Нарны гэрлээр бүтээгч

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 10 сарын 18

Монгол төрийн хүндэт шагнал Алтан гадас одонт япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо манай соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулахад хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн. Тэрбээр аравдугаар сарын 13-23-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 1983-1992 онд авч байсан түүхэн зургуудаа дэлгэх гэж байна. Өдгөө 72 нас сүүдэр зооглоод буй Сүгияама өөрийгөө эрч хүчтэй байгаа дээр монголын соёл урлаг, Улаанбаатарын түүхийг үгүүлсэн зурагнуудаа монголчуудад толилуулахыг хүссэн гэнэ.

Нарны гэрлээр бүтээгч

“Усан онгоцоо яаж нэрлэнэ, тэгж л сэлнэ” гэх мэргэн үг бий. Япончууд үүн лугаа адил нарийн утгатай ханзнуудаас нандигнан шилж хүүхдэдээ нэр хайрладаг болов уу. Сүгияама Тэрүзогийн хувьд эцэг эх нь “нарны гэрлээр бүтээх” гэсэн утга бүхий нэрийг сонгожээ.

Тэрбээр ямар нэгэн бүтээлийг өөрийн гараар туурвих хувь заяандаа багаасаа л итгэдэг байв. Гэр бүлийнхэн нь Токиод амттаны бизнес эрхэлдэг байсан учир Сүгияама аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж, бялуу, нарийн боовны тогооч болох дөхжээ. Гэвч 1970-аад онд Японд гэрэл зураг хүчээ авч, түүний сонирхол ч амттаны салбар руу дахин чиглэсэнгүй. Тэрбээр Токиогийн гэрэл зургийн коллежийг төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон байна.

Сүгияама “Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан” гэлээ.

Бурхадын зургийг сэтгэлийн хир буртаггүйгээр бүтээхүй...

Гэрэл зургийн олон төрлөөр ажилладаг болохоор түүнд төрөл бүрийн захиалгат ажил ирдэг. Сүгияама 1984-1987 онд ЮНЕСКО-гийн ивээл дор, Н.Чүлтэмийн эмхэтгэлээр гарсан “Монголын урлаг” дөрвөн боть номын гэрэл зургийг авсан юм. Тэрбээр “Монголчууд социализмын үед шашин шүтлэггүй байсан ч шашны урлагийн бүтээлүүдээ хадгалж үлдсэн байлаа. Би Занабазарын бүтээсэн бурхадыг хараад үнэн сэтгэлээсээ сүүрс алдсан. Монголын шашны урлаг дэлхийн соёл урлагийн охиудтай эн зэрэгцэх юм байна гэж бодсон” хэмээн хуучлав. 

Түүнтэй ярилцахад гэрэл зурагчин хүн зөвхөн гэрэл сүүдрийг тохируулж, камертайгаа харилцах нь хангалттай биш юм байна гэж бодогдсон. Гэгээрэл, хайр, нигүүлслийн төлөөлөл болсон бурхадын гэрэл зургийг ямар өнцгөөс харж авсан тухайгаа “Би бурхан болгоны мөн чанарыг дотроо төсөөлж, үүнийгээ гэрэл зургаар дамжуулан гаргахыг зорьсон. Үзэж буй хүн гэрэл зургийг биш тэрхүү бурханг харж байгаа юм шиг бодит мэдрэмж аваасай гэж хүссэн. Ариун дээд бурханы зургийг авахын тулд сэтгэл хир буртаггүй байх учиртай. Үгүй бол тэр зураг санасан хэмжээнд хүрэхгүй. Дадлага туршлагадаа тулгуурлаад би цаг зав, сэтгэлээ зориулж эдгээр зургийг авч байлаа” гэв.

Соёлын өвөө үр хойчдоо дамжуулах...

