Орон нутгийн төлөөлөгчидтэйгөө зөвлөлдлөө

Эдийн засаг / Time Admin
2017 оны 10 сарын 20

Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгчийн бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар бүртгэлийн мэргэжилтнүүдийн хамт хавсран гүйцэтгэдэг юм.

Өнөөдөр Хороо бүх аймгийн төлөөлөгчдөө хүлээн авч, банкнаас бусад санхүүгийн зах зээл, тэдгээрийн зохицуулалт, өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого болон санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх чиг хандлагын талаар танилцууллаа. Энэ хүрээнд Хорооноос явуулж байгаа зайны болон газар дээрх хяналт шалгалтын үйл явц, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг мэдээлж, тулгамдаж байгаа асуудлын талаар зөвлөлдөв.

Түүнчлэн Хорооны үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, гадаад харилцаа, орон нутгийн төлөөлөгчидтэйгөө хэрхэн хамтран ажиллах талаар болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаарх олон улсын бодлогын талаар ярилцаж, санал солилцлоо.

Орон нутгийн төлөөлөгч нар Хороо болон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг хангах, мэдээлэл солилцох талаар түлхүү ажиллах шаардлагатайг онцолж байв.