Пауло Коэльо: “Алхимич”-ийг бичиж байхдаа өөрийн амьдралыг л ойлгохыг хичээсэн

Нийтлэл / Ц. Ариунсанаа
2017 оны 10 сарын 25

Өнөө цагийн хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг Пауло Коэльо 2003 онд Энэтхэгийн нэгэн сонинд өгсөн ярилцлагаа 2014 онд өөрийн сайтдаа нийтэлжээ. Энэхүү товч ярилцлагыг хүргэж байна. 

- Та өөрийн амьдралдаа бурхны эмэгтэй хүчийг мэдэрсэн гэгддэг тэр үеэ дурсаач?

- 1992 онд, Лоурдест байдаг нэгэн агуй дотор сууж байхад юм байна. Тэр цагаа хойш би өөрийнхөө эмэгтэй талыг хүлээж авахыг хичээх болсон. Бичиж байхдаа би яг л эмэгтэй хүн болдог. Амьдралаас жирэмслэж, хүүхдээ хэрхэн хүлээж авахаа мэддэггүй байлаа. Миний жирэмслэлтийн хугацаа хоёр жил гаруй үргэлжилдэг. Тэр хугацаанд тэмдэглэл ч хөтлөхгүй, төлөвлөгөө ч гаргадаггүй. Ганц мэдэж байгаа зүйл маань гэвэл амьдрал миний дотор ямар нэгэн үрийг суулгаж, тэр нь цаг өнгөрөх тусам ургасаар байдаг. Тэгээд цаг нь болохоор би суугаад бичиж эхэлдэг. Бүхий л бүтээл төрөх үйл явц яг энэ нууцлаг хүчээс бий болдог. Тиймээс энэхүү нууцлаг хүчийг хүндэлж, биширдэг учраас заавал ойлгох гэж хичээдэггүй.

-Уншигчид таны ном амьдралыг нь хэрхэн өөрчилснийг хэлээд тэврэхэд ямар санагддаг вэ?

- Юуны түрүүнд би бол зохиолч. Зохиолч хүний хувьд шинэ ном гаргах гэсэн хүч шаардсан шалгууртай тулгардаг. Энэ нь миний амьдралыг улам л сонирхолтой болгоно. Шинэ ном бичих бүрт өвдөлт, баяр баясал, зовлон шаналал, тайвшрал гэх мэт амьд хүний мэдэрдэг бүхнийг туулна. Би яагаад ийм зүйл болдог эсвэл болсон талаар боддоггүй. Тэгээд нэг мэдэхэд л би дэлхий дахинд алдартай болчихсон доо. “Би хийж байгаа зүйлдээ үнэхээр бодитоор хандаж байна уу. Одоо хүртэл өөрийнхөө дотоод мэдрэмжтэйгээ ярилцаж чадаж байна уу?” гэж өөрөөсөө асуудаг. Миний номуудын амжилтын нууц гэвэл, нэг л зүйл бий. Тэр нь, нууц гэж ерөөсөө байхгүй.

-Та дэлхий дахинд танигдаж, ийм их амжилт олсон зохиолч болно гэж бодож байв уу?

Би “Алхимич”-ийг бичиж байхдаа өөрийн амьдралыг л ойлгохыг хичээж байсан. Бас үүнийгээ илэрхийлэх ганц арга нь ном байсан. Ер нь ном хэвлэлээр дамжуулж ямар ч зохиолч, юуны ч талаар бичиж болдог шүү дээ. Үүнийг харин уншигчид л хаа хүрэхийг нь чиглүүлдэг. Тиймээс уншигчид маань ижил асуултуудын хариултыг хайж байдгийг нээж өгсөн. Тэгээд аажим аажмаар “Алхимич” маань дэлхийгээр аялж, өнөөдөр бүх цаг үеийн шилдэг борлуулалттай ном болсон байна даа. Гэхдээ энэ амжилт дэлхий дахины хэл, түүний сайшаалаар дамжин алгуурхан ирсэн. Энэ нь надад “Би ганцаараа биш юм байна” гэдэг маш гайхамшигтай мэдрэмжтэй хамт ирсэн дээ.

- Та Эль Пайсын Жуан Ариастай ярилцсан ярилцлагадаа “Аз жаргал гэдэг миний хувьд үнэхээр хийсвэр ойлголт, танд үнэнийг хэлэхэд, би хэзээ ч жаргалтай байдаггүй” гэж хэлсэн байсан.

- Аз жаргалгүй байх нь нэгэн төрлийн сонголт. Энэ нь би аз жаргалыг хүсдэггүй гэсэн үг биш. Зөв сонголт бол “баяр баясал”. Сорилтууд, ялалт, ялагдал, сэтгэлийн хөөрөл аль нь ч миний энэ ням гарагийн амар амгалан оройн “аз жаргал”-ыг бусниулж байгаагүй.

- Алхимич дээр та өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд төлбөр төлөх хэрэгтэй гэж хэлсэн байсан. Мөрөөдөлдөө хүрэх аялалд яг юуг төлсөн бэ?

- Маш үнэтэй нэг зүйлийг. Гэхдээ хэн нэгний мөрөөдлөөр амьдралгүйгээр, зөвхөн өөрийнхөө мөрөөдлийн төлөө тэр зүйлийг золисондоо би баяртай байдаг.

- Та сэтгэцийн эмнэлэгт хоёр ч удаа орж байсан. Их хүчтэй бодол санаа тодорхой хэмжээний галзуурлыг үүсгэдэг гэдэг. Та сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдээ юу гэж хардаг вэ?

- Би үүнийг нэг бүрчлэн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ бүхий л туршлагаа “Вероника үхэхээр шийдсэн нь” номондоо бичсэн. Харин ганцхан зүйлийг хэлэхэд энэ ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн гэмтлээс болоогүй. Энэ туулах ёстой зам, миний үзэх ёстой байсан зүйлсийн л нэг байсан.

- Хэнд ч хэрэггүй гэж өөрийгөө мэдэрдэг, шархалсан, тэгээд амиа хорлохоор шийдсэн нэгэн эмэгтэйтэй тааралдвал та түүнд юу гэж хэлэх вэ?

- Өөр байх зоригтой бай. Чи бол дахин давтагдашгүй цор ганц, бусад хүмүүсийн хувь тавилан юм уу замналыг дуурайхгүйгээр, өөрийгөө яг тэр байгаагаар нь хүлээж ав. Хэн нэгэнтэй адилгүй байна гэдэг нь чи солиотой гэсэн үг огтхон ч биш. Өөрийнхөө мэдрэмжүүдийг илэрхийлэх нь хэвийн зүйл. Зүрх сэтгэлээ бусадтай хуваалцахаас айхаа больсон тэр мөчид чи эрх чөлөөтэй хүн болно.

Эх сурвалж: http://paulocoelhoblog.com/