“Алдагдсан” Монгол түүх

Нийтлэл / Гончиг Ням-Очир
2017 оны 10 сарын 13

Нүүрс яах вэ? нөгөө архив маань нүүчихжээ. Нүүчихжээ гэхээр хотын төвийн А бүсээсээ нүүгээд, Нисэх буудал руу очсоныг хэлж байгаа юм биш. Монголын Үндэсний Tөв Архивт байдаг 200-аад жилийн түүхийн архив нь морь унаад, мод тохоод, аймаг алгасаж, хошуу гулсаад, хил даваад, хэвлэгдээд, барлагдаад, зарагдаад байж байх юм. Юу гээчийг үзэх нь энэ вэ? Энэ улс оронд чинь эзэн байна уу? Өвөг дээдсийнхээ улаан цусаа урсган байж авч үлдсэн тусгаар Монгол Улсынхаа архивыг аваачаад "Ар Монгол манай алдагдсан газар нутаг" хэмээн ярьж бичдэг улс гүрэнд өгчихдөг ямар том толгой вэ. 

Одоогоос 4 жилийн өмнө 2013 он юмдаг. ССАЖЯ гэж байх үед би тэр яамны Мэргэжлийн зөвлөлд ажилладаг байлаа. Нэг өдөр Эрүүгийн цагдаагийн газраас Үндэсний Түүхийн Төв Архивийн дарга Д.Өлзийбаатар манж архиваа дижитал хэлбэрт шилжүүлээд, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Хятадын хил хязгаарыг судлах төв гэдэг байгууллагад өгсөн тухай үйлдлийг ”гэмт хэрэг мөн үү биш үү” гэсэн дүгнэлт гаргаж өгнө үү! гэсэн хүсэлт ирсэн юм. Ингээд Мэргэжлийн зөвлөлийнхөн хоёр тал болон маргалдаж, эцэст нь Үндэсний Түүхийн Төв Архив дээр очиж хуралдсан бөгөөд нэгд: “Соёлын салбарын Мэргэжлийн зөвлөл ШУ-ны асуудалд дүгнэлт гаргахгүй, хоёрт: дижиталд шилжүүлсэн нь авран хамгаалсан ажил болсон байна” гэсэн дүгнэлт өгөөд тарж билээ.

Энэ үед эрүүгийн цагдаагийн хошууч Баярбат хэмээх энэ гэмт хэргийг илрүүлсэн цагдаа ”Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан, эх түүхээ худалдсан маш том хуйвалдааныг хаацайлж өмөөрлөө” гэсэн гомдол гаргаж байсныг мэднэ. Хожмоо энэхүү ажилтныг өөр ажилд шилжүүлсэн бөгөөд одоо хаана явдгийг бүү мэд. Одоо би тэр эх оронч хошуучаас хэрвээ үүнийг уншиж байвал уучлалт гуйхыг хүсч байна. Яагаад гэвэл өмнөд хөршид маань МУ-ын Архивын Ерөнхий Газартай хамтарсан гэх БНХАУ-ын Нийгмийн ШУА-ын Хятадын хил хязгаар газрыг судлах төв нь 1758-1911 он хүртэлх Манжийн үеийн Монголын 200 гаруй жилийн түүхийн материалын эхний 20 ботийг нь хэвлэж гаргаад байгаа юм байна. Энэхүү архивыг бүгдийг нь Монголоос авчээ.

Номыг хэвлэх ажлыг Хятадын Гуанси их сургуулийн хэвлэх газар хариуцаж байгаа юм байна. Ингээд цор ганц Монгол Улсад байсан архив хөрш орны маань гарт оржээ. Монгол Улсын улсын өмч архивын нөөц нууц үүцийг задлаад, уутыг нь гөвчихжээ. Яаж тэр их архивыг авч чадав аа, ямар замаар тэд нарын гарт очив? Монгол төрийн хамгаалалтанд байдаг, үүдэндээ өдөр шөнөгүй төрийн цагдаа манаж зогсдог  улсын минь архивыг тэд шууд хулгайлна гэж арай ч үгүй баймаар. Тэгвэл яагаад бүхэл бүтэн 200 гаруй жилийн түүхийн архив яаж тэдний гарт очив?

