Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 26, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 26

1. Эрлийн багийг буулгалаа

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр гурав дахь өдрөө үргэлжилж аврагчид шуурхай ажиллан осолдсон иргэдийг цогцсыг бүрэн олж, эрлийн ажиллагааг дуусгасан билээ. Ослын газарт нийт 204 алба хаагч, 30 техник хэрэгсэл, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажилласан юм. Энэ харамсалтай хэрэг гарсанд төр, засгийн тэргүүнүүд харамсаж буйгаа илэрхийлж, ар гэрт нь өчигдөр эмгэнэл илэрхийлсэн юм. [Time.mn]

2. Монгол Улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэх хүлээлттэй байна

Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл валютын орж гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцлийн статистик үзүүлэлт 4 жилийн өмнөөс  алдагдалтай явж ирсэн ч 2017 оны эхний 8 сарын байдлаар ашигтай гарсан гэсэн үг юм. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэх суурь нөхцөл бүрдэж байна. ОУВС-ийн хөтөлбөрт нэгдсэн учир цаашид доннор байгууллагуудаас манай улсад өгөх дэмжлэг төлбөрийн тэнцэл цаашид ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй бий болгожээ. [Ikon.mn]

3. Тамхины хяналтын хууль хэрэгжсэн ч тамхидалд нэмэгджээ

МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбооноос санаачлан “Тамхины хяналтын зохистой хяналт” сэдэвч уулзалт, ярилцлагыг өчигдөр зохион байгууллаа. Ярилцлагад ОХУ, Казахстан, Сингапур улсад энэ чиглэлээр ажилладаг экспертүүд оролцов. 2015 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай  хуульд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиус дотор тамхи худалдаалахыг хориглосон. Гэвч тамхины худалдаа далд хэлбэрт шилжиж, хууль бус худалдаа цэцэглэснийг хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгчид өнөөдөр нуулгүй хэлж байв. Мөн 2016 оны байдлаар нийт хүн амын 26.5 хувь нь тамхи татдаг байсан бол жилийн дараа энэ тоо нэг хувиар өссөн аж. [Gogo.mn]  

4. Авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс 210 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 21 аж ахуйн нэгж, 19 ил зогсоол, 19 техникийн үйлчилгээ, засварын байр, 201 авто тээврийн хэрэгсэл, 69 засварын тоног төхөөрөмж, 258 инженер техникийн ажилтан хамрагдсан байна. Шалгалтын явцад 210 зөрчил, дутагдлыг илрүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид 1 сая 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. НМХГ-ийн дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн зургаан дүүрэгт байгаа авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг 425 аж ахуйн нэгжээс 21-ийг нь шалгахад 210 зөрчил илэрнэ гэдэг энэ салбарын ажил хэр зэрэг явагдаж байгааг харуулж байна” гэв. [Medee.mn]

5. Мисс Ц.Энхжин үндэсний бүжгээрээ гоцлохоор болжээ

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх орны миссүүдийн нэгээр шалгарчээ. Тэрбээр тэмцээний финалын ёслолын үеэр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Түүний бүжгийн багш нь Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар аж. [News.mn] ​​​​​​​