Ногоон эдийн засгийн тухай ойлголт

Нийтлэл / Time Admin
10 өдрийн өмнө

Өөрчлөлтийн жимээр

“Хүрэнээс ногоон руу” хэмээн өнгөөр илэрхийлэгдэх эдийн засгийн тухай ойлголт тогтвортой хөгжлийн замналтай уялдан гарч ирсэн.

1992 онд Бразилын Рио Жанейро хотод болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар баталсан  “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичигт ногоон эдийн засгийг тогтвортой хөгжилд хүрэх гол хэрэгсэл хэмээн тодорхойлсон.

Түүнчлэн НҮБ-ыг улс орнуудад ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газрын тодорхойлсноор, хүрээлэн буй орчны эрсдэл болон экологийн хомсдолыг бууруулахын зэрэгцээ хүн төрөлхтний сайн сайхан, нийгмийн эрх тэгш, шударга байдлыг хангахуйц эдийн засгийг ногоон эдийн засаг гэнэ.

Ирээдүйд хүн төрөлхтөн ногоон хэв загвараар хөгжиж байж тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэх тухай үзэл баримтлал  гарснаас хойш эдийн засаг,хөгжлийн уламжлалт загварыг “хүрэн эдийн засаг”гэж  нэрлэх болжээ. Ашиг олохын тулд зөвхөн эдийн засгийн үр ашгийг чухалчилдаг загвараар дэлхий нийтээр саяхныг болтол хөгжсөн нь уламжлалт хүрэн эдийн засаг. 

Баялгийг бүтээхдээ  хүний нөөцөд хэт дулдуйдсан, хоцрогдсон технологитой, бүтээмж багатай, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй эдийн засгийн загварын үр  дүнд 1981-2005 оны хооронд дэлхийн эдийн засаг дөрөв дахин өссөн ч  экосистем  60 хувиар доройтжээ. Эдийн засаг өслөө ч оршихуйн үндэс эх дэлхийн эко систем асар ихээр доройтож буйг илтгэх эл тоо баримт нь  тогтвортой хөгжлийн үзэл санаан дор ногоон эдийн засагт шилжих хэрэгцээ, шаардлага юм. Тухайлбал, дэлхийн  уур амьсгалын өөрчлөлт нь ногоон эдийн засагт шилжих хамгийн том шалтгаан.

Ногоон эдийн засгийн нэг гол суурь нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл,хэрэглээ юм.

НОГООН ЭДИЙН ЗАСАГ ДЭЛХИЙД

2015 онд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаас баталсан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрт  хүн төрөлхтний хүрэх 17 зорилтыг тусгаж, дэлхийн дулаарлыг 2.0 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тохирсон. Түүнчлэн өнөөдөр дэлхийн 65 орчим улс  орон ногоон эдийн засгийн зарчмуудаа хэрэгжүүлж эхлээд байгаагаас  48 нь  бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

Ногоон эдийн засгийг дэмжсэн олон хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд  хэрэгждэг.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны  түншлэл /PAGE/, Ядуурал байгаль орчны санаачилга /PEI/,Ногоон өсөлтийн мэдлэгийн платформ /GGKP/, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн  санхүүгийн санаачлага /UNEP FI/, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/ зэрэгтэй хамтарч ногоон эдийн засгийн төлөөх улс орнуудад зөвлөгөө өгөх, дэмжих,туслах зэргээр ажиллаж байна. Олон улсын байгууллагуудын зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжихийн тулд юуны өмнө дараах бодлогыг хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

Үүнд:

  • Ногоон эдийн засгийг дэмжсэн үндэсний стратегийг боловсруулан хэрэгжүүлэх,
  • Ногоон бизнесийн урамшуулал, хөшүүргийн системийг бий болгох,
  • Олон улсын санхүүгийн болон эрх зүйн орчныг бий болгох,
  • Өндөр хөгжилтэй орнуудын зүгээс худалдаа болон техникийн туслалцаа авах.

Хөгжилтэй орнуудын туршлагаас харахад сайн засаглал, шинэ дэвшилтэт технологи, инноваци, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн зөв зохицуулалт, байгалийн нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг нь ногоон эдийн засагт шилжих бодлогын цөм нь болж байна.

Тухайлбал, БНХАУ 2016-2020 онд хэрэгжүүлэх  XIII 5 жилийн төлөвлөгөөгөө гаргахдаа ногоон эдийн засгийг хөгжүүлэх нь стратегийн бодлогын үндсэн чиглэл,хөгжлийн суурь хэмээн толорхойлсон бол Европын холбоо ногоон эдийн засгийн шинэ бодлогоо танилцуулсан. Европын холбоо 1990 оноос  хойш ДНБ-ийг 45 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгарлаа 21 хувиар бууруулжээ.Нөөц баялаг хязгаарлагдмал гэдгийг нийтээрээ мэдэж байгаа.

Гагцхүү  хэрэглээ, худалдан авалт, үйлдвэрлэлийн алхам бүрээ байгаль орчинд ээлтэй байлгах ногоон хэв маяг, загварт шилжих шаардлагатай байна.

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦ

НҮБ-аас ногоон эдийн засагт шилжих 10 салбарыг тодорхойлсон. Үүнд үйлдвэр, аялал жуулчлал, хог хаягдлын менежмэнт,усны менежмэнт, барилга,тээвэр,сэргээгдэх эрчим хүч,загас агнуур, хөдөө аж ахуй,ойн салбарууд орох бөгөөд ДНБ-ий дор хаяж хоёр хувийн хөрөнгө оруулалтыг эдгээр салбарт зарцуулахад агаар дахь нүүрс хүчлийн хэмжээг бууруулсан, нөөцийн хэмнэлттэй эдийн засагт шилжинэ гэж НҮБ-ын тайланд тусгажээ.

Өөрөөр хэлбэл, ногоон эдийн засагт шилжинэ гэдэг нь ногоон эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Түүнчлэн дээр дурдсан бодлогын шинэчлэл,урамшуулал хөшүүрэг,эрх зүйн орчин зэрэг нь зайлшгүй юм. НҮБ, олон улсын байгууллагууд, УИХ, Засгийн газар хэчнээн бодлого гаргаж, хэчнээн яриад бусад талууд,  тухайлбал бизнесийнхэн, иргэд, хэвлэл мэдээлэл ойлгохгүй, ойлгохгүйн улмаас “хөдлөхгүй” бол ногоон эдийн засгийн ойлголт зөвхөн цаасан дээр үлдэнэ.

Тиймээс хүрэн эдийн засгаас ногоонд шилжих шилжилтийн гүүр нь ард иргэд,хувь хүний дадал хандлагын өөрчлөлт юм.Үүнд мэдээж хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэй. Ногоон эдийн засаг нь ганц үйлдвэрлэгч талыг бус худалдан авагч талыг ч өдөөж,хамтран хөгждөгөөрөө зөвхөн үр ашгийг боддог хүрэн эдийн засгаас ялгаатай.

Хүрэнээс ногоонд шилжих үйл явц  улс орнуудын байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлөөс хамааран харилцан адилгүй.Үйлдвэржсэн,өндөр хөгжилтэй улс орнууд байгаль орчиндоо учруулах эрсдлийг бууруулахад илүү анхаарч байгаа  бол хөгжиж буй орнуудад хүний амьдралын чанарыг сайжруулахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах шаардлага тулгарч байна.

МОНГОЛ УЛС НОГООН ЭДИЙН ЗАСАГТ

Монгол Улс 2013 онд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдсэн анхдагч найман орны нэг нь болж, 2014 онд Ногоон хөгжлийн бодлогоо баталсан. Зургаан зорилго, түүнд хүрэх 255 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр уг бодлогод тусгасан ба зургаан зорилгын нэгдүгээрт “Байгалийн нөөцийн хэмнэлттэй,хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай  үйлдвэрлэл хэрэглээг хөгжүүлнэ” хэмээн тусгасан.

Улмаар 2016 онд “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг УИХ-аар батлан хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогод тусгаснаар,  нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, нөөц баялгийн хэмнэлттэй ашиглалтыг дэмжих замаар тэдгээрийн хэрэглээг бууруулах, эрчим хүч хэмнэх, экосистемийн үйлчилгээ ба биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулах, хүн амын орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, үүнд зориулагдах төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг  үр дүнтэй хэрэгжүүлснээр ногоон хөгжил, ногоон эдийн засгийн зорилт хангагдах юм.

Эдийн засгийн өсөлт нь уул уурхайн олборлолт, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологийн салбар сул хөгжсөн өнөөдрийн Монголыг тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзүүлэлтээс ихээхэн доогуур байгаа гэж судлаачид үздэг.

Тухайлбал, уул уурхайн орлогоос  хамааралтай эдийн засагтай тул өрсөлдөх чадвар сул, ядуурал өндөр хэвээр, боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмж тааруухан,байгаль орчны  доройтол их зэрэг нь тогтвортой хөгжлийн үзүүлэлт доогуур байгаагийн    тод жишээ билээ.

Ийм нөхцөл байдлаас гарч, ирээдүйн хөгжлийн ногоон загвараар  хөгжих бодлогын болон үйл ажиллагааны шилжилт бусдаас харьцангуй давуу яваа нь Монгол Улсын хувьд асар өргөн боломж, давуу тал юм.

Манай улс Ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлж, олон улсын хөтөлбөрүүд хэрэгжиж  эхэлснээр цэцэрлэг, сургууль,тогтвортой худалдан  авалт,хог хаягдлын менежмэнт зэрэг олон салбарт ногоон руу шилжилт хийгдэж байна.

Олон улсын байгууллагууд, төр, хувь, бизнесийнхэн хамтран ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, тодорхой хугацааны дараа гарах үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг мөн баталсан байдаг. Үүнд, тухайлбал,  эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 онд 20,2030 онд 30 хувьд хүрсэн байх шалгуур үзүүлэлт тогтоожээ.

Барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20, 2030 онд 30 хувьд хүргэх, хог хаягдлын дахин боловсруулалтыг 2030 он гэхэд 40 хувьд хүргэнэ гэх мэтээр 14 салбараар шалгуур үзүүлэлтүүд гарган хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө Монгол Улс идэвх чармайлттай ажиллаж, өнөөдрийн байдлаар НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт нэгдэн орж,Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлж, зарим аймгуудын ногоон хөгжлийн стратегийг тодорхойлоод байна. 

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл