Хөдөөгийн бодлогоо хөглөх шаардлага

Хөдөөгийн иргэд хот суурин бараадаад, орон нутаг эзгүйрч байна. Эдүгээ Улаанбаатарт хүн амын тал нь төвлөрч, үлдсэний хагас нь аймаг, сумын төвд нь амьдарч байна. Монголчуудын дөнгөж арав хүрэхгүй хувь нь малчин буюу бидний соёл, ёс заншлын үндэс болсон нүүдлийн аж ахуй эрхэлж байна. Далан саяд дөхөж буй таван хошуу малын 86 хувийг нь хонь, ямаа бараг тэнцүү эзлэх болов. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт тэлсээр байна. Бэлчээртээ мал нь, хотод хүн нь багтахаа байжээ. Хотын сургуульд сурагчид нь багтахгүй, харин сумын сургуульд сурагчид нь олдохгүй болов.

Хөдөөг хөгжүүлэх бодлогын тухай иргэн бүр ярьж, УИХ-ын гишүүн бүр амалдаг ч, энэхүү төлөв байдал засрах нь байтугай, улам дордсоор монголын хөдөө ядуурал, ажилгүйдлийг тэргүүлж байна. Төр засгийн явуулж буй бодлого, авч буй арга хэмжээ нь хөдөөгийн хоцрогдлыг зогсоож чадахгүй байгаагийн гол шалтгаан юу болох, монголчууд бид яах тухайгаа судалгаа тооцоотой хэлэлцэх шаардлага тулгарлаа.

Шинэ сум төсөл

Манай 331 сумын 170 нь 3000 хүрэхгүй, 100 нь 3000-5000, 28 нь 5000-аас дээш хүн амтай. Засгийн газар 2013 онд эдгээр сумуудаас Баянхонгорын Бууцагаан, Баянлиг, Дорноговийн Замын-Үүд сумуудыг сонгон жишиг болгон хөгжүүлэх төсөл эхлүүлэв. Энэхүү “Шинэ сум” төслөөр Бууцагаан, Баянлиг сумдад 20 ортой хоёр давхар нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр барьжээ. Мөн инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто зам, уурын зуух, цахилгааны дэд станц барьж нийтдээ 22 тэрбум төгрөг зарцуулжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 960 хүүхдийн сургууль,100 ортой эмнэлгийг барьж эхэлжээ.

Засгийн газар 2014 онд нэмж 16 суманд энэ төслийг үргэлжлүүлж тус бүрт нь 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах, нийтийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг барьж түлхүүрийг нь гардуулах шийдвэр гаргасан ч Засгийн газар нь төдөлгүй өөрөө огцорч, төслүүд ч зогсов.

Уг нь бол ерөнхий боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг байгуулан, инженерийн дэд бүтцэд холбосноор сумын иргэдийн ая тухтай амьдрах, тогтвортой суурьших нөхцөл бүрдэж, хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна гэж тооцож байжээ.

Шинэ хөдөө төсөл

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санаачлан 2016 оноос хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нийгмийн дунд давхаргыг томруулах зорилгоор “Өрх баян бол улс баян” уриатай “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлж байна. Тэрээр хэд хэдэн аймгуудын тодорхой сумдуудад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хүнс, тариаланчид, фермерүүдийн зэрэг мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг нь судлах, шийдэхэд нь төр засгийг бодитой оролцуулах зорилго тавьжээ.

Тэдний санал бодлыг сонсон үйл ажиллагааг нь төрийн бодлоготой уялдуулж тодорхой санхүүжилтийг 2018 оны төсөвт тусгуулахаар холбогдох яамдуудтай уулзаж байсан ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар бас огцорч, эдүгээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрөө Зам тээврийн хөгжлийн шинэ сайдад нэр дэвшээд байна. Шинэ хөдөө төслийн зардлыг ирэх оны төсөвт оруулахад УИХ-ын гишүүдийн дэмжлэг авах эсэх нь тодорхой бус болов. 

Шинэ тосгон хөдөлгөөн

Солонгос улсын үсрэнгүй хөгжлийн цөм нь болсон Самауел Ундон (SMU) буюу “шинэ тосгон” хөдөлгөөн дэлхийн буурай хөгжилтэй дөчөөд оронд амжилттай хэрэгжиж байна. Энэ хөдөлгөөний Ерөнхий чуулган энэ өдрүүдэд Солонгосын Бусан хотод болж байна. Монголд энэ хөдөлгөөнийг цөөн иргэд санаачлан эхлүүлж, эгнээгээ тэлсээр арваад жилийн нүүр үзэж буй. Бүх аймагт салбартай монголын шинэ тосгон хөдөлгөөн өнөөдөр арваад мянган гишүүнтэй болж олон сум, дүүрэгт иргэдийн оролцоо, солонгос нөхдийн тусламжтайгаар зам тавих, хүлэмж барих, номын сан байгуулах гэх мэт нүдэнд харагдахуйц олон төсөл хэрэгжүүлжээ.

