ДОХ/ ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувийг 18-30 насны залуус эзэлж байна

Нийгэм / Admin
2017 оны 10 сарын 13

Аливаа улс орны хөгжлийн гарц нь залуусын хөгжил, санаачилга гэдэг. Манай улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг нь хөгжилд хүрэхэд давуу тал болмоор. Гэтэл хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон залуус хаа сайгүй таарах нь эмзэглэл төрүүлнэ.  Үндэсний статистикийн газраас 2016 онд залуусын дунд хийсэн судалгаагаар залуучуудын  гуравны нэг нь архи, тамхи хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй. Ял шийтгэл эдэлж буй иргэдийн 75 хувь, ДОХ/ ХДХВ –ын халдвар авсан иргэдийн 41.2 хувийг 18-30 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь тодорхой болсон байна. Мөн архины хамааралтай элэгнй өвчнөөр өвчилсөн зургаан хүн тутмын нэг нь залуу хүн байгааг онцолжээ.  Дээрх судалгаа нь залуучуудын дунд эрүүл амьдралын зөв хэв маягийг суулгах зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулна.

Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа Отгонтэнгэр их сургууль дээр болж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тус сургуулийн оюутан залуустай ярилцав.

Уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Яагаад энэ аяныг зохион байгуулах болсон гэвэл, залуучуудтай холбоотой бүх л статистик тоо баримтыг үзэхэд тэдний хандлагыг өөрчлөх цаг ирсэн нь харагддаг.  Өөрөөр хэлбэл, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэнддээ хэрхэн анхараах тухай мэдлэг мэдээлэл, эерэг хандлага залууст үгүй болжээ. Шулуухан хэлэхэд олон залуучууд айл гэр болж тоглож байна. Гэхдээ залуучуудыг хэт үгүйсгэх нь өрөөсгөл юм. Учир нь өнөөгийн нйигэмд залуусын эрүүл мэндийн талаар мэдээлэл авах эх үүсвэр нь алга байна.Тиймээс бид өнгөрсөн жилээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянг эхлүүлсэн. Бид өмнө нь оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлөлтөд анхаарч байсан. Харин энэ жил оюутан, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд уриалах, хорт зуршлын хор хөнөөлөхийг ойлгуулах зорилго тавин ажиллаж байна. Манай улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Гэтэл гурван залуу тутмын нэг нь хорт зуршлын хамааралтай гэсэн судалгаа гарсан. Сүүлийн үед залуучууд хар тамхи, мансууруулах бодисыг ч хэрэглэх болсон. Тиймээс залуучуудын дунд эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг бий болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нэн шаардлага тулгарсан. Тэдний хандлагыг өөрчилж, зөв хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй” гэв. Өнгөрсөн жил “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянг эхлүүлснээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд сайн дураар хамрагдсан байна.

Уулзалтын үеэр оюутнууд санал бодлоо илэрхийллээ.

М.Мөнхтуяа: Залуусдаа хорт зуршлаас өөрийгөө хамгаалъя гэж уриалмаар байна

Залуус хорт зуршил болон нөхөн үржихүйн талаархи мэдээлэлгүй байдаг. Ялангуяа нөхөн үржихүйн боловсролыг арван жилийн сургуульд цухасхан дурьдаад өнгөрдөг. Үүнээс болж жирэмслэлт залуужиж, олон залуу гэр бүл  салж байгаа болов уу гэж боддог юм. Харин хорт зуршлын тухайд гэвэл хувь хүнээс л шалтгаална. Тийм болохоор залуучууд бид хандлагаа өөрчилж, биеэ бодох хэрэгтэй. Залуусдаа хорт зуршлаас өөрийгөө хамгаалъя гэж уриалмаар байна.

Б.Номин: Залуучуудын хандлагыг өөрчлөхөд гэр бүл чухал үүрэгтэй

Залуучууд мэдсээр байж хорт зуршилтай боллж байгаа нь хувь хүний ухамсар, гэр бүлийн хүмүүжил, өссөн орчин нь чухал нөлөөтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд архи, тамхи хэрэглэдэг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэж би боддог. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил, орчин маш чухал. Манай үеийнхэн дунд хорт зуршилгүй хүн ховор болсон. Гараад гудамжаар явахад л ихэнх нь гартаа тамхи барьчихсан, тав дахь өдөр баар, цэнгээний газарт байдаг. Энэ бүхнийг залуучууд бид л өөрчлөх ёстой.