Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг нарын тушаалаар хүүхдүүд ТӨЛБӨРТЭЙ үзүүлж байна

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 23

Баянзүрх дүүргийн эмнэлэг хүүхдэд үзлэг хийхдээ 5000 төгрөгийн төлбөр авч байгаад иргэд бухимдалтай байна. Учир нь “0-16 насны хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах” хуулийн заалттайг хэлж байна.

Уг асуудлаар “Баянзүрх эмнэлэг”-ийн Ерөнхий эмч Л.Баярцэцэгээс тодрууллаа.

Танай эмнэлэг хэзээнээс, ямар шалтгаанаар хүүхдийн үзлэгийн төлбөрөө 5000 төгрөг болгосон бэ?

Баянзүрх эмнэлэгийн хувьд Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагын захирамж, тушаалын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Манай эмнэлэг  дүүргийнхээ 320 гаруй мянган хүнд үйлчилдэг. Үүнээс 0-16 насны хүүхдүүд 110 гаруй мянга бий. Үүн дээр хөдөлгөөнт хүн амаа нэмж тооцвол 380 гаруй мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг. Манай эмнэлэг жилийн туршид 358 орон дээр 10 гаруй мянган өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг. Дүүргийн хувьд хүн ам ихтэй ч хэвтүүлэн эмчилдэг ганц эмнэлэг нь манайх. Энэ утгаараа ачаалал ихтэй.

Ачааллыг зохицуулах чиглэлээр нэлээдгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Төлбөртэй тусламж үйлчилгээний хувьд дараах үндэслэлээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт 2017 оны долоодугаар сарын 27-нд Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 264/А/293 тоот тушаал гарсан. Тушаалд мэргэжлийн эмч нарын үзлэгийн төлбөрийг 20-35 мянган төгрөгт багтаан оруулсан байгаа. Гэхдээ бид дээрх тарифт баригдаагүй. Үзлэгийн үнэ төлбөрийг хүн ам, амжиргааны түвшингээ бодолцон 5000 төгрөг байхаар тогтоосон.

Хоёрдугаарт, бид сар тутамд судалгаа хийдэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаагаар “Хүлээн авах”-аар ирсэн нийт хүүхдийн 90 орчим хувь нь өөрсдийн хүсэлтээр ирсэн  байна. Харин манай эмнэлгийн үйлчилгээний чиглэл нь өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн, хэвтэх бичигтэй, яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн хүүхдүүдийг хүлээн авч, эмчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх 90 хувийг эзэлж буй хүүхдүүд өрхийн эмнэлэг, дүүргийн хүүхдийн мэргэжлийн эмч нартаа хандахгүйгээр шууд манай эмнэлэгт ирж, зохиомол ачаалал үүсгэж байгаа юм. Ингэснээр яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдэд зориулах цаг, үйлчилгээний чанар алдагдах эрсдэлтэй.

Ачаалал их байгааг та тоо баримтаар харуулаач?

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард хийсэн судалгаагаар 3500 гаруй хүүхэд манай эмнэлгийн “Хүлээн авах”-аар хандсан байна. Тэднээс ажлын цагаар буюу 08.30-16.30 цагт хандсан нь 30 орчим хувь, үлдсэн 70 орчим хувь нь ажлын бус цагаар, тэр дундаа 19-23 цагийн хооронд ирсэн байна. Амралтын өдрүүдэд ажлын өдрөөс ч илүү ачаалал үүсдэг.

Түүнчлэн ирж байгаа хүүхдүүийн дөнгөж хоёр хувь нь яаралтай түргэн тусламж буюу 103-аар ирдэг. Найм орчим хувь нь өрхдөө хандсан, хэвтэх бичигтэй хүүхдүүд байдаг. Үлдсэн 90 хувь нь өөрсдөө сайн дураараа хандаж байна.

Нийт хандаж буй хүүхдүүдийн 15-20 орчим хувь нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүд байдгийг бид хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлдэг. Үлдсэн 80 гаруй хувь нь зөвлөгөө аваад, эмчилгээний заавар бичүүлээд буцпдаг. Уг нь энэ үйлчилгээг өрхийн эмнэлэгээсээ авах ёстой шүү дээ.

Ийм зохиомол ачаалал үүсдэгээс үүдэн ажлын бус цагаар жижүүрлэн ажиллах эмч нарынхаа тоог  нэмэгдүүлсэн. Энэ цаанаа цалин, илүү цагийн мөнгө гээд санхүүгийн асуудал дагуулж байдаг. Энэ асуудлаа бид дотооддоо шийдээд явдаг. Ер нь хэдий болтол бид зохиомол ачаалалд дарлуулах ёстой вэ, ямар гарц байна вэ гэдгийг олж харах ёстой. Урт удаан хугацаанд үйлчилгээ үзүүлсний дараа, судалгааны дүнд ийм шийдвэр гаргасан.

Иргэд төлбөртэй үзлэгийн талаар санал шүүмж  гаргаж байна уу? Төлбөртэй үзлэг хийгээд хэр удаж байна вэ?

14 хоногийн өмнөөс өөрсдөө манай эмнэлэгт хандсан хүүхдүүдийг эцэг эхийнх нь хүсэлтээр 5000 төгрөгийн төлбөртэй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийлгэж байна. Манай эмнэлэгт зэрэгтэй, гавьяат эмч нар олон бий. Төлбөртэй үзлэг гэдэг нь оочёр дугааргүй нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх боломж юм.

Төлбөртэй үзлэгийг хүмүүс янз бүрээр л хүлээн авч байна. “Удаан дугаарлаж суухгүйгээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж нээгдсэн байна” гэж хүлээ авах нэг хэсэг байхад таашаахгүй хүмүүс ч байна. Хүмүүсийн амьжиргаа амьдрал хүнд байна. Бүх зүйлийг мөнгөөр шийдээд байгаа мэт санагдаж байгаа байх. Гэхдээ бид шаардаж тулгаагүй. Заавал үзүүл гэсэн асуудал тавихгүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр  төлбөр төлөн үзүүлж болох юм.