Манай нэгэн албан тушаалтан “Хэн ч уншдаггүй манж хэл дээрх цаасны хогийг дижиталд шилжүүлж, ах дүү БНХАУ-ын тусламж дэмжлэгээр хийсэн” гэж тайлбарлаж өөрсдийгөө хаацайлж байсан боловч нэгэнт Өмнөд хөршид маань хэвлэгдээд гараадирсэн эмхэтгэлийн агуулга, тайлбар нь өөр байгаа нь хаашаа ч бултаж гарах аргагүй үнэн болжээ. Хятад улсаас хариуцан энэ төслийг Монголын талтай хамтран эхлүүлсэн судлаач Би Аонан нь өөрөө Монгол Улсын архивын материалыг хэвлүүлэх ажлынхаа явцын талаар маш дэлгэрэнгүй ярьсан байна. Яаж байгаа нь энэ вэ манайхаан, түүхчид нь бүр тэгэхдээ дарга нар нь нэр төртэй түүхчид өөрсдөө түүхээ зарчихсан байна шүү дээ. 

Түүхээ худалдсан түүхчид 2013 оны 6 сарын 6-нд ийм нийтлэл гарч байжээ. Эрдэнэцэцэг сэтгүүлчийн бичсэн агуулга Хятадад хэвлэгдсэн Архивын материалуудтай үндсэндээ таарч байх шиг. Энэ нийтлэлд зөвхөн улсад учирсан хохирол нь 3 тэрбум 840 сая төгрөг болж байсан тухай мэдээ ч үлджээ. 

Бид Монголын түүхийн хамгийн эмзэг бөгөөд харанхуй хэсэг болох Манж Чин улсын үеийн Хятадтай нэг хөнжилд байсан үеийн түүхээ бид бүрэн алджээ. Монголын түүхчид өөрсдөө ч бүрэн судалж амжаагүй архив ийнхүү хөрш орны мэдэлд очжээ. Энэ бол газрын дороос олоод, ухаад зөөчихдөг нүүрсний орд биш, бид ухахаа больчихвол тэр газар дороо байж л байна. Харин архив нэгэнт ийм их хэмжээгээр алдагдсан бол бид буцааж авах ямар ч боломжгүй.  

Монгол Улсад цорын ганц байгаа АРХИВ шүү дээ. БНХАУ-ын Нийгмийн ШУА-ын Хил хязгаар газрын түүх судлах төв гэж чухам ямар байгууллага вэ? Би Аонан гэгч хэн бэ? Тэрээр дан Монгол Улстай л холбоотой ажилласан байх юм. Мөн Монгол Улсын Архивт байгаа хэн ч судлаагүй ийм нарийн нандин архиваа гаргасан үйлдэлд шалгалтыг улам лавшруулан хийхийн оронд гэнэт болиулж Д. Өлзийбаатарыг ажлаас нь буулгасан төдийгөөр энэ хэргийг яагаад хаах болов? Ийм том шийдвэр гаргахын тулд их л том эрх мэдэлтэн оролцсон байх нь ойлгомжтой. Шалган байцаах ажлыг таслан зогсоосон эрх мэдэлтэн хэн бэ гэдэг бас анхаарал татаж байгаа юм. Үүнийг Монголын төр одоо анхааралдаа авч дахин шалгаж магадлах цаг зайлшгүй болжээ. Нэмж хэлэхэд Хятад улсад энэ төсөлтэй холбогдсон хоёр чухал албан тушаалтны ажлаас нь өөрчилжээ. Гэтэл манайх эсрэгээрээ, харин ч бүр дэвшээд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, олонд нэрд гарсан түүхч, их дээд сургуулийн оюутуудад хичээл заагаад явдаг ямар учиртай юм бэ?  

Эцэст нь Хятадын талаас хамтарч ажилласан Би Аонаны “Монгол Улсад хадгалагдаж буй Чин гүрний Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны архивын материалыг танилцуулах нь” лекцийн агуулгыг хятад хэлнээс орчуулан хавсаргалаа. 



