Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 27, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 27

1. Манай улсын Засгийн газрын бонд олон улсад эрэлттэй байна

Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бондыг 5.6 хувийн хүүтэй босгосон талаар гадны хэвлэлүүд түрүүлж мэдээллэсэн юм. Бондын эрэлт өндөр байсан тул 800 сая ам.долларыг төлөвлөж байснаас бага хүүтэй босгож чаджээ. Өнгөрсөн онд гаргасан “Мазаалай” бонд 10.8 хувийн хүүтэй байсан юм. Шинээр гаргаж буй бонд нь“Гэрэгэ” хэмээх нэрээр гарсан бөгөөд Чингис бондын /1.5 тэрбум ам.доллар/ эхний төлбөр болох 500 сая ам.доллар, Димсам бондын 160 сая ам.долларын өрийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Харин шинэ бондын талаар Засгийн газар хараахан мэдээлэл хийгээгүй байна. [Mongolbank.mn]

2. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Төсвийг тодотгосноор Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,537.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,8 хувь, нийт зардал 9,154.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.4 хувь боллоо. Мөн хүүхэд бүр он дуустал 20 мянган төгрөг авахаар болсон бөгөөд үүнд шаардлагатай 104.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөх аж. Түүнчлэн Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй байгааг харгалзан, төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор болгож, 300 мянган төгрөг олгох шийдвэрийг УИХ дэмжлээ. Үүнд төсвөөс 55.4 тэрбум төгрөг зарцуулах юм. [News.mn]

3. Б.Хурц Ц.Нямдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэв 

Тагнуулын Ерөнхий газрын дарга Хошууч генерал Б.Хурц өчигдөр Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийлээ. Харин Б.Хурцын энэхүү мэдээллийн дараа сайд Ц.Нямдорж Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. ТЕГ-ын дарга Б.Хурц Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.Зоригийн хэрэгт холбоотой байж магадгүй гэж хэлсэн бол Ц.Нямдорж эргүүлэн Ц.Элбэгдоржтой холбоотой хэмээн хэлсэн юм. Энэ үйл явдлыг Хуульзүйн сайд болон тагнуулын дарга хооронд тэмцэл эхэллээ гэсэн өнцгөөр олон нийт харж байна. [Time.mn]  

4. Цагдаагийн Ерөнхий газрын даргыг солив

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц өчигдөр мэдээлэл хийсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Нэг цагийн дотор ЦЕГ-ын даргыг солино” хэмээсэн юм. Тэгвэл Хуульзүйн сайдын энэ үг биелж, Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон юм. С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлнэ хэмээн амлалт өгч сайдын суудалд суусан Ц.Нямдорж өчигдөр мэдэгдэхдээ салбарт нэгээр тогтохгүй халаа сэлгээ хийнэ гэсэн билээ. [Medee.mn]  

5. Д.Сумъяа Силваг ялж “Их дуулга”-ын аварга боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооны гран при ангиллын тэмцээнүүдийн нэг болох Абу Дабигийн нээлттэй тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад өчигдөр эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болов. Энэ өдрийн хамгийн чухал барилдаануудын нэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа шигшээ барилдаанд Бразилийн жүдоч, Риогийн олимпод аваргын төлөө өрсөлдсөн Рафаэла Сильва барилдав.  Хоёр бөхийн бөрилдаан нэмэлт цаг вазари үнэлгээг шүүгч манай бөхийн талд өгснөөр МУГТ, Дэлхийн аварга Д.Сумъяа “Их дуулга”-ын аварга боллоо. [Gogo.mn] 

ДЭЛХИЙ ДАХИН.

6. Жон Кеннедийн аллагатай холбоотой 3,000 гаруй нууц баримт дэлгэнэ

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Фицжеральд Кеннедийн аллагатай холбоотой 1960-аад оноос хойш нууц байсан 3,000 гаруй бичиг баримтыг нийтэд ил болгоно. Аравдугаар сарын 26-ны өдрийг сонгосон нь 1992 оны энэ өдөр Кеннедийн аллагын баримтуудыг цуглуулж, хадгалах тухай хуульд ерөнхийлөгч асан Жорж Буш гарын үсэг зурж байсантай холбоотой билэгдлийн давхцал ажээ. [Ikon.mn]

7. Лондон хот хотын төвөөр зорчих тээврийн хэрэгслээс нэмэлт татвар авч эхэллээ

Лондон хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор олон жил явсан тээврийн хэрэгслээс хотын төвөөр зорчиход нь нэмэлт татвар авах журам Даваа гаригаас хэрэгжиж эхэлжээ. Хотын захирагчийн албанаас мэдээлснээр 438 сургуулийн орчимд агаарын чанарын үзүүлэлт стандарт үзүүлэлтээс тааруу гарчээ. Агаарын бохирдол хүүхдүүдэд илүү хортой учраас ирээдүйнхээ төлөө ийм арга хэмжээ авах болсныг Лондон хотын захирагч мэдэгджээ. [News.mn]

8. Индонезид салютны үйлдвэр дэлбэрч 23 хүн амиа алджээ

Индонезид салютны үйлдвэр дэлбэрсний улмаас 23 хүн амиа алдаж, олон тооны хүн шархдсан талаар BBC  мэдээллээ. Үйлдвэрт нийт 103 хүн ажилладаг байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас шархдсан 43 хүнийг гурван эмнэлэгт хүргэсэн талаар Жакарта хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. [Gogo.mn]

9. Хиллари Клинтон 70 нас хүрлээ

АНУ-ын тэргүүн хатагтай асан,  АНУ-ын 67 дахь Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтон 70 нас хүрлээ. Тэрбээр 1947 оны 10 сарын 26–нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн. 1973 оны Йелийн Хуулийн сургууль төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байсан. Америкийн хамгийн нөлөө бүхий 100 хуульчийн жагсаалтад хоёр ч удаа орж байсан. Нью-Йорк муж руу шилжсэний дараагаар 2000 онд сенатчаар сонгогджээ. Ерөнхийлөгч Бушийн удирдлага дор гадаад бодлогын асуудал хариуцан ажиллаж, Иракийн дайны асуудалд хүртэл гар бие оролцсон. Сенатч Клинтон 2006 онд дахин сонгогдсон бөгөөд 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Обамагийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан дэлхий нөлөө бүхий эмэгтэй улстөрч юм. [ub.life]

10. Дубайд нисдэг такси туршиж байна

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод анх удаа такси үйлчилгээнд нисдэг автомашин турших үйл ажиллагаа боллоо. Германы нисдэг камер, нисдэг техник үйлдвэрлэгч Volocopter компани анх удаа ийм төрлийн туршилт хийсэн бөгөөд АНЭУ-ын хүндэт ханхүү Шэйх Хаман Бин Мохамедэд зориулж уг туршилтыг амжилттай хийсэн байна. Volocopter тээврийн хэрэгсэл нь хоёр суудалтай, нийт 18 сэнстэй аж. Уг нисдэг автомашин 30 хүртэл минут нисэх чадвартай хийгджээ. [Time.mn]