Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 24, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 24

1. Эрлийн багийнхан сураггүй алга болсон 7 хүнийг хайж байна

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр ууланд 27 иргэн авираад буух явцад цасан нуранги үүсч, 17 хүн сураггүй болсон хэрэг олныг цочроогоод байна. Өчигдөр 16.00 цагийн байдлаар 10 цогцос олдсон бөгөөд эрлийн багийнха үлдсэн 7 хүнийг хайх үйл ажиллагааг өнөөдөр үргэлжүүлж байгаа юм. Ослын газарт 123 хүн ажиллаж байна. Одоогоор баттай болсон мэдээлэл юу вэ гэвэл, ууланд авирч явсан иргэд оргилд хүрээд буух явцад 3200 метрийн өндөрт цасан нурангид дарагдаж 600-800 метр өндрөөс унажээ. Ингэхдээ 27 хүн гурван бүлэгт хуваагдан хоорондоо тодорхой зайтай бууж явах үед урд явсан хоёр баг нурангид өртсөн аж. Сүүлд явсан 10 хүнтэй баг цасан нуранги болсныг мэдээд замаа өөрчлөн, бууж ирсэн юм. [Time.mn]

2. Агаарын бохирдлыг бууруулахын тулд ипотекийн зээлийг нэмэгдүүлнэ гэв

Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан бөгөөд ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр арга хэмжээг авахаар болов. Мөн нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэв. [Gogo.mn]

3. Эмч нар ирэх сарын 7-нд ажил хаяна

Өнгөрсөн наймдугаар сараас хойш цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа эрүүл мэндийн салбарынхан энэ удаад хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийлээ. Жагсаалд 21 аймгийн эмч эмнэлгийн ажилчид бүгд оролцох бөгөөд ажил хаялтад нэгдэх энгэрийн тэмдэг зүүжээ. Тэд хэлэхдээ, “Бид өнөөдөр цалингаа 5-10 хувь нэмэгдүүлэхээр, урамшуулал авахаар талбай дээр жагсаагүй.  Харин үндсэн цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна.” гэжээ. Ажил хаялт ирэх сарын 7-нд болно. [Eagle.mn]  

4. Монгол дахь хойд солонгосчууд сарын 400 мянган төгрөгийн цалинтай

Хойд Солонгост үзүүлж буй олон улсын шахалт болох НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгосын ажилчдыг улс орнууд нутгаасаа албадан гаргаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл хойд солонгосчуудын ажлын зөвшөөрөл, хөдөлмөрийн виза нь цуцлагдаж байгаа тул нутаг руугаа буцахаас аргагүй болжээ. Монгол Улсад тодорхой тооны хойд солонгос ажилчид байдаг ч эдийн засгийн хямралын улмаас тэдний 70 хувь нь нутагтаа буцсан тухай мэдээнд дурджээ. Гэхдээ 1000 орчим ажилчин Монголоос гараагүй үлдсэн аж. Тэд сарын 400 мянган төгрөгийн цалинтай бөгөөд үүнийхээ 90 хувийг нь улсдаа тушаадаг байна. Мөнгөгүй тул ажлын байрандаа хонох, өвчин эмгэгт нэрвэгдэх зэрэг тун хүнд нөхцөлд тэд амьдардаг гэжээ. [Ub.life]

5. Морьт харвааны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

БНСУ-ын Согчу хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Энэ тэмцээнд БНСУ, Монгол, АНУ, Франц, Канад, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Финланд, Иран, Малайз, БНХАУ, Турк зэрэг 13 орны 100 гаруй тамирчид зургаан төрөлд өрсөлдөж шилгүүдийг тодруулсан юм. Тус ДАШТ-ий морьт харвааны төрөлд манай тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр энэ тэмцээнээс хоёр жил дараалан медаль хүртээд байна. [Montsame.mn]

6. Холливудын өөр нэгэн найруулагч секс гэмт хэрэгт холбогджээ

Саяхан Холливудын алдар цуутай продюсер Харви Вэйнштэйн олон арван жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулж байсан нь ил болоод байсан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Холливудын өөр нэгэн алдартай найруулагч Жэймс Тобак 40 гаруй бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж, заримыг нь хүчирхийлсэн нь тодорхой болсон аж. Энэ талаар Лос Анжелес Таймс сонин хохирогч 31 бүсгүйн мэдүүлгийг баримт болгон олон нийтэд мэдээлжээ. Ихэнхдээ хайр дурлал, гоо сайхныг харуулсан бүтээл туурвидаг найруулагч Жэймс Тобак хэдэн арван бүсгүйг хүчирхийлэхийг завдсан нь илэрсэн даруйд түүнийг Оскарын кино зөвлөлөөс хасчээ. [BBC]

7. Каталончууд Мадридаас хамаарахгүй тусгаар байдлаа зарлана 

Барселонад төвтэй каталон үндэстнүүд Испанийн нийслэл Мадридаас үл хамаарч тусгаар тогтнолоо олон нийтэд зарлах болно гэж дахин мэдэгдлээ. Саяхан Испанийн гадаад хэргийн яам каталончуудыг Үндсэн хууль зөрчиж, дотоодын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа гэж шүүмжилсэн бол үүний хариуд каталончууд Мадридын ямар ч албан тушаалтныг үл тоон Европын орнуудад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх кампанит ажлаа эхлүүлэхээ зарлаад байна. Түүнчлэн Испанийн Ерөнхий сайд Мариано Райя “Каталон салан тусгаарлах нь Испанийн улсын хувьд байж болшгүй хагарал бутрал юм” гэж мэдэгджээ. [CNN]

8. Японд онцгой байдал зарлана

Японы Шизүока хотыг 198 км цагийн хурдтай Лэн хар шуурга дайран өнгөрсний улмаас томоохон гүүр, барилга нурж, их хэмжээний замын эвдрэл нүүрлэжээ. Мөн эх сурвалжийн мэдээлснээр хамгийн сүүлийн байдлаар гурван хүн амиа алдсан байна. Шизүока хот Токиогоос 175 км-ийн зайд байрладаг аж. Цаашид Лэн хар шуурга улам хүчтэй дэгдэж, эргийн хотуудад заналхийлбэл Японы эрх баригчид тус бүс нутагт онцгой байдал зарлахаас аргагүйд хүрнэ гэж мэдэгджээ.  Лэн хар шуурганы улмаас Японы Шизүокад 500 гаруй нислэг цуцлагдаж, 2000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. [CNN]

9. Тилерсон Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр цэргийн онгоцоор олон нийтэд мэдэгдэлгүй гэнэт ирсэн бөгөөд улмаар тэрбээр Афганистаны удирдагч Ашраф Гани, Аюулгүй албаны дарга Абдула Абдула нартай уулзаж ярилцсан байна. Талууд хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг цаашид өргөжин тэлэх хүсэлтэй гэж мэдэгджээ. Рекс Тилерсон Афган дахь Баграмын агаарын цэргийн баазад газардаж, тэндээ тус улсын лидерүүдтэй богино хэмжээний уулзалт хийсэн байна. Мөн Рекс Тилерсон Афганистанд алба хааж буй АНУ-ын цэргүүдтэй үдийн зоог барьжээ. [Reuters]

10. Эвертон менежерээ халлаа

Английн Эвертон багийн удирдлагууд дасгалжуулагч Роналд Куманыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хамгийн сүүлд Арсенал клуб Эвертоныг 5:2-оор буулган авсны дараа ийнхүү Ливерпүүл хотын “Хөхүүд” ахлах дасгалжуулагчаа үдэж өгөхөөр шийдсэн байна. Эвертончууд хүснэгтийн 18 дугаар байрт бичигдэж, нөхцөл байдал нь нэлээд хүндрээд буй юм. Мөн энэ улирлын эхний 9 тойргийн байдлаар ердөө 2 хожил байгуулсан гэсэн онцгүй статистик үзүүлээд байсан учир Роналд Куманыг халахаар болжээ. [BBC Sport]