Монгол Улс олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын санхүүжилт босгов

Эдийн засаг / Time Admin
2017 оны 10 сарын 26


 

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болов. Санхүүжилт 11 сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдана.

Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ. Эдгээр гадаад эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдал арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн, 8-р сарын эцэст 1599.2 сая ам.долларт хүрч, жилийн хугацаанд 40% нэмэгдээд байгаа Монгол Улсын гадаад валютын албан нөөц Монголбанкны алт худалдан авалтын үйл ажиллагааны үр дүнд үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.

Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх зорилготой эдгээр арга хэмжээний үр дүнд 2017 оны эцэст Монгол Улсад 8-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 215.4 сая ам.долларын ашигтай байгаа төлбөрийн тэнцэлд үргэлжлэн эерэг нөлөө бий болохоор хүлээгдэж байна.