СОЦИАЛИСТ УЛААНБААТАР

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 10 сарын 27

Нийслэлийн 378 жилийн ойд зориулсан энэхүү гэрэл зурган нийтлэлээс та Социалист Улаанбаатар хотын түүхийг харах болно. 


Хүрээ хүүхэн хотын иргэн болов. 1930-аад он.


1930-аад оны хотын залуус.


Төв талбай буюу Индэрийн /одоогийн Д.Сүхбаатарын/ талбайд Бүх дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баяр Майн 1-нийг тэмдэглэж байгаа нь. 1935.05.01.


Орчин үеийн урлагийг нийтэд сурталчлан таниулах хөгжмийн хамтлаг. 1930-аад он.


Улаанбаатар хотын Усан хөөргийн ажилчид буюу одоогийн гал сөнөөгчид бэлэн байдалд жагсаж байгаа нь. 1930-аад он.


Пионер сурагчид. 1930-аад он.


Улаанбаатар хотын дунд сургуулийн сурагчид. 1930-аад он.


1940-өөд оны Улаанбаатар хот. Гандангаас авсан зураг. Одоогийн 40, 50 мянгат болон АСА цирк баригдахаас өмнөх үе.


Анхны автобусны төв зогсоол. 1940-өөд он. Улаанбаатар хотод 1929 онд нийтийн тээврийн автобусны үйлчилгээ бий болж, одоогийн Амгаланбаатараас Улаанбаатар хотын төв хэсгийн хооронд хоёр автобус хоёр цагийн зайтай явдаг байжээ. Тэр үед Өндөр хоршоо буюу одоогийн Дүрслэх урлагийн музейн барилгын өмнөх талбай автобусны төв талбай байв. Тухайн үед бүх авто машиныг “уурын тэрэг” гэж нэрлэдэг байжээ.


Улаанбаатар хотын төв талбай Д.Сүхбаатарын талбай. 1949 он. Одоогийн төв талбай буюу Д.Сүхбаатарын талбай нь 1921 онд байгуулагдаж, 1921-1946 он хүртэл Индэрийн талбай хэмээн нэрлэгдэж байв. 1946 оны долдугаар сарын 8-нд Индэрийн талбайн төв дунд Д.Сүхбаатарын морьтой хөшөөний нээлтийг хийж, уг талбайн нэрийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосныг зарлажээ.


Засгийн газрын ордон. 1940-өөд оны сүүлч. Одоогийн МУБИС-ийн хичээлийн төв байранд 1930-1951 онд Засгийн газрын ордон байрлаж, Х.Чойбалсан сууж байжээ.


Одоогийн Сөүлийн гудамжны орчим. 1940-өөд он. Төв номын сангийн барилга дээрээс авсан зураг. Сөүлийн гудамж 1920-иод оны сүүлчээс 1960 он хүртэл Улаанбаатар хотын төв гудамжны баруун хэсэг болж байв.
Төв гудамжийг Хувьсгалын зам гэж нэрлэж байгаад 1951 онд Сталины, 1996 онд Сөүлийн гудамж болгон өөрчилжээ. 1940 онд Хувьсгалын гудамжинд I сургуулийн шинэ барилгыг барьсан нь анхны дөрвөн давхар барилга болжээ.


Улсын их дэлгүүр. 1950-иад он. Одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга нь 1930-1960 онд Улсын их дэлгүүр байсан бөгөөд нийтэд “Өндөр хоршоо” хэмээн нэрлэгдэж байв.


Улаанбаатар хотын төв гудамж. 1949 он. Энэ зургаас Төв талбайн урд ба зүүн хэсгийг, мөн замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг харж болно. Зураг дээрх замын тэмдэглэгээнд жижиг тэрэг,
морь, том тэргийг дүрсэлж, төв замаар явахыг зөвшөөрчээ. Түүнчлэн, дээрээ төрийн далбаа бүхий Засгийн газрын ордны хоёр давхар барилга буюу одоогийн МУБИС-ийн барилга цаана нь харагдаж
байна. Тэр үеийн төв зам одоогийн Офицеруудын ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл, түүнээс урагш эргэж одоогийн Сөүлийн гудамж хүртэл үргэлжилдэг байжээ. 1960 онд Төв шуудангаас дөрвөн
зам хүртэлх зам шинээр тавигдаж, төв гудамжийг Энхтайваны гудамж гэж нэрлэжээ.


Өөрчлөгдөн хөгжиж буй Улаанбаатар – Бүтээн байгуулалтын он жилүүд. 1959 он. Хуучин Хүрээний суурин дээр шинэ хот байгуулах үйл явц 1945 оны дайны дараах Энх цагийн бүтээн байгуулалтаар эрчимжиж, 1954-1990 он хүртэл хэрэгжсэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 1-4 дүгээр төлөвлөгөөний жилүүдэд оргилдоо хүрч, “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжлөгдөх хэмжээнд хүрсэн билээ.


Шинэ хот – Шинэ нийгэм – Цэвэр цэмцгэр ногоон хот. 1981 он.

Гэрэл зургийн тайлбар, сонголтыг: Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр
Гэрэл зургийг: Монголын үндэсний архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв, Улаанбаатар хотын музейн сан хөмрөг

Эх сурвалж: 

"НийслэлGuide" №65/ 2017 аравдугаар сар