У.Хүрэлсүх: Шинэ цэвэрлэх байгууламжийг 2021 онд ашиглалтад оруулна

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 24

50 гаруй жилийн настай  Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсноор сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдээс салхинд туугдан ирэх цэвэрлэх байгууламжийн үнэрийн тухай гомдол тасрахаа болив. Тиймээс ч шинэ цэвэрлэх байгууламж барих асуудал үе үеийн Засгийн газрын өмнө тулгамдсан хийх ажлын жагсаалтад байсаар ирсэн юм.

Өнөөдөр  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, НЗДТГ-ын удирдлагууд  “Төв цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламж нэгэнт ачааллаа дийлэхээ больсон тул шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ Засгийн газар хэд хэдэн ажлыг хийхээр зорьж буйн нэг нь шинэ цэвэрлэх байгууламж барих асуудал. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ хийгдсэн байна. “Мянганы сорилтын сан”-гаас 350 сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байна. Дахин 350 сая ам долларын шаардлага байна.Гэхдээ хэдий болтол санхүүгийн боломжоо хараад суух билээ. Хөрөнгө босгоно, барина. Барилгын ажлыг энэ хавар гуравдугаар сард багтаан эхлүүлж чадвал 2.5 жилийн хугацаанд баригдаж дуусна, 2021 онд ашиглалтад орно гэсэн үг.

Өнөө маргаашдаа багтаад Ерөнхий сайдын захирамж гарна. БХБ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарна. Ажлаа хөөцөлдөнө. Ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцохоос өөр аргагүй. Сайд ажлаа хийж чадахгүй бол солихоос өөр аргагүй

11 дүгээр сард шинэ цэвэрлэх байгууламжийн доноруудын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хөрөнгө мөнгө санхүүжилт босгоно гэсэн үг шүү дээ. Дээр нь улсынхаа хөрөнгө мөнгөний боломжийг дайчилж ажиллана. Ингээд 350 орчим сая долларын хөрөнгийг босгож чадвал шинэ цэвэрлэх байгууламжийн ажил ирэх хавар эхэлнэ.

Энэ Засгийн газрын бас нэг зорил нь “Хог боловсруулах үйлдвэр” барих. Зураг төсөл нь гарчихсан байгаа. Улаанбаатар хот маань шинэ цэвэрлэх байгууламжтай, хог боловсруулах үйлдвэртэй болчихвол энэ засгийн газрын зорилт биелнэ. Үр дүнг та бүхэн хараарай” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: Эрчим хүч үйлдвэрлэдэг хог боловсруулах үйлдвэртэй болно

Монголын нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах, эрчим хүч гаргах үйлдвэрийн ТЭЗҮ, байгал орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн 4, 5 жилд хийгдсэн. Агаарын бохирдлын үндэсний хороо, Эрчим хүчний яам, БОАЖЯ-наас бүрэн үндэслэлтэй ТЭЗҮ байна гэж дүгнэсэн.

Австри улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр БНХАУ-ын 100 хувийн дэмжлэгээр 2-3 жилийн хугацаанд хог боловсруулах үйлдвэр барина.

Улаанбаатарт нэг жилийн хугацаанд нэг сая нэг зуун мянга гаруй тонн хог гарч байна. Үүний 300-400 мянган тонныг нь дээрх хог боловсруулах үйлдвэрээр боловсруулна. Манайд хог шатаах, дахин боловсруулах, хогны чиглэлийн жижиг үйлдвэрүүд байна. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн болгон эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр анхных нь баригдах гэж байна.

БХБ-ын сайд Х.Баделхан: Хоёр төслөөс сонгож ажиллана

Шинэ цэвэрлэх байгууламжийг барих хоёр төсөл явж байна. Жайкагийн төсөл нь өргөтгөх, шинэчлэх 2-3 жилийн хугацаатай төсөл юм байна. Нөгөө нь Францын төсөл байна. Энэ хоёрын аль нэгийг  сонгож ажиллана. Сонгосны дараа тендерээ зарлаж, хөрөнгийн асуудлаа шийднэ. Энэ хооронд олон улсын хандивлагч байгууллагуудтай ярина. Санал оруулж байгаа байгууллагууд олон байна.