Саяхан Хятад улсад хэвлэгдэж гарсан Манжийн үеийн Гадаад Монголын Хэрэг Эрхлэх Хүрээний Амбан Сайдын Яамны Архивын Материал” нь олны анхаарлыг ихээхэн татаж эрэлт ихтэй борлуулалт сайтай байгаа билээ. Монголтой холбоотой юун бүтээл ийнхүү хэвлэгдэн гарав хэмээн сонирхон судалж үзвээс зөвхөн Монгол улсын Архивын Ерөнхий Газар хадгалагдаж байдаг Манжийн эрхшээлийн үеийн Гадаад Монголын ховор чухаг бичиг баримт архивын материалыг эх хувиас нь шууд хуулбарлан авсан ховор материалыг эмхэтгэн боть болгон хэвлүүлж эхлээд байгаа ажээ. Эхний 20 боть нь ийнхүү хэвлэгдсэн нь олны анхаарлыг татаж худалдан авч байна. Монголын Улсын Ерөнхий Газраас материал авчирсан Монголын талтай хамтарч ажилласан Хятадын судлаач Би Аонан энэхүү үнэтэй ховор бүтээлийнхээ талаар Бээжингийн Их Сургууль болон Хятадын их дээд сургуулиудаар лекц уншиж олонд танилцуулж явна. Би Аонан бол Хятад улсын монгол үндэстэн, Хятад улсын Нийгмийн Шинжлэх ухааны академийн Хятадын хил хязгаарын түүх судлах төвийн судлаач, Зүүн хойд болон Хятадын хойд хилийн судалгааны тасгийн эрхлэгчийн ажил хийдэг магистр цолтой аж. Ингээд Хятадын судлаач Би Аонаны “Монгол Улсад хадгалагдаж буй Чин гүрний Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны архивын материалыг танилцуулах нь” лекцийн агуулгыг та бүхэнд танилцуулъя.

Хятад улстай холбоо бүхий хөрш орны Улсын Архивын Газар, Орон нутгийн архивын газар Гадаад хэргийн яамны архивын газар хадгалагдаж буй Хятад улсад огт байхгүй архивын материалыг их хэмжээгээр Хятадад хэвлүүлэх зорилгоор Хятад Монголын хамтарсан төслийг хэрэгжүүлж эхэлснээ илтгэлийнхээ хамгийн эхэнд дурдсан байна. 

Энэ төслийг Монгол Улсын Архивын Ерөнхий газар тухайн үед Архивын Ерөнхий Газрын дарга одоо "Монголчуудын цахим түүх" хэмээх цахим номоор ихэд нэрд гараад буй Д.Өлзийбаатар, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Чулуун нар Хятадын ШУА-ийн Хятадын хил хязгаарын түүхэн газрыг судлах төвтэй 2011 онд “Хятад Монгол архивын бичиг баримтыг хамтран эмхтгэн дижитал болгон хэвлүүлэх ажлын гэрээ”-г байгуулсан байна. Гэвч “Хятад Монгол архивын бичиг баримтыг хамтран эмхтгэн дижитал болгон хэвлүүлэх ажлын гэрээ” нь Монгол Улсын архивын сан хөмрөгт  хадгалагдаж буй ховор үнэтэй түүхэн эх сурвалжуудыг хуулбарлан Хятадын талд хүлээлгэн өгөх ажил болон хувирчээ. Энэхүү гэрээний нэрийн дор Хятад, Монголын талаас хамтарсан эмхэтгэн найруулах комисс байгуулж “Монгол Улсын улсын архивын ерөнхий газар байгаа Хүрээний (Гадаад Монгол Өнөөгийн Монгол улс) хэрэг эрхлэх Манж Чин гүрний Засгийн газрын амбан сайдын сан хөмрөгийн архивын материалын нэр томъёог эмхэтгэж хамтран сонгож архивын материалаа хэвлүүлжээ. 

