Монголбанк: “Гэрэгэ” бонд хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлнэ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 10 сарын 27


Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бондыг 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай босгосон талаар гадны хэвлэлүүд түрүүлж мэдээлсэн юм. Бондын эрэлт өндөр байсан тул 800 сая ам.долларыг төлөвлөж байснаас бага хүүтэй босгож чаджээ.

Өнгөрсөн онд гаргасан “Мазаалай” бонд 10.8 хувийн хүүтэй байсан юм. Шинээр гаргаж буй бонд нь“Гэрэгэ” хэмээх нэрээр гарсан бөгөөд Чингис бондын /1.5 тэрбум ам.доллар/ эхний төлбөр болох 500 сая ам.доллар, Димсам бондын 160 сая ам.долларын өрийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Харин шинэ бондын талаар Засгийн газар хараахан мэдээлэл хийгээгүй байна. 

Санхүүжилт ирэх сарын эхэээр Монгол Улсад орж ирэх юм. Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдэж байгаа талаар Монголбанк мэдээллээ.

Бондын эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдал арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм. 

Шинээр босгосон бондын талаар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн,  "Энэхүү бондыг гаргасан нь өрийг өрөөр төлж буй зүйл. Чингис бондын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай гэж хэлж болно. Тухайлбал 2016 оны 5 дугаар сард боссон Мазаалай бонд 10.9 хувийн хүүтэй байсан. Үүнээс харахад 15 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын хүү 10.9 хувиас 5.6 болж буулаа" гэсэн юм.

Т.Бэх