Д.Энхцэцэг: Сувилагчид мөнгө өгөөд, эмчид өгөөгүй нь бидний алдаа байж...

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 27

“Эхийнхээ хэвлийд арван сар эрүүл саруул бойжсон үрээ эмч нарын хариуцлагагүйгээс алдчихлаа. Эхнэрийн маань сэтгэл санаа, биеийн байдал хүнд байхад бидэнд тайлбар өгөх нэг ч эмч, эмнэлгийн удирдлага алга” хэмээн Төв аймгаас бидэнд хандсаны дагуу сурвалжлахаар аймгийн Нэгдсэн эмнэлгийг зорьсон юм.

“Хүүхдээ өглөө хөдөөлүүлээд ирлээ. Үнэхээр гомдолтой байна” гэсээр биднийг угтсан аав Н.Ариунбаяртай ярилцлаа.

Яагаад ийм харамсалтай зүйл тохиолдов. Юу болсон талаар тодорхой ярихгүй юу?

Аравдугаар сарын 24-ний өглөө намайг ажил дээрээ байтал эхнэр маань “Ус гараад байх шиг байна” гэж утсаар ярьсан. Тэгээд эхнэрээ аваад аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 11.00 цагийн үед яаравчлан ирсэн. “Хүлээн авах” дээр байсан сувилагч “Заавал эмчид үзүүлж хэвтэх бичиг авах ёстой” гэсэн болохоор эмэгтэйчүүдийн эмчийн өрөөний үүдэнд  нэлээд удаан хүлээж суусан. Эмч нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Ингээд  15.00 цагийн үед н.Батцэцэг гэдэг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд “Ус биш өөр зүйл гараад байна” гэж хэлээд “Хэвтэх бичиг” хийж өгсөн. Тэгээд “Төрөх өрөө”-нд оруулаад, өвдүүлдэг тариа хийсэн байна лээ. 16.00 цагийн үед эхнэртэйгээ утсаар ярихад “Маш их өвдөж байгаа ч савны амсар хангалттай нээгдэхгүй байна гэнэ. Дахиад өвдүүлэх тариа хийнэ гэсэн. Кесаров хагалгаа хийгээд өгөөч гэж гуйсан ч эмч загнаад байна” гэж хэлсэн. Энэ хугацаанд эхнэрт маань өвдүүлдэг тариа хийгээд, ургийн зүрхний бичлэг хийгээд байсан. Хүүхдийн зүрхний цохилт хэвийн байна гэж хэлсэн. Ингээд эхнэрийг маань 12 цагийн үед төрөх орон дээр гаргасан. Тэр үед савны амсар нь дөрвөн хуруу нээгдсэн байна гэж хэлж байсан. Сүүлдээ эхнэр маань өвдөлтөө дийлэхээ болиод “Кесаров хагалгаа хийгээд өгөөч. Би төрж чадахгүй юм байна” гээд гуйхад “25 нас хүрчихсэн хэр нь төрж чадахгүй байна гэж юу байхав. Төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болсон юм” гээд загнаад байна гэсэн.

Төрөх орон дээр хэр удсан бэ?

12.00-02.00 цаг хүртэл өөрөөр нь төрүүлэх гэж үзсэн. Сүүлдээ болохгүй байна гээд хоёр хүнээр эхнэрийн маань хэвлий дээр даруулаад өөрөө вакумаар хүүхдийг татаж гаргана гэж хэлсэн. Гэтэл татаж гаргах багаж нь бэлэн биш, яаж угсрахаа ч мэдэхгүй, сувилагчаа загнаж байсан.

Ийм багажаар хүүхдийг татаж гаргахад 98 хувь нь эрсдэлгүй, үлдсэн  хоёр хувийн тохиолдолд хүүхэд тархиндаа цус харвадаг гэж бидэнд хэлээд, зөвшөөрөл асууж,  гарын үсэг зуруулсан. Тэгээд багажаа бэлдэж дуусаад татахад багаж нь дутуу ажиллаад нийт дөрвөн удаа оролдсон. Энэ үед хүүхдийн маань зулай харагдаж байсан.

Багаж нь ажиллахгүй байх үед кесаров хийх боломжгүй болсон байсан юм болов уу?

Би хэлсэн. Гэтэл “Хүүхэд хэтэрхий доошилсон. Боломжгүй” гэсэн.

Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ?

