Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 10 сарын 19

Нийслэлийн 378 жилийн ойд зориулсан энэхүү гэрэл зурган нийтлэлээс та Улаанбаатар хотын сүүлийн 100 жилийн өөрчлөлт, шинэчлэлийг харж болно. Нийслэл хүрээний үе буюу шашин төвт нийгэмд эмнэлэг нь мамба дацан, эм нь тан, эрдэмтэд нь төвөд үсэг мэддэг лам нар байсан бол шинэ нийгэм буюу социализмын үед сэхээтний давхарга бий болж, соёл, боловсрол, эрүүл мэнд, тохижилтын үйлчилгээнүүд шинээр бий болсон юм.


Богд хаант Монгол улсын Гадаад яамны сайд Чин ван Ханддорж /1869-1915/. 1910-аад он.

Тэрбээр 1913-1914 онд хувийн хэрэгцээндээ зориулан хоёр давхар сууц бариулсан нь өдгөө Сөүлийн гудамжинд буюу хуучнаар 50 дугаар дэлгүүрийн урд, Улаанбаатар хотын номын сангийн зүүн талд байдаг. Уг барилгын I давхар нь европ, II давхар нь ази буюу сүм хийдийн загвартай. Архитектурын өвөрмөц шийдэлтэй энэ барилга ХХ зууны эхэнд баригдсан барилгуудаас үлдсэн цөөн хэдэн дурсгалт барилгын нэг юм.



Суварганы дэргэд буй монгол лам. Гандангийн дэнж. 1913 оны VII сар. Гэрэл зургийг Стефан Пассе.
ХХ зууны эхэн үеийн монгол ламын ерөнхий төрх байдлыг эндээс харж болно. Францын гэрэл зурагчин Стефан Пассе монголын анхны өнгөт гэрэл зургуудыг авч, анхны бичлэгийг хийсэн бөгөөд эдгээр бүтээлээс Нийслэл хүрээний бодит байдлын нэгээхэн хэсгийг харах боломжтой.



Богдын шар ордон. 1930-аад он.
1911 оны XII сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг зарлан тунхаглаж, VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах ёслол энэхүү ордонд болсон байна. 1930-аад оны сүүлчээр нураагдсан тус ордон Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд хэсэгт байжээ. Богдын шар ордны урдах их чөлөө тэр үеийн Хүрээний төв талбай байв.



Богдын хүрээний чинээлэг нэгэн гэр бүл. 1910-аад он.
ХХ зууны эхэнд Богдын хүрээнд орос, хятадын 3-4 гэрэл зурагчны газар байв. Уг газруудад авахуулсан гэрэл зургуудын ихэнх нь язгууртан, ноёд, баячуудынх бөгөөд тухайн хүрээлэлд гэрэл зураг авахуулах моод дэлгэрч, өндөр үнэ хөлстэй энэ үйлчилгээ тансаг хэрэглээнд тооцогдож байжээ. Энэ гэрэл зургаас ХХ зууны эхэнд монголын язгууртан гэр бүл ямар хувцас, гоёл чимэглэл хэрэглэж байсныг харж болно.



Хүрээний дөрвөн найз. 1910-аад он.
Хүрээний жирийн иргэд ямар хувцас, эд зүйл хэрэглэж байсныг энэ гэрэл зургаас тухайлан харж болно. Урт нударгатай, босоо захтай дан дээл өмсөж, бүсээ дээгүүр бүсэлж, тоорцог малгай тавьсан нь ХХ зууны эхэн үеийн Хүрээний залуусын нийтлэг хэв маяг байсан бололтой.



Сүйх тэргээр үйлчлүүлж буй Хүрээний хатад. 1920-иод он.
ХХ зууны эхэн үед Богдын хүрээний гол тээврийн хэрэгсэл нь морь байсан бөгөөд морь хөллөсөн сүйх тэрэг нь язгууртан, ноёд, баячуудын тансаг хэрэглээнд зориулагдаж байв.




Богдын хүрээг тойрон мөргөж буй мөргөлчид. 1910-аад оны сүүлч.
ХХ зууны эхэнд Богдын хүрээ нь Ар Монголын бурхан шашны төв, “амьд будда” хэмээн нэрлэгдсэн VIII Богд Жавзандамба хутагтын суудаг гол газар байсан учраас Хүрээг чиглэсэн мөргөлчдийн цуваа тасардаггүй байжээ. Тэд Хүрээний лам нарын суудаг, сүм хийд төвлөрсөн Зүүн хүрээ болон Баруун хүрээ буюу Гандантэгчинлэн хийдийн гадуур нар зөв тойрон мөргөл үйлддэг байв. Энэхүү мөргөлийн зам дагуу мөргөлийн хүрдүүдийг байрлуулсан байсныг энэ зургаас харж болно.



Жингийн цуваа хотод ирж байгаа нь. 1920-иод оны сүүлч.
Хаалганаас Хиагт хүртэлх цайны замын ачаа барааг монголын жинчид тээвэрлэдэг байв. Энэхүү зураг дээрх жингийн цуваа одоогийн төв талбай дээгүүр Баруун гаалийн хороог чиглэн явж буй бололтой. Учир нь, өнөөгийн УДЭТ- ын суурь, түүний хойд хэсэгт Баруун гаалийн хороо байсан бөгөөд жинчид тэнд буудаллаж, гааль төлдөг байв. Зураг дээр жингийн цувааны цаана Бөмбөгөр ногоон театр болон үлгэр жишээ I сургуулийн дан барилга харагдаж байна.



Гандангийн дэнж. 1924 он.
Богдын хүрээнд 1838 онд Гандантэгчинлэн хийд баригдсанаар Хүрээний баруун талд Талхын дэнж дээр лам нарын нэгэн шинэ Хүрээ үүссэн ба хожим газрын нэр нь хийдийн нэр болж өөрчлөгджээ. 1911-1913 онд Мэгжид Жанрайсэгийн дуган баригдаж, 1940 он хүртэл Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгад тооцогдож байв.




Нийслэл хүрээний Майдар эргэх ёслол. 1922 он. Рой Чапмэн Эндрюсийн экспедицийн зураг.
Богдын хүрээнд Даншиг наадамтай эн зэрэгцэхүйц шашны томоохон баяр болдгийн нэг нь Майдар эргэх ёслол байв. Рой Чапмэн Эндрюсийн тэмдэглэснээр 1922 оны Нийслэл хүрээний Майдар эргэх ёслолд 10’000 гаруй лам, 2000-3000 гаруй жирийн иргэд оролцжээ. Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ гэж үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэддэг. Эдүгээ Майдар эргэх ёслолыг Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулдаг.



Цам гарч байгаа нь. Богдын шар ордны өмнөх талбай. 1920-иод он.
 

Эх сурвалж: "НийслэлGuide" №65/ 2017 аравдугаар сар