“Монголын урлаг” номын гэрэл зургийг авсанаас хойш 33 жил өнгөрчээ. Харин тэр үеийн зургийг орчин цагт сэргээн засварласан бурхадын зурагтай харьцуулж хараад өөрийн эрхгүй санаа алдахад хүрлээ. Шашны урлагийн бодит дүрийг өөрийн нүдээр гэрчилж, хальсандаа буулгасан хүний хувьд Сүгияама ч бухимдлаа илэрхийлж байлаа. Зурагчин маань “Нурж унах дөхсөн байшин, балгасыг дахин
засварлахаас биш урлагийн бүтээлийг дээрээс нь будаж, сэргээх нь байж боломгүй зүйл. Тэр үед хуруу нь бүтэн байсан бурханы одооны зургийг харахад хуруунууд нь цоорч, тасарч унасан байхыг би харсан” гэлээ.

Сүгияама харийн хүн болохоор монголын судлаачдыг шуудхан шүүмжилсэнгүй. Гэвч Занабазарын Цагаан дарь эхийн мэлмийг шинэ мэт засварлан будаж “нээснийг” хараад “Маш царайлаг болгосон байна” хэмээн ёжлох нь тэр. Дараа нь тэрбээр “Энэ гайхалтай соёлын өвийг хойч үедээ өмчлүүлэхийг хичээх хэрэгтэй. Соёлын өвөө хэр зэрэг сайн хадгалж, дээдэлж байгаагаас тухайн улс орны иргэдийн соёлын түвшин харагддаг” гэж нэмж хэлсэн юм.

Монголын шилжилтийн үеийн тухай үзэсгэлэн

Тэрбээр Монголд социализмын үед ирсэн цөөхөн япончуудын нэг аж. Тухайн үед хөрөнгөтөн орны иргэдийг дайсан мэтээр ойлгодог байсан болохоор гадуур явж зураг дарах нь түүний хувьд хориотой байв. Гэхдээ, хэрэв Сүгияама тэр үед хүмүүсийн үгэнд орж, дуулгавартай байсан бол Улаанбаатар хотынхоо түүхэн баримтат гэрэл зургуудыг олж үзэх завшаан өнөөдөр бидэнд тохиохгүй байж. Түүний дуранд гайхалтай агшнууд өртжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд бэлчиж буй буганууд, авто машины түгжрэлгүй зам, хоосон шахам дэлгүүрийн тавиурууд гээд шилжилтийн үеийн бодит дүр зургууд түүнд бий. Харин Монголд үе үе ирдэг зурагчин маань эдгээр зургийг яагаад одоо л нийтэд толилуулж байна вэ? Сүгияама “Одоо би 72 настай. Тэгэхээр, соёл урлагийн болон Улаанбаатар хотын түүхэн зургууд монголчуудад хүрч амжилгүй надтай хамт үгүй болох магадлалтай. Цаашид одоогийнх шигээ эрч хүч, энергитэй байгаа ч уу, үгүй ч үү. Үүнээс гадна Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан энэ үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Монгол улс үндсэн хуулиараа 1992 онд ардчиллыг тогтоосон. Би гэрэл зургуудаараа социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаарзорьсон” хэмээсэн юм. Дөрвөн ботиор гарсан“Монголын урлаг” зурагт ном Монголын соёлын өвийг дэлхий дахинд таниулж, Орос, Чех, Япон зэрэг олон оронд үзэсгэлэнгээрдэлгэгдсэн байна. Энэхүү бүтээлд багагүй хувь нэмэр оруулсанСүгияамаг манай төр засгаас үнэлж, 2007 онд Алтан гадас одонгоор шагнажээ.

Сүгияаматай уулзах дашрамдаа би гэрэл зургийн үзэсгэлэнг хэрхэн бэлдэж дэглэдгийг анх удаа харлаа. Тэрбээр 1980-1990-ээд онд хэрэглэдэг байсан хальстай камерынхаа бүх зургийг дижитал хэлбэрт оруулж, цэвэрлэж, Японд жижиг хэмжээтэйгээр угаалгаж иржээ. Харин энд томоор угаалгахдаа тэдгээр жижиг зургийнхаа өнгөтэй яв цав нийцүүлж буй аж. Япон хүний нягт нямбай, ул суурьтай хандлага эндээс хүртэл харагдаж байлаа

Гэрэл зургийг: Сүгияама Тэрүзо
Нийтлэлийг: З.Золбоот

Эх сурвалж: "НийслэлGuide" №65/ 2017 аравдугаар сар