Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 25, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 25

1. Амь үрэгдсэн иргэд 700 метрийн өндрөөс шидэгдсэн байна

Отгонтэнгэр ууланд авирч явсан 27 иргэн цасан нурангид өртөн 17 нь сураггүй болсон мэдээлэл өнгөрсөн ням гарагаас хойш олон нийтэд хүрээд байгаа билээ. Тэдгээр хүмүүсийн 10-ынх нь цогцсыг уржигдар олсон бол өчигдөр мөн дөрвөн хүний цогцсыг олжээ. Үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр үргэлжилж байна. Ослын газар Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаад өчигдөр ирсэн бөгөөд тэрбээр, “Өнөөдөр олдсон иргэдийн цогцос ойролцоогоор 700 метрийн өндрөөс шидэгдсэн байна. Цасны гулгалт 700 орчим метр урт, 150 орчим метр өргөн цар хүрээтэй байжээ” хэмээн хэлжээ.  [Ikon.mn]

2. Алтайн магтаалыг “өмчилжээ”

Эртнээс ард түмний дунд ардын аман зохиол хэмээн өвлөгдөн ирсэн “Алтайн магтаал”-ыг нэгэн иргэн өөрийн нэр дээр авчээ. Тодруулбал, Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2015 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн тушаалаар “Алтайн магтаал”-ыг иргэн Д.Гомбосүрэнгийн өмч хэмээн гэрчилгээ гаргасан байна. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад, “Иргэн Д.Гомбосүрэн Алтайн магтаалыг дүрсжүүлэн дуулсан тул өмчийн гэрчилгээ авсан байна.  Алтайн магтаал нь ардын аман зохиол ч гэлээ дүрсжүүлсэн хэлбэр нь иргэн Д.Гомбосүрэнгийн бүтээл” хэмээн хариулжээ. [Time.mn]

3. У.Хүрэлсүх: Шинэ цэвэрлэх байгууламжийг 2021 онд ашиглалтад оруулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, НЗДТГ-ын удирдлагууд өчигдөр “Төв цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.Төв цэвэрлэх байгууламж нэгэнт ачааллаа дийлэхээ больсон тул шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 50 гаруй жилийн настай уг цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсноор сүүлийн жилүүдэд салхинд туугдан ирэх цэвэрлэх байгууламжийн үнэрийн тухай гомдол нийслэлийн иргэдээс  тасрахаа болиод байгаа билээ. [Eagle.mn]

4. Монгол эмч дэлхийн шилдэг мэс засалчаар шалгарчээ

Монгол эмч дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Тодруулбал, Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн 2017 оны “Мэс засалчдын олимп”-д амжилттай оролцож, дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон байна. Тэрбээр Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлсэн гавьяатай хүн юм. [Medee.mn]  

5. Шатарчин хүү Д.Батсүрэн "Сарын шилдэг тамирчин" болов

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо. Уругвай улсын Монтевидео хотноо болсон шатрын Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр олонхийн санал авч шилдэг тамирчин болов. Тэрбээр нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон ДӨАШТ-д түрүүлсэн Монгол Улсын түүхэн дахь анхны эрэгтэй шатарчин юм. 1974 оноос эхтэй тус тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байжээ. [Montsame.mn]

6. Ши Жиньпиний нэр хүнд Хятадад Мао Зэдунтэй зэрэгцэж очжээ

БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист намын XIX их хурлын төлөөлөгчид намынхаа үндсэн дүрэмд Ши Жиньпиний үзэл баримтлалыг албан ёсоор тусгаж өгчээ. Ингэснээр Ши Жиньпин нь нэр хүндээрээ БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдунтэй эн зэрэгцэж очсон байна. Ши Жиньпин 2012 онд Хятад улсын дарга болсноосоо хойш өөрийнхөө нэр нөлөөг бэхжүүлсээр ирсэн юм. Түүний үзэл баримтлал нь ХКН-ын бодлогын маш чухал хэсэг болж байна. Үүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин гэсэн хоёрхон удирдагчийн үзэл санааг ХКН үндсэн дүрэмдээ тусгаж байсан юм. [Montsame.mn] [Montsame.mn]

7. Саудын Арабт Нью Йоркоос 33 дахин том хот байгуулна

Саудын Арабын Засгийн газар 500 тэрбум ам. долларын өртөгтэй аварга хот сүндэрлүүлэх тухай мэдэгдлээ. 16 мянган километр квадрат талбайг хамрах НЕОМ хэмээх энэхүү төслийн хүрээнд эрчим хүчийг нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийдэх аж. Өнөөдөр Саудын Араб дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч орон болсон хэдий ч газрын тосны үнэ унахтай зэрэгцэн ажилчдыг цалинжуулахад хүндрэлтэй болж эхэлжээ. Тиймээс эдийн засгаа эрчимжүүлэх зорилгоор Йордан, Египет хоёр улсыг холбосон, цэвэр сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 500 тэрбум ам. долларын мега хот байгуулахаар шийдсэн нь энэ юм. [Gogo.mn]

8. Ходорковский Путины эсрэг жагсаалд оролцов

Таван сарын дараа ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан ЮКОС-ын тэргүүн асан Михаил Ходорковский эсэргүүцлийн жагсаалд оролцож, сонгуульд хяналт тавихыг уриалжээ. Ходорковский, "Ирэх сонгуулиар санал хураалт явагдахгүй, эрх баригчид сонгуулийг луйвардах гэж байна" хэмээн үзэж буйг “BBC” агентлаг уламжлав. Ерөнхийлөгч Владимир Путины хувьд 18 жил ОХУ-ыг удирдаж байна. Мөн "Левада центр"-ийн судалгаагаар сонгуулийн насны иргэдийн 64 хувь нь түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа аж. [Medee.mn]

8. Стефэн Хокингийн докторын ажил олон нийтэд нээлттэй болжээ

Нэрт физикч Стефэн Хокингийн залуудаа хийж гүйцэтгэсэн докторын ажлыг өчигдөр Кэмбрижийн их сургууль өөрийн сайтдаа нээлттэй байрлуулжээ. Хокинг 1966 онд 24 насандаа “Properties of Expanding Universes” нэртэй бүтээлээ бичиж, орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай санаагаа дэвшүүлж байсан юм. Тэрээр хожим нь бүх амьдралынхаа туршид энэ сэдвээр ажилласан байна. Даваа гарагт онлайн байрлуулсны дараа маш олон хүн Хокингийн докторын ажлыг татаж авахаар оролдож эхэлсэн тул Кэмбрижийн сайт ачааллаа даахгүй унасан байна. [Ikon.mn] http://www.ikon.mn/n/14vl 

9. “Лан” хар салхи долоон хүний аминд хүрчээ

Японы төвийн хэсгийг “Лан” хэмээх хүчтэй хар салхи дайран билээ. Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар долоон хүн амиа алдаж, 90 хүн бэртсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Лан” хар салхи Шизуока мужийг 175 км/цагийн хурдтай дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан байна. Хар салхины улмаас “Japan Airlines Co” болон “All Nippon Airways Co” компани өчигдөр 100 гаруй нислэгээ цуцалснаар 25 мянган хүн зорьсон газраа очиж чадаагүй гэнэ. [Shuud.mn] http://www.shuud.mn/content/read/489776.htm 

10.
“Москвагийн дуу хоолой” радио станцын байранд гэмт этгээд халдаж туслах редакторыг нь хутгалсан хэрэг гарсан байна. Энэ тухай радиогийн сайтад нийтэлжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, радиогийн шоуны хөтлөгч  32 настай Татъяна Фелгенгауэр одоо эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Харин халдлага үйлдэгч этгээдийг цагдаагийн газарт хүргэсэн байна.  Хохирогч эмэгтэй нь радиогоор зогсохгүй, хааяа телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг учраас Оросуудын сайн мэдэх “Москвагийн дуу хоолой” радиогийн нүүр царай нь болдог байна. [Time.mn] http://time.mn/n/lGB