Ингээд 2012 онд Хятадын талаас Лишэн, Би Аонань, Улаанбагана нар Монгол улсад ирж Монгол улсын Архивын ерөнхий газрын Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын холбогдолтой сан хөмрөгт буй түүхэн эх сурвалжуудыг үзэж шалгалт хийж байхдаа тус архивын материалуудын тавны нэг нь том хэмжээтэй, их хэмжээтэй зузаан, сайн хавтаслагдсан маш сайн хадгалагдсан архивын данс ботиуд байгааг олж илрүүлсэн байна. Хоёр тал эдгээр ботиудыг шууд хуулбарлаж хэвлэхээр тохиролцож архивын эх хувиас нь шууд сканердэж хуулбарлаж эхэлсэн байна. Энэхүү их хэмжээний архивын материалыг хуулбарлахад Хятадын талаас техник хэрэгсэл хэрэг болох эд зүйлийг өгч Монголын тал хүн хүч болоод эх материалыг хуулбарлаж өгөх ажлыг хариуцаж хийжээ. 

Тэд мөн орон нутгуудын архивуудаар явж шалгалт хийжээ. Гэвч орон нутгийн архивын газрууд Улиастай, Ховдын архивын материал дайн дажны хөлд нэрвэгдэж гэмтсэн байхаас гадна хадгалагдсан материал хомс, байгаа материал нь хагас дутуу эвдэрч гэмтсэн байсан учраас Хятадын тал бүрэн гүйцэд эвдэрч гэмтээгүй маш сайн хадгалагдсан Хүрээний амбан сайдын яамны архивын материалыг аль болох их хэмжээгээр авахыг гол зорилгоо болгосон байна. Би Аонан хэлэхдээ Хятадын 1-р архивт Хүрээтэй холбоотой 4000 гаруй материал буй бөгөөд энэ 4000 гаруй материал бүхэл дан ганц бус салбар салбарын материал дотор тархсан, хятад хэл дээрх материал голцуу, Бүрэн засагч 1861-1857, Бадаргуулт хааны үе 1875-1908 оны үеийн материал голдуу байдаг гэжээ. Харин Монгол улсад хадгалагдаж буй архивын материалууд нь бүрэн бүтнээс гадна Монгол улсын ерөнхий архиваас өгсөн нэгдсэн нэрсийн жагсаалтаас үзвэл нийт 7736 төрлийн, хамаарах он жилүүд Тэнгэрийг тэтгэгч хааны 23-р оноос эхлээд Хэвт ёсны энэ нь 1758-1911 хүртэлх хугацааг хамаарч байна. Эдгээр архивын материалууд нь дийлэнх нь монгол хэлээр, манж хэлээр нилээд материал, цөөн тооны хятад болоод орос хэл дээрх материал байсан байна. Хятадын талын багийн гишүүн Улаанбагана монгол хэл дээрх эх сурвалжийн доторх агуулгыг нь эмхтгэх ажлыг хариуцаж ажилласан байна. Архивт хадгалагдаж буй Манжийн хаанд өргөн барьсан айлтгал,   Архивын материалын төрлийг айлтгалын  хуулбарыг гол болгож Хүрээний хэрэг эрхлэх амбан сайд болон бусад албан байгууллагууд, түшмэдийн хаантай харилцаж байсан бичиг хэргийн хуулбарууд жишээ нь айлтгал зэрэг бичиг баримтуудын бүх хуулбар байх агаад хуулбарлаж бичсэн хүний гарын үсэг хүртэл байна. 