Аймгийнхаа 103-ын зөвлөх эмчийг, хагалгааны багаа дуудсан. Зөвлөх эмч нь ирээд бас л татаж үзсэн ч болоогүй. Энэ үед ургийг эход харахад зүрхний цохиолт нь мэдэгдэхгүй болсон байсан. Тэгээд эхийнх нь амийг аврах хэрэгтэй байна гээд хярзанг нь хайчилж, ховилтой төмөр оруулан хүүхдийг гаргахаар оролдож эхэлсэн. Шөнийн 03.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл ажилбар хииж, хүүхдийг гаргаж, эхнэрт маань оёдол тавьсан.

Хүүхэд эндсэн шалтгааныг та бүхэнд юу гэж тайлбарласан бэ?

Маргааш өглөө нь эхэс болон хүйг үзүүлээд “Энд л асуудал байсан”  гэж хэлсэн.

Ямар асуудал?

Буруу байрлалтай байсан юм шиг байна гэсэн. Гэхдээ эхийг төрүүлэхээсээ өмнө эхогоор харж, яаж төрүүлэхээ шийдэх ёстой биз дээ. Гэтэл эхогоор хараагүй. Шууд л өөрөөр нь төрүүлэхээр өвдүүлдэг тариа хийгээд хүчлээд байсан.

Түүнчлэн эхнэрт маань “Жирэмсний хяналтын дэвтэр” хотын хувийн эмнэлэгт үзүүлсэн эмч нарын бичиг, эхоны зураг бүгд байсан. Түүнийг ч хараагүй. Хэрэв хяналтын дэвтрийг нь харсан бол эхэс буруу байрлалтайг төрүүлэхээсээ өмнө мэдэх боломжтой байсан. Эхнэр маань хоёр жилийн өмнө анхны хүүхдээ олоод удаагүй байхдаа зулбаад алдчихсан болохоор энэ хүүхэд дээрээ үнэхээр анхаарал хандуулж, долоо хоног тутамд хотод хувийн эмнэлэгт үзүүлдэг байсан юм.

Одоо эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?

Толгойгоо ч өргөж чадахгүй байна. Хоол унд идэхгүй гурав хоносон. Өнөөдрөөс л жаахан шөл ууж байна. Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Бид үнэхээр их гомдолтой байна. Эхнэр маань дахиад жирэмслэх, хүүхэдтэй болох баталгаа байхгүй. Ямар ч эмч хэлж чадахгүй байна.

Өчигдөр ЭМСЯ-наас хүмүүс ирсэн гэсэн. Та нартай уулзсан уу?

ЭМСЯ-наас хоёр ажлын хэсэг гарсан гэсэн. Эхнэрийн маань бичиг баримт, бүх зүйлийг аваад явсан. Шалгалтын баг нь шалгаад хариу хэлнэ гэсэн. Хүүхдийн цогцост өчигдөр задлан хийсэн. Хариу нь 14 хоногийн дараа гарна гэсэн.

Ажлаа хийж байгаа гэх н.Батцэцэг эмч Улаанбаатарт явна 

Төрсөн эх Н одоогоор “Төрөх тасаг”-т эмчлүүлж байгаа бөгөөд нөхөр болон ээж нь сахиж байгаа юм. Хярзан орчмыг хайчилсан, олон удаагийн таталт, төмөр багаж ашигласнаас өвчин зовиур ихтэй байгаа аж. Хамгийн гол нь сэтгэл санаа маш хүнд “Хурдхан эндээс явъя” хэмээн уйлж, хоол идэхгүй, бие нь улам сульдаж байгааг нөхөр нь хоолой зангиран ярьсан юм. 

Төрөх үеийн хүүхдийн эндэгдлийн талаар эмнэлгийн удирдлага, эмч нараас мэдээлэл авах гэсэн боловч Ерөнхий захирал н.Оюунцэцэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Чанарын албаны менежер бүгд Улаанбаатар хот руу сургалтад явсан гэсэн мэдээллийг захирлын  Нарийн бичиг өгсөн юм. Хүний нөөцийн албанаас “Батцэцэг эмч ажлаа хийж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн боловч тэрбээр ажлын байран дээрээ байсангүй. Утсаар холбогдоход Улаанбаатар хот руу явж байна гэсэн ч ямар шалтгаанаар ажлын цагаар явж байгаагаа хэлсэнгүй.

Харин “Төрөх тасаг”-ийн Эрхлэгч н.Өлзийсайхан “Хэргийг ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хүүхдэд задлан шинжилгээ хийсэн. Хариу, дүнэлтүүд нь гараагүй байна” гэсэн юм.

Эмнэлгийн байгууллагаас мэдээлэл авч чадаагүй бидэнд хүүхдээ алдсан ар гэрийнхэн мөнгөний асуудлаар дахин мэдээлэл өгнө хэмээн ирснээр бид хүүхдээ алдсан эхийн ээж Д.Энхцэцэгтэй уулзав.

Д.Энхцэцэг: Тэр үед эмчид нь мөнгө өгөх уталаар бодсонгүй

Мөнгөний асуудал гэдэг нь юу билээ?

Би одоо “Энэ хүмүүс мөнгө л харж байсан юм байна” гэж бодож байна. Охин маань өвдөж зовж байсан болохоор эмчид нь мөнгө өгөх ухаан тэр үед надад ерөөсөө орсонгүй. Өөртөө ч харамсаж байна. Хүргэн маань уг нь сувилагчид нь 50 мянган төгрөг өгсөн байна лээ. Эмчид нь өгч амжаагүй юм байна. Тэр л бидний алдаа боллоо.

Яамнаас ирсэн хүмүүстэй уулзахад эмч нар хажууд тань байсан уу? Тэд яамныханд юу гэж хэлж байна вэ?

Яамнаас ирсэн хүмүүс бидэнтэй ч, эмч нартай ч уулзсан. Эмч нар өөрсдийгөө өмөөрөөд л тайлбар хэлж байна лээ. “25 хүртлэх насны эмэгтэйг  өөрөөр нь төрүүлэх хэрэгтэй” гэсэн журмыг баримталж ажилласан гээд л өөрсдийгөө хаацайлж байна лээ.

Гол нь хүн, эрүүл мэнд шүү дээ. Миний охин үнэхээр хүнд, маш их зовиуртай байна. Эх хүн үриийнхээ ийм байдлыг харах үнэхээр там юм байна. Миний охин дөнгөж 25 настай. Дахиад жирэмслэх үү, хүүхэдтэй болох уу гэдэг баталгааг хэн бидэнд өгөх юм бэ. Кесаров хийгээд өгөөч гээд уйлаад гуйгаад байхад нь загнаад байсан байгаа юм.

Хэрэв н.Батцэцэг эмч төрүүлэхээсээ өмнө охины маань хяналтын картыг харсан бол, эхогоор харсан бол охиныг маань кесаров хагалгаагаар төрүүлэх боломжтой байсан. Энэ эмнэлгийн эмч нар чадваргүйн дээр хариуцлагагүй, харилцааны соёлгүй юм. Ар гэрийнхнийг нь байнга загначих юм. Үнэхээр хэлэх ч үг алга.  Өглөө бид хүүхдээ “гээсэн”. Ямар хөөрхөн үр байсан гэж санана. 3500 гр жинтэй ийм хөөрхөн хүү байсан юм. (Хэвлий хэсэгт оёдолтой хүүхдийн цогцосны зураг үзүүлэв)

Мэдсэн бол би охиноо энэ эмнэлэг рүү явуулдаггүй л байж. Хотод ЭХЭМҮТ-д төрөөрэй гэхэд охин маань “Ээжээ, Төв аймгийн эмнэлэг шинэ барилга байшинтай болсон. Эмч нар нь ч сайн гэсэн. Заавал хот яваад яахав. Эндээ төрчихнө” гэхээр нь итгэсэн юм” хэмээн нулимс асгаруулан ярьсан юм.

Шинэхэн төрөх үрдээ өмсгөх гээд ээжийнх нь багын цамцыг ил гарган зэхэж байсан залуу хос ийнхүү үрээ алдаж, ар гэрийнхэн нь халагдан харамсаж байна. Тэд “Энэ эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нар бүгд харилцааны соёлгүй юм. Биднийг байнга загнаж, зандчиж байна. Хэн ч бидэнтэй хүн ёсоор хандаж, охины минь эрүүл мэндэд санаа зовнихгүй байна. Анагаахын сургууль төгссөн цагаан халаттай алуурчид болсон байна” хэмээн бухимдаж, уйлж, төрөх тасгийн цоожтой хаалгыг балбаж байлаа. Түүнчлэн цагдаагийн байгууллагад ч гомдол гарган, мэдүүлэг өгсөн байна.