Гэвч бүх газарт орон нутгийн болон засгийн газрын бүрэн дэмжлэг авдаггүй, нийгэмд үнэгүй, өөрөө оролцохгүйгээр бэлэн юм авах сэтгэлгээ давамгайлсан өнөөгийн нөхцөлд бүх нийтийн ажил үйлс болж чадахгүй, хөдөөгийн хөгжилд хүчтэй нөлөөлж чадахгүй байна.

Орон нутгийг хөгжүүлэх төрийн ажлууд оновчтой бус, үр дүн муу учир сумын төвийн оршин суугчдын амьдрал, ахуй дордож буйгаас аймгийн төв, нийслэл хотыг зорьсон шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр л байна. Монголын хөдөөгийн хөгжил гацсаар, олон санал санаачилга царцсаар байгаад ямар дүгнэлт хийж болох бэ?

Шийдэл нь бол Шинэ баг

Солонгосын түргэн хөгжлийн нууц нь улс орныхоо хөгжилд иргэн бүрийг итгүүлэн, оролцуулж чадсанд оршиж байгааг эрдэмтэн судлаачид нь баталж байна. Дөчөөд жилийн өмнө өлсөж байсан солонгосчууд өнөөдөр дэлхийн 10 том эдийн засгийн нэг, 6 дахь том экспортын гүрэн болжээ. Нэг хүнд ногдох ДНБ нь 300 доллар байсан энэ улс энэ хугацаанд 30 мянга буюу 100 дахин өсчээ. Зөвхөн хүн бүр бүтээлчээр оролцон, хамтран ажиллаж чадсан улс орон ядуурлыг давж, үсрэнгүй хөгжиж болдогыг “Хан мөрний гайхамшиг” гэж дэлхий даяар нэрлэдэг. 

Монголын шинэ сум, шинэ хөдөө зэрэг төслүүд гацаад буйн гол шалтгаан бол төр засгаас сумын иргэдийн оролцоогүйгээр шийдвэр гаргаж, аль нэг компанид мөнгө өгөөд сургууль, цэцэрлэг бариулаад, түлхүүрийг нь гардуулж буй арга барилд байгаа юм. Иргэдэд тэдний оролцоогүй юу ч өгөөд, ядуурлаас гардаггүй ажээ. Харин иргэд яахаа өөрсдөө шийдээд, хоршоод ажиллах юм бол төр засаг нь материал болон санхүүгээр дэмжвэл бодит өөрчлөлт гардаг ажээ.

Нийгмийн хөгжлийн эхлэл нь иргэдийн хамтрах чадвартай холбоотой. Эдийн засгийн сонирхлыг нь зөв удирдаж, хоршин ажилласны үр дүнгээр нь санхүү, материалын дэмжлэгийг оновчтой, цагт нь үзүүлж чадсанаар, бодитой өөрчлөлт гарч, иргэдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, урам зоригтой хамтран ажилласнаар амьдралын чанар нь дээшилдэг.

Монголын хөдөөгийн хөгжлийн цөм нь баг юм. Багийн өрх бүр өвөлжөөний газраа эзэмших, бэлчээр, усаа хамтран ашиглах, тодорхой тооноос илүү малтай бол татвар төлөх, төлсөн татварын хагас нь тухайн багт эргүүлэн олгох, багийн гишүүд мал аж ахуйгаа эрхлэх, бизнесээ хорших замаар шинэ баг хөдөлгөөнийг хөгжүүлэх боломжтой.

Хот суурин газрын хөгжлийн цөм нь хороо ажээ. Иргэдийн эзэмшил, оролцоогүйгээр гэр хорооллыг орон сууцжуулах, шаардлагатай дэд бүтцийг байгуулах боломжгүй болохыг нийслэлд хэрэгжүүлэхийг оролдсон бүх төслүүд баталж байна. Иргэд газраа байраар сольж, насан туршийн боловсрол авах, хорооны нутгаа тохижуулахын тулд хамтран ажиллах шаардлагатай юм.

Монгол улс хөдөөгийн бодлогоо хөглөн жигдрүүлж, хорвоо ертөнцөөс ухаалаг суралцан, цоо шинэ аргаар ажиллах цаг ирлээ.

2017.10.18

Бусан хот