“Ашигтай зураглал” буюу Путин Сочид яагаад англиар ярьсан бэ?

Нийтлэл / Өглөөний сонин
2017 оны 10 сарын 23


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч бямба гарагт зангиагаа тайлж, Сочид болсон залуусын наадмын тайзнаа гарч иржээ. Ингээд Оросын агуу их гүрэн, ирээдүйд хэрхэн итгэдэг тухайгаа англи, орос хэлээр ярьсан байна. 

Путины хувьд ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх тухайгаа одоо болтол мэдэгдээгүй ч түүний тавьсан илтгэл нь сонгуулийн аяны бүхий л хуульд тохируулан найруулсан байна гэж шинжээчид мэдэгджээ. “Оросоос явахад та энд зүрхнийхээ нэг хэсгийг үлдээнэ гэдэгт итгэж байна. Гэвч Орос орон үргэлж зүрхэнд тань үлдэх болно. Бид та бүхэнд итгэж байна” хэмээн Путин төлөөлөгчдөд хандан хэлжээ. Энэ үеэр хэдэн зуун хүн түүний зүг гар утас, гэрэл зургийн аппаратаа сунгаж байлаа. 

Дараа нь тэрбээр “Future starts here and now! Future is you!” хэмээн англир мэдэгдэж, “All the best, dear friends! All the best” хэмээн төлөөлөгчдөд сайн сайхныг хүссэн байна. Төлөөлөгчид ч талархан дэмжиж, “Путин! Путин! Баярлалаа! Баярлалаа!” хэмээн шуугилджээ.

Ирээдүйн дүр төрх

В.Путин төрийн эрхийг бариад 17 жил болж буй. Харин Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцоно гэж мэдэгдээгүй ч маргаангүй хамгийн нэр хүнд өндөр хүний тоонд орж байгаа билээ. “Левада центр”-ээс явуулсан хамгийн сүүлчийн санал асуулгаар оролцогчдын 64 хувь нь түүний төлөө санал өгөхөд бэлэн байгаа аж. 

Харин түүнтэй хамгийн ойролцоо рейтингтэй яваа нь түүний гол түнш, Ерөнхий сайд Дмитрий Медведев байгаа юм. Түүнд санал асуулгад оролцогчдын найман хувь нь санал өгөхөд бэлэн гэжээ. Гэхдээ В.Путины хувьд ирэх сонгуульд оролцох эсэхээ ирэх арванхоёрдугаар сард мэдэгдэх гэнэ. В.Путиний ирээдүйн сэдэв нь Ерөнхийлөгчийн кампанит ажлын гол хэсгийн нэг байх болно гэж Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн ерөнхий захирал Валерий Федоров өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ведомости” сонинд мэдэгджээ. 

Үнэхээр ч өнгөрсөн хавар сөрөг хүчний Алексей Навальнийн зохион байгуулсан эсэргүүцлийн арга хэмжээнд дунд сургуулийн сурагчид болон оюутнууд олноор жагссанаас хойш Кремль залуучуудтай түлхүү ажиллаж эхэлсэн байна. В.Путин “Хүүхдийн шууд утас” ажиллуулж, өсвөр насны хүүхдүүдийг Кремлийн танхимдаа урьж байлаа. 

Түүнчлэн Сочид болж буй залуучууд, оюутнуудын долоо хоногийн наадмыг В.Путин ашигтайгаар ашиглахыг хичээсэн бололтой гэж наадмыг зохион байгуулагч нэгэн эх сурвалж ВВС-д мэдээлжээ. “Путин дэлхийн залуусын сайшаан дэмжсэн алга ташилт дор гарч ирж, тэдэнтэй ирээдүйн тухай яриа өрнүүлсэн нь удахгүй сонгуульд оролцох Ерөнхийлөгчид үнэхээр эерэг бөгөөд ашигтай зураглал болж чадаж байна” хэмээн эх сурвалж мэдэгджээ.

Залуустай ирээдүйн талаар яриа өрнүүлэх нь төрийн эрхэнд 20 шахам жил байгаа, өчигдрийн баатар болох эрсдэлтэй улстөрчид ашигтай хувилбар хэмээн улс төр судлаач Аббас Галлямов мэдэгджээ. “Өчигдрийн төлөө сонгогч санал өгөхгүй. Ирээдүйн тухай яриа энэ асуудлыг шийднэ. Энэ нь залуу үеийнхэнд ч тустай. Тэгээд ч залуучууд бол ирээдүйн санааг бодитоор хэрэгжүүлэгч нь юм” хэмээн шинжээч мэдэгджээ.

Цөмийн зэвсгээс ч аймшигтай

В.Путин үүний өмнөх ням гарагт нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон бол аравдугаар сарын 19-ний орой Сочигийн Олимпийн хүрээлэнд ирсэн билээ. Гитар тоглон бүжиглэж байсан залуучууд В.Путиныг алга ташин баяртайгаар угтаж авсан. 
Тэгвэл бямба гарагт Путин ярилцахаар иржээ. Тэрбээр хэдэн зуун орны төлөөлөгчдөд хандан, залуу хүмүүсийн ямар чанар амжилтад хүргэдэг талаар ярьсан байна. 

Нэгдүгээрт, soft skills буюу салбар бүрийн мэдлэгтэй байж, түүнийгээ ашиглах. Хоёрдугаарт, сэтгэл хөдлөлөө дарахгүй ч удирдаж чаддаг байх. Гуравдугаарт, багаар ажиллах чадвар гэжээ. 

Үүний дараа Оросын төрийн тэргүүн ёс суртахууны тухай сэдвийг хөндсөн байна. Генийн инженерчлэл ямар ч айдас, мэдрэмжгүй, хайрлаж өрөвдөх, харамсах сэтгэлгүй, өвддөггүй зэрэг өгөгдөлтэй хүнийг бүтээх замыг нээдэг хэмээн тэрбээр ярьсан байна. “Миний ярьсан энэ зүйл бол цөмийн бөмбөгөөс ч илүү аймшигтай” хэмээн В.Путин залуучуудад анхааруулаад “Хөгжлийн маш хүнд, хариуцлагатай, хүн төрөлхтөн оршин тогтнох уу үгүй юу гэсэн үед амьдрахаас өөр аргагүй” гэж мэдэгджээ.