Эдгээр архивын материалууд нь Манж Чин гүрний эзэн хаан, цэргийн түшмэлүүд, хил хязгаарын зүүн гарын дэд жанжин, халхын 4 аймгийн засаг ноёд, түүнчлэн Оросын Цагаан хаан, Оросын консул нарын албан бичгүүдийг багтаасан байдаг. Хэдийгээр эдгээр чухал баримт бичгүүд нь Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны дансанд байхгүй боловч эдгээр чухал архивын эх сурвалжуудыг хуулбар хийж энэ дансанд багтаан оруулж хэвлэлтэнд оруулсан. Жишээ нь Жавзандамба хутагтын Манжийн эзэн хаанд, Монголын төрийг засах яаманд өргөж байсан бичиг, Хүрээний хэргийг хариуцсан амбан сайдын хариуцсан тухайн орон нутгийн хамгийн том түшмэл, хариуцаж байгаа албан хэргийн хүрээ өргөн, архивын агуулга нь, Хүрээний улс төр, цэрэг, эдийн засаг, боловсрол, нийгмийн тогтолцоо, хууль цааз, зам харилцаа, гадаад харилцаа, үндэстэн угсаатан, шашин шүтлэг   зэрэг маш өргөн хүрээг хамарсан мэдээллийг эндээс үзэж болно. Жишээ нь  арилжаа худалдааны талаар Хил хамгаалахаар суусан түшмэл болон цэргүүдийн хоол хүнс, газрын түрээс, өравлага, хүү, түшмэл болоод хятад иргэдийн харилцаж байсан монгол газар орон, Хүрээ болон Хиагтийн худалдаачин иргэдийн худалдааны байдал, орос худалдаачидтай худалдаа хийх газар, 5 хошуу малын аж ахуйн хамаарлын мэдээлэл зэрэг архивын  ховор түүхэн эх сурвалжууд, Жавзандамба хутагтын Манжийн хаанд өргөн барьсан бичиг, хутагтыг жанч халсны дараа дүрийг нь тодруулах явц, хойд дүрийг нь сонгосноос авахуулаад Халхад суудалд залах, Чин гүрний Засгийн газарт очиж хэргэм цол авах дэс дараалал, түүнчлэн Хүрээний амьд богд болон түүний шавь нарын хүн мал, эзэмшил газар нутаг, эд хөрөнгийн нарийн бүртгэлийн материалууд бий. 

Үүнд хамгийн онцгой чухал баримт бол Орос улстай харилцаж байсан баримт бичиг юм. Ялангуяа Хүрээний хэрэг эрхлэгч амбан сайд Чин гүрний Засгийн газар болоод Орос улстай харилцахад гол дамжуулагч болж Манжийн хаан болон цэргийн газар тус яамаар дамжиж Оросын консулын газартай харилцаж албан бичиг солилцох юм уу бэлэг хүргэлцэж байжээ. Түүнчлэн Манж Оросын хоорондын хилийн гэрээ, хилийн худалдаа, Хиагтийн худалдааны хотын асуудал, хил дамнасан дээрэмчдийг барих, хил зөрчигчдийг залхаан цээрлүүлэх тухай  гадаад харилцааны албан бичгүүд мөн үүнд багтсан.

Энэ архивын материалыг хуулбарлаж эхлэх үед түр “Жинча Хүрээнд суугаа амбан сайдын яамны архивын дансны бүрэн материал” гэж нэрлэсэн байсан бөгөөд Монгол улсын талаас дансыг хуулбарлан өгөхдөө нугалбар нэг бүрийн  гарчгийг нь монгол хэлээр бичиж өгсөн бөгөөд Хятадын тал түүнийг нь хятадаар орчуулж хамгийн сүүлд нь хуулбарлаж хэвлэсэн данс дээрээ гарчгийг нь хятадаар орчуулан Хятадад хэвлүүлж байна. Эдгээр Монгол улсын түүхийн архивын үнэтэй ховор баримт бичгүүдийн хуулбарыг эмхэтгэн хэвлэх ажлыг  Гуансигийн Багшийн их сургуулийн хэвлэх газар хариуцаж ажиллаж байгаа юм байна. 

