Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 1, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 01

1. Багшийн цалингийн асуудлыг эцэслэн шийдэж засгийн газарт оруулахаар тохиролцов

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уулзалтын дүнд Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй түр хорооноос өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болж, тохиролцсон байна. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд хэлэхдээ, Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа гэдгийг тодотгоод, 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Үүнд багш, эмч нар орж буй. Тиймээс эхлээд ажил хаялтаа зогсоож, асуудлыг шийдэх саналын дагуу Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг хэллээ. [Montsame.mn]

2. “Эрдэнэс-Таван толгой” ХК өрөө хугацаанд нь төлжээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ. Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэхэд зориулж авчээ. Өнгөрсөн нэг жил “Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа өндөр ашигтай ажиллаж, үр дүнд нь гадаад талдаа өр төлбөргүй болоод байна. [News.mn]

3. Хүчингийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна

ЦЕГ-аас 2017 оны эхний 10 сарын байдлаарх гэмт хэргийн статистик мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд нийт 26657 гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ дундаас хүнд гэмт хэргийн тоо 4-5 дахин өссөн нь анхаарал татаж байна. Хүчиндэх хэрэг орон нутагт 175, нийслэлд 168, улсын хэмжээнд 326 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байна. Түүнчлэн хүүхэд хаях 11, хүн хулгайлах хоёр, хүн худалдаалах долоон хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг 529 хэргийг цагдаагийн байгууллага бүртгэн, шалгаж байгаа юм байна. [Time.mn]

4. ОУВС "Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна" гэж дүгнэжээ

ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хоёр дахь үнэлгээний тайлан бэлэн болжээ. Тайланг манай улсад ирж ажилласан баг бэлтгэсэн бөгөөд доорх тайланд зөвхөн мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг багтаасан байна. Гэхдээ энэхүү тайланд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн байр суурь тусгагдаагүй аж. Тус сангийн мэргэжилтнүүд манай улсад ажиллаад монголын эдийн засаг сэргэж байна, өсөлт 3.3 хувьд хүрлээ, ирэх онд 4.2 хувьд хүрнэ гэж дүгнэжээ. Өнгөрсөн тавдугаар сард баталсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг бид гурван жил хэрэгжүүлнэ. [Gogo.mn]  

5. Б.Арго: Фэйсбүүк болон твиттерийг хааж үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болъё

Цахим халдлага ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн, хэл судлаач Б.Арго өчигдөр мэдээлэл хийлээ.  Тэрбээр, Фэйсбүүк, твиттерийг хааж, хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлыг хэвлэлийн бага хурлынхаа үеэр хөнджээ. Түүний ярьж буйгаар цахим сүлжээний хэрэглээ хүмүүсийг дайсагнуулж эмх замбараагүй байдал үүсгэх, 2000 он гараад Ливи, Алжир, Тунис, Суданд болсонтой ижил үйл явдал болохыг ч үгүйсгэхгүй гэсэн юм. “Манай өмнөд хөрш фэйсбүүк хэрэглэдэггүй. Тэнд Wechat, Webao гэсэн үндэсний хоёр том сүлжээ байна. Хойд хөрш Яндекс гэсэн сүлжээгээ ашигладаг. Хүмүүс яаж бодох хамаагүй. Төр засаг бодлого хэрэгжүүлэх ёстой.” гэв. [Zuv.mn]

6. Исламын улс Нью-Йоркт халдлага үйлджээ

Исламын улсын алан хядагч этгээд АНУ-ын Нью-Йорк хотод халдлага үйлдэж 8 хүний амь хороон, 11 хүн гэмтээжээ. Халдлага үйлдсэн этгээд 29 настай бөгөөд том оврын ачааны автомашинаар гэм зэмгүй иргэдийг дайран, хөнөөсөн байна. Албаныхан уг явдлыг террорист халдлага гэж нэрлээд, дайралт үйлдсэн этгээд нь Уитипло Сайпов гэгч цагаач байсан аж. Тэрбээр Исламын улсын гишүүнчлэлтэй байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болжээ.

[BBC]

7. Биткойн 10 мянган ам.долларт зарагдав

Голексийн арилжааны платформд хөгжүүлж буй криптовалют болох биткойн Африкийн Зимбабве улсад хамгийн үнэтэй буюу нэг ширхэг нь 10 мянган ам.долларт зарагджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Зимбабвегийн Хараре банкны цахим криптовалютын гүйлгээнд нэг ширхэг биткойн ийнхүү 10 мянган ам.доллар хүртэл өсчээ. Энэ нь дэлхий дээр биткойны үнэ хамгийн өндөр хэмжээнд очсон үзүүлэлт юм байна. Японоос гаралтай биткойн хэмээх цахим арилжааны валют нь томоохон зах зээлүүдэд дунджаар 5 мянган ам.долларт зарагдаж буй билээ.

[CNN]

8. Өмнөд Солонгос, Хятад улсууд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос болон БНХАУ хамтран хилийн зурвас дахь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хамтран байгуулахыг зөвшөөрсөн гарын үсэг зурлаа. Үүний дараа Пхеньян эсэргүүцлийн мэдэгдэл гаргаж Сөүл, Бээжингийн хамтын ажиллагааг эрс буруутгасан юм. Хэдийгээр THAAD буюу Пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолбор нь АНУ-ын цэргийн зэвсэглэлийнх бөгөөд Өмнөд Солонгос нутагтаа байршуулахыг Хятад эсэргүүцэж байсан удаатай. Гэвч энэ удаа Хойд Солонгосын болзошгүй аюулын эсрэг THAAD цогцолборыг байгуулахыг Хятадын тал зөвшөөрч буйгаа мэдэгдсэн байна.

[Associated Press]

9. Испанийн засгийн газар каталоны 20 удирдагчийг эрэн хайж эхлэв

Испанийн засгийн газраас каталон үндэстнүүдийг турхирч, тусгаар тогтнохыг эрмэлзэн, бослого үймээн зохион байгуулж, үндэстэн хоорондын хагаралд уриалсан гэж үзэн 20 гаруй каталон үндэстнийг эрэн сурвалжилж эхэлснээ зарлