Улаанбаатар хотын ой санамж цуврал нийтлэл: Ц.ЖИГЖИДЖАВЫН БАЙШИН

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 10 сарын 17

Улаанбаатар хотын музейтэй хамтран бэлтгэж буй цуврал нийтлэлийн маань энэ удаагийн гол сэдэв Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин. Өндөр барилгуудын дунд ажин түжин орших эл байшин өнөөдөр төмөр карказаар хашигдаж, эрхтэн дархтнуудын дунд толгой гудайн байх мэт. 2002 оноос эхэлсэн Улаанбаатар хотын шинэ барилгажилт төсөл нь хотын төв хэсэг дэх хуучны дурсгалт барилгууд, дурсгалт газруудын орон зайг өдөр өдрөөр хумиж, тэдгээрийн суурин дээр шинэ барилга барих үйл явцыг эрчимжүүлснээр хотын ой санамжийг арчин хаяж байна. 2017 онд хотын захиргаанаас хуучны барилга байшинг хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аянг хэрэгжүүлнэ хэмээн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгасан ч байдал дээрдсэнгүй. Тэгвэл, Жигжиджавын байшин ямар учраас Улаанбаатар хотын ой санамжийг хадгалж буй дурсгалт барилгуудын нэг болох талаар дор үгүүлсү.

БАЙРШИЛ:
Чингэлтэй дүүргийн I хороо, Жигжиджавын
гудамж, Хангарди ордны зүүн хойно

БАЙШИНГИЙН ТҮҮХ:
Дорнод сибирийн загвартай уг байшин 1920-иод оны үед баригджээ. Монгол улсын найм дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд нас барах хүртлээ энд амьдарч байв. XX зууны эхэнд Улаанбаатар хотод дорнод сибирийн загвартай цөөнгүй барилга баригдсан ч Анхны холбооны байшин, одоогийн Улаанбаатар хотын музейн барилга, Дүрслэх урлагийн музейн барилга гэх мэт хуруу дарам цөөн хэд нь л өнөөг хүртэл нураагдалгүй, хадгалагдан үлджээ. Жигжиджавын байшин нь ХХ зууны эхэнд баригдсан гэдгээрээ Улаанбаатар хотын барилгын хөгжлийн түүхийн нэгэн үеийг төлөөлөх төдийгүй Ерөнхий сайд амьдарч байсан гэдэг утгаараа түүхэн дурсгал яах аргагүй мөн.

ГАЗРЫН ҮНЭ ЦЭН:
Д.Сүхбаатарын талбайн баруун урд хэсгээс Төв шуудангийн араар баруун тийш 100 м орчим яваад Бодь цамхагийг тойрон хойд зүг рүү эргэж чигээрээ явсаар Үндэсний түүхийн музей хүрэх нарийн гудамжийг Ц.Жигжиджавын нэрэмжит гудамж гэж нэрлэдэг. Жигжиджавын байшин энэ гудамжинд орших хамгийн эртний бөгөөд түүхэн дурсгалт барилга учраас ийн нэрлэжээ. XX зууны эхэн үед Нийслэл хүрээн дэх Түшээт ханы зүүн захын хороод, 1920-иод оны үед Улаанбаатар хотын Усан хөөрөгний газар, одоогийн нэршлээр Гал команд энэ хавьд байрлаж байв. Тэгвэл энэ хэсэг газар 1940-өөд оноос одоогийн дүр төрхөө олсон гэж болно. Талбайг тойрсон барилгууд буюу одоогийн Өмчийн харилцааны газар, Хотын захиргааны байр, Хөрөнгийн бирж буюу тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр, Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн барилга 1945-1954 онд баригджээ. Тиймээс энэ гудамжинд буй 1945 оноос өмнө баригдсан ганц барилга нь Ерөнхий сайд Жигжиджавын барилга юм.

АШИГЛАЛТ БА ӨРГӨТГӨЛ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ
Жигжиджавын байшин нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт харьяалагддаг нийслэлийн өмч юм. Уг байшинг одоогоор Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ түрээсийн гэрээгээр эзэмшиж буйгаас гадна бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн газар ажиллаж байна. Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус барилгын хийц загварт өөрчлөлт оруулахгүйгээр дээш өндөрсгөх хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа гаргажээ. Ингээд Нийслэлийн хот төлөвлөлт,
ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 11 дүгээр хурлаар өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Ийнхүү дэмжсэнийхээ гол үндэслэлийг Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Г.Лхамноржин “Тэр барилга Ерөнхий сайд асан Жигжиджавынх гэсэн нэртэй боловч түүхэн дурсгалт зүйлсийн жагсаалтад бүртгэгдээгүй” хэмээн тайлбарлажээ.Өөрөөр хэлбэл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад ороогүй учраас соёлын өв биш гэж үзэж, дээр нь төмөр карказ татаж, өргөтгөл хийхийг дэмжжээ. Улмаар Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт дээш өндөрсгөн барих загвараа батлуулж, зөвшөөрлөө Барилга, байгууламжийн хяналтын хэлтсээс авсан аж. Үр дүнд нь өнөөдөр Жигжиджавын байшинг тойруулаад төмөр карказ босгосон байдалтай байна. Одоо байгаа байшинг дөрвөн давхар болгож, Нийслэлийн өмчийн харилцааны газар оффисын зориулалтаар ашиглах аж.