Би Аонан лекцийнхээ төгсгөлд Монгол Улсын Архивын Ерөнхий Газраас эдгээр ховор архивын баримт бичгүүдийг хуулбарлан авах ажил нь тийм ч амар санаснаар нь байгаагүйг онцлоод үүнд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл бол хоёр талын хариуцаж байсан хүмүүс өөрчлөгдсөн явдал гэжээ. Тэдний тохиролцож төлөвлөснөөр хоёр жилийн хугацаанд хэвлэж гаргах байсан боловч ахоёр талын гол хариуцаж хийлгэж байсан албан тушаалтнууд дараалан ажлаасаа халагдсан явдал аж. Хятадын хил хязгаарын түүхийг судлах төвийн эрхлэгч Ли тэтгэвэрт гарч энэ материалыг хуулбарлан авахад гол хүчин зүтгэл гаргасан хятадын монгол үндэстэн Би Хятадын их дээд сургууль судалгааны байгууллагууд танилцуулга лекц уншихмаягаар үргэлжлүүлэн явуулжхэвлэлтэнд бэлдэж байсан Гуансигийн Багшийн их сургуулийн ерөнхий редактор энэхүү ажлаас болж 2016 онд ажлаасаа халагдаж хэвлэхэд бэлэн болоод байсан бүх материалуудыг дахин хяналт шалгалтаар орсон байна. Харин Монгол Улсаас хариуцаж ажиллаж байсан Архивын Ерөнхий Газрын дарга Д.Өлзийбаатар ажлаасаа халагдсанаар энэхүү төсөл түр зогсолтын байдалд ороод байгааг танилцуулсан байна.Д. Өлзийбаатар халагдсаний дараа Монголын тал  Хятадын талд өөрийн улсын архивын материалаа нээлттэй болгосон ч Хятадын тал 1-р архивын газар зэрэг газар хадгалагдаж байгаа архивын баримтаа ил болгоогүй хэмээн хавиралдаж Хятадын судлаачдыг энэ асуудлаар айлчлахыг хязгаарласантул одоогоор хуулбарлаж авсан архивын материалаа эмхэтгэж уг архивынхаа нэрийг өөрчилж “Чин гүрний Жинча Хүрээний хэргийг хариуцсан амбан түшмэлийн яамны архивын дансны эмхэтгэл” нэрээр хэвлүүлсэн байна. Нийт 1280 ботийг хэвлүүлж гаргахаар төлөвлөсөн ч үүнийг хасч багасгасан600 ботийг хэвлүүлэх болсон байна. Үүний эхний 20 боть хэвлэгдэж гараад байгаа юм байна. Энэхүү 20 боть нь 2017 оны 6 сарын 30-нд хэвлэлтээс гарч олон улсын номын сайтуудаар дунджаар 3000 орчим доллараар зарагдаж байна.

https://www.amazon.co.jp


http://m.sanmin.com.tw

http://mbook.kongfz.com/4024/254677697

Эдгээр 20 ботийн товч танилцуулга дотор 18-20 зууны үеийн Манжийн амбаны Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны архив нийт 8870 боодол. Монгол, манж, хятад, орос зэрэг олон хэлээр бичигдсэн маш баялаг түүхэн мэдээллийг агуулсан гээд танилцуулга Би Аонаны лекцтэй адил агаад төгсгөлд нь Хятад улс анх удаа хил дамнасан улстай хамтран хилийн гадна хадгалагдаж байсан Хятадын Чин гүрний хосгүй үнэтэй хил хязгаарын архивын материалыг хэвлэж гаргаснаараа Хятадын эрдэм шинжилгээ, судалгааны үнэ цэнийг улам алс гүнзгий болгох юм гэжээ. Ийм хариуцлагатай чухал бүтээл хэвлэгдэж гарахдаа заавал зохиогчидтой байх ёстой. Тэгвэл Хятад улсын сайт дээр уг бүтээлийн Хятад талын зохиогчид Ли Шэн, Би Аонан, Улаанбагана, Алтана-Очир гэсэн мөртөө Монголын талаас зохиогч байхгүй зөвхөн МОНГОЛ УЛС гэсэн бичигтэй байна. Гэвч доор нь Хятад улсын НШУА-ийн Хятадын хил хязгаарыг судлах судалгааны төв, Монгол улсын Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын ШУА-ын Түүх Археологийн хүрээлэн хамтарсан гэж тайлбарлажээ. Харин Тайваний сайт дээр дээр дурьдсан Хятадын зохиогчдын нэрсээс гадна Монгол улсын талаас С.Чулуун, Д. Өлзийбаатар, А.Очир, Н. Ганбат нарын нэрс байна.