Д.Батжаргал: “Дөрвөн бэрх” цомоос болж уулчид маань эрсдчихэв үү гэж харамсаж байна

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 30

Отгонтэнгэр хайрханд авирч байгаад хавтангийн гулгаанд өртөж 17 уулчин амь насаа алдсан харамсалтай үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Ууланд авирч явсан нөхдийнхөө золгүй осолд халаглаж, “Дөрвөн бэрх” гэх шагналын болзлыг хангахаар яваад эндчихэв үү хэмээн хардаж буйгаа илэрхийлэхээр манай сайтад хандсан иргэнтэй ярилцлаа. Тэрбээр Монголын Үндэсний спорт авиралтын холбооны Дэд ерөнхийлөгч, уулын спортын олон улсын хэмжээний мастер Д.Батжаргал юм.

Манай сайтад хандах болсон шалтгаанаа тодорхой ярина уу?

Юуны өмнө Отгонтэнгэр хайрханд авирч байгаад амь насаа алдсан уулчдынхаа гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Үнэхээр харамсалтай зүйл тохиолоо. Олон ч зүйл бодогдож, харамсах юм.

2016 оны нэгдүгээр сард “Монголын Уулчдын үндэсний холбоо”(МУҮХ) хурлаа хийж, удирдлагуудаа сонгосон юм. Хуралд анхнаасаа өөрсдийн талд гар өргөх хүмүүсийг сонгон оруулж, бизнесмэн, улстөрчид холбоог авсан. Тодруулбал, МУҮХ-ны тэргүүнээр МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Өндөр уул хариуцсан даргаар “Монголиан Экспедишн” компанийн захирал С.Алдархишиг нар сонгогдсон. Энэ хүмүүс уулын спортыг мэдэхгүй, бизнес,  улс төрийнхөн. Уул мэдэхгүй хүмүүс уулчдын холбоог яаж удирдах билээ. Тиймээс л МУҮХ-ны үйл ажиллагаа энэ цагаас доголдож эхэлсэн.

Жишээ нь?

МУҮХ 60 гаруй гишүүнтэй гэх юм билээ. Тэдний дийлэнх нь бизнесийнхэн. Мэргэжлийн уулчдаас гавьяат уулчин Б.Гангаамаа, Г.Өсөхбаяр хоёр л байгаа.

Шинэ удирдлага сонгогдсоноор бүх зүйл мөнгөөр хэмжигддэг болсон.  Хаданд авиралтын тэмцээнд оролцохын тулд нэг хүн 70 мянган төгрөгний мандат авах шаардлага үүссэн. Хүүхдүүд тэр болгоныг төлөөд байж чадахгүй шүү дээ. Тиймээс хүссэн ч эс хүссэн ч уг холбоонд элсэх болсон. Түүнчлэн гишүүд нь татвар төлдөг гэж дуулсан. Тэр олон хүний татварын мөнгө, өндөр хураамжтай мандатны төлбөрийг юунд зарцуулдгийг нь мэдэхгүй юм. Өндөр уулын авиралтыг бүр хаясан гэж хэлж болно. Хаданд авиралтыг чухалчилдаг. Тэглээ гээд зориулалтын ганц хана босгочихоогүй л байна.

Таны хувьд “Монголын Үндэсний спорт авиралтын холбоо”-ны Дэд ерөнхийлөгч. Дээр ярьсан зүйлээс тань харахад уулчдын хоёр холбоо хүмүүсээ булаацалдаад байгаа мэт сэтгэгдэл төрж байна?

Би МУҮХ-ны удирдлагад олон жил явсны хувьд, өөрөө мэргэжлийн уулчин хүний хувьд уулчдынхаа эрх ашгийн төлөө ярьж байна. Миний ярьж байгаа зүйл олон уулчдын үзэл бодол юм шүү.

МУҮХ-ноос 2017 оны хоёрдугаар сард  “Дөрвөн бэрх” гэдэг шагнал гаргасан юм. Үүнд эмзэглэн, харамсаж байна. Учир нь уг шагналыг авахын тулд нэр заасан дөрвөн хайрханд авирсан байх ёстой гэсэн болзол тавьсан байгаа юм. Энэ нь уулчдыг эрсдэлд оруулж байна гэж харж байна. Саяхан амиа алдсан 17 уулчин маань ч үүний төлөө явж байв уу гэх хардалт байна. Уулчид ингэж ярьж байна. Тэдний “Дөрвөн бэрх” шагналын болзлыг хангах сүүлийн хайрхан нь Отгонтэнгэр байсан гэж сонслоо.

Нэр заасан дөрвөн хайрхан ямар уулс багтсан бэ?

Монгол Алтай нурууны ноён оргил Хүйтэн /4374 м/, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /4008 м/, Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан /2799 м/, Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг /3491 м/ оргилуудад авирсан байх ёстой гэсэн байна лээ. Ингээд ч зогсохгүй дөрвөн оргилд гарснаа зураг, видеогоор баталгаажуулаад, цомын хураамж 400 мянган төгрөг төлж, сая цомоо авах журамтай. Энэ бол эмгэнэл. Цомыг авахын тулд мөлхөөд ч хамаагүй оргилд гарчихвал, хэдэн зураг даруулчихвал, тэгээд 400 мянган төгрөг тушаачихвал ямар замаар, яаж оргилд гарах, ямар эрсдэлийг туулах нь сонин биш.

Таны мэдээлэл магадгүй өөрт тань элдэв дарамт, хуулийн хариуцлага авчрах болов уу?

Үнэхээр анд нөхдийнхөө хойноос харамссандаа энэ асуудлыг хөндөн ярьж байна. Энэ шагналыг болиулахгүй бол дахиад олон уулчид эрсдэхгүй гэх баталгаа байхгүй. Өндөр уулын авиралт бол спорт гэхээсээ илүү хобби байх учиртай. Гэтэл үүнийг мөнгөөр хэмжиж хүмүүсийг эрсдэл рүү түлхэж байна.

Иэдээж ярилцлага нийтлэгдсэний дараа над руу маш их дарамт шахалт, дайралт ирэхийг тооцоолсон. Би бэлэн байна.

Уулчдын гэх тодотголтой холбоод 60 гаруй бий гэх мэдээлэл байна. тэднийг хянах, мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх ажил ямархуу хийгддэг бол?

МУҮХ шинэ удирдлагуудтай болохоос өмнө уулчдын клубууд, жижиг холбоодод мэргэжлийн зөвлөгөө тусламж үзүүлдэг, тэд ууланд авирахпдаа манайд мэдүүлгээ өгдөг байсан. Одоо бол хэн, хэдэн хүнийг ахлаад, хэзээ, хаашаа явсан ямар ч мэдээлэл байхгүй. 17 уулчин амь насаа алдчихаад байхад МУҮХ-ны удирдлагууд “Дэлхийн уулын холбооны уулзалт”-нд явчихаад ирээгүй, эзгүй байна.

Мэргэжлийн уулчин хүний хувьд сая болсон ослын талаар ямар бодолтой байна вэ?

Ямар мундаг уулчин байлаа ч эрсдэх л байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Арван долуулаа мэргэжлийн мундаг уулчин байсан ч амь гарах, тэмцэх боломж тэдэнд маань олдоогүй.

Яахав, тэд маань цагаа жаахан буруу тооцоолж, арай л орой гарчихсан юм болов уу л гэж бодож байна. Тэгээд буцах үед нь бүрэнхий болж, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас замаа сонгож чадаагүй юм болов уу гэж харамсаж сууна.