Түүхэн дурсгалт барилгын орон зайд бүдүүлгээр халдаж, материал, архитектурт огт нийцээгүй өргөтгөл хийж буй байдал. 2017.10.05

СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ БА ЖИГЖИДЖАВЫН БАЙШИН

Ингэхэд Жигжиджавын байшин соёлын өв мөн үү? Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий өвийг”, 3.1.2-т “соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөн биетээр оршин байгаа дурсгалыг”, 3.1.3-т “түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэн, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг” хэлнэ гэж заажээ. Хуулийн энэ ойлголтоор орон зай, цаг хугацааны хувьд Жигжиджавын барилга нь ХХ зууны эхэн үеийн Улаанбаатар хотын барилгын хөгжлийн нэг үеийг гэрчлэн харуулж буй үл хөдлөх дурсгал бөгөөд Ерөнхий сайд Жигжиджав энд амьдарч байсан гэдгээрээ түүхэн дурсгалт юм. Тиймээс уг барилга нь яах аргагүй соёлын өв мөн. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтний тайлбарласанчлан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад ороогүй бол соёлын өв биш, жагсаалтад орсон бол мөн гэдэг нь ташаа ойлголт юм.

Тэгэхээр бидэнд дараах асуултууд урган гарч ирж байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт гэж юу вэ? Тухайн дурсгал нь соёлын өв гэж хэрхэн баталгааждаг вэ? Жигжиджавын барилгад Соёлын өвийг хамгаалах тухай хууль яагаад үйлчлэх ёстой вэ?

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалттай гэж зэрэглэнэ” хэмээн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан. Энэхүү зэрэглэл тус бүрээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталдаг бөгөөд энэ жагсаалт нь “соёлын өв мөн” гэж үзсэн жагсаалт биш, харин тухайн цаг үед бүртгэн авсан дурсгалууддаа зэрэглэл тогтоон хамгаалахыг баталгаажуулсан жагсаалт юм. Тухайн дурсгалыг соёлын өв хэмээн үзэх нэг үндэслэл нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал юм. Жигжиджавын барилгын хувьд түүнийг өнгөрсөн үеийн гэрч үзэж өнөөг хүртэл буулгалгүй, анхны төрх хэлбэрээр хадгалж ирсэн нь соёлын өв хэмээн хүлээн зөвшөөрсний баталгаа төдийгүй 2010 онд тус түүхэн дурсгалт барилга байрлаж буй гудамжийг уг барилгад амьдарч байсан Ерөнхий сайд Жигжиджавын нэрэмжит болгосноор дурсгалын түүхэн үнэ цэнийг алдаршуулжээ. Жигжиджавын байшинг соёлын өв мөн гэж үзэх бас нэгэн үндэслэл нь Нийслэлийн Засаг дарга Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрх /16.1.3, 16.1.5/-ийнхээ хүрээнд 2015 оны зургадугаар сарын 17-ны өдөр А/529 дүгээр захирамж гаргаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилж ажиллуулсан явдал юм. Тэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Жигжиджавын барилгыг БСШУ-ы сайдын 2010 оны 541 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол улсын тү .х,
соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл”-ийн маягтын дагуу 110800225 дугаартайгаар бүртгэн авч, Соёлын өвийн төвөөс гаргасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэх RICH програмд буюу “Нийслэлийн бүртгэл, мэдээллийн сан”-д “Ерөнхий сайд Жигжиджавын амьдарч байсан байшин” нэрээр бүртгэн авсан байна. Ийнхүү тус барилгыг Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал мөн гэж баталгаажуулжээ. Тиймээс энэ дурсгалын хадгалалт, хамгаалалт буюу газрыг ашиглах, барилгыг өргөтгөх, сэргээн засварлах, барилгад үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлыг зөвхөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хэрэгжүүлдэг барилга, газрын холбогдолтой журмаар бус, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой.


Дурсгалт барилгын дээврийн хэсгийг нурааж тэгшлэн эх төрх байдлыг алдагдуулсан байна. 2017.10.05

ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ БА ЖИГЖИДЖАВЫН БАРИЛГЫН ЭХ ТӨРХ БАЙДАЛ, ОРОН ЗАЙ, АРХИТЕКТУР

Түүх, соёлын дурсгалт барилгыг хадгалж, хамгаална гэдэг тухайн барилгыг зөвхөн нураахгүй авч үлдэх биш, харин түүний эх төрх байдал, ашиглалт, орчин, орон зай, архитектур зэргийг цогц байдлаар хадгалж хамгаалах асуудал юм. Тухайлбал, Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын талаар: Хөшөө дурсгал, бүлэг барилга, дурсгалт газруудыг бүртгэх ИКОМОС- ийн зарчим /1996/-д “Соёлын өвийг хадгалан хамгаалах ажил нь тухайн өвийн биет хэлбэр байдал, материал, байгууламжийн түүхэн болон соёлын ач холбогдлыг бууруулахгүй байхад оршино”, Хөшөө дурсгал, дурсгалт газруудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах тухай олон улсын харти /Венецийн Харти 1964/-гийн зургадугаар зүйлд: “Хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах ажлыг явуулахдаа тэдгээрийн орчин тойрны байдлыг анхаарах хэрэгтэй. Хэрэв уламжлалт орчин нь хэвээрээ байгаа бол түүнийг хадгалж үлдээвэл зохино. Өнгө ба массын харьцааг өөрчлөхүйц шинэ барилга байгууламж, өөрчлөлт, шинэчлэлийг уг орчинд байлгаж болохгүй” хэмээн хадгалалт, хамгаалалтын талаар маш тодорхой зааж өгчээ. Жигжиджавын барилга дээр төмөр карказ татаж, барилгыг өргөтгөж буй нь түүнийг нураалгүй хамгаалж байгаа хэрэг хэмээн албаны хүн тайлбарласан. Харин бид энэ асуудалд илүү бодитойгоор хандахыг уриалж байна. Жигжиджавын барилгын дээр төмөр карказ татаж, өргөтгөх гэж байгаа нь тус түүхэн барилгын эх төрх байдал, орон зай, архитектурт бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж байна. Иймд эдгээрийг тус бүрт нь задлан авч үзье.

Эх төрх байдал: Тус барилгын хийц загварт өөрчлөлт оруулахгүйгээр газрыг нь ашиглах хүсэлтийг дэмжсэн гэсэн боловч барилгын дээврийн хэсгийг зөвшөөрөлгүй нураан тэгшилж, түүний дээр карказ татсаныг харьцуулсан гэрэл зургаас харж болно. Энэ бол дурсгалт барилгын эх төрх байдлыг алдагдуулсан хийгээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн асуудал юм.


Жигжиджавын барилгыг Нийслэлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн авах үед авсан зураг. Барилгын дээврийн хэсэг нь шувуу нуруутай, бүрэн бүтэн байгааг эндээс харж болно. 2015.08.06

Орон зай: Дурсгалыг хамгаална гэдэг нь тухайн дурсгалын орон зайг мөн хамгаалах, хадгалж үлдэх явдал юм. Гэтэл Жигжиджавын барилгын орон зайд шууд халдаж, маш шахуу буюу дээрэлхүү байдлаар хандаж, харагдах орчинг хязгаарласан байна. Хуучны барилгад хүндэтгэлгүйгээр хандаж, түүнийг бяц дарсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц энэ байдал нь барилгын өөрийн орон зайн ач холбогдол, орчны зохицол, түүхэн үнэ цэнийг алдагдуулж байна.

Архитектур: Тус барилгын өргөтгөл нь тухайн барилгын хийц, загвар, материалтай огт зохицоогүй төдийгүй барилгын орон зайд хамгийн багаар нөлөөлөх дизайн шийдлийг олон улсын жишгийн дагуу хийсэнгүй. Дараагийн анхаарал татаж буй асуудал нь тус барилгыг өргөтгөх зорилго юм. Тодруулбал, Жигжиджавын барилгыг өргөтгөж буйн гол зорилго нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын конторын зориулалтаар ашиглахад оршиж байна. Гэтэл, түүхэн дурсгалт барилгыг ямар зорилгоор өргөтгөдөг вэ гэдэг асуулт энд тавигдана. Олон улсын жишгээр түүхэн дурсгалт барилгыг өргөтгөхдөө тухайн дурсгалыг, эсвэл тухайн бүс нутгийн түүх, соёлыг сурталчлах зорилгоор л өргөтгөдөг. Харин энэ барилгын өргөтгөл нь Нийслэлийн өмчийн харилцааны газрыг өргөжүүлэхэд буюу байгууллагыг өргөжүүлэх хэрэгсэл болгон ашиглагдах гэж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар /36.1/ Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Гэтэл Жигжиджавын барилгад хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн явдал юм. Тэгэхээр бид ХХ зууны эхэнд баригдсан, тухайн цаг үеийн гэрч болсон дурсгалт барилгыг соёлын өв биш хэмээн үл хүндэтгэж, дээр нь өргөтгөлийн төмөр карказ татаж, дээврийг буулгаснаар эх төрх байдлыг алдагдуулж, барилгын орон зайн ач холбогдолд бүдүүлгээр халдаж, архитектурын үнэ цэнийг бууруулснаар дурсгалт барилгыг хамгаалах биш харин булшлах ажлыг хийчихлээ!

Улаанбаатарчууд бид дур дураараа аашилсаар удахгүй соёлын өвгүй, ой санамжгүй нийслэл хоттой болох уу?!

Нийтлэлийг: Г.Очбаяр

Эх сурвалж: "НийслэлGuide" №65/ 2017 аравдугаар сар