас “Их Буучид”-ын эгнээнээс явах нь тодорхой болоод буй юм. Тиймээс ирэх зун гэрээ нь дуусч, чөлөөт агент болохоос нь урьтаж энэ зун зарах хүсэлтэй байгаагаа Арсен Венгер ний, нуугүй ярьсан байна. [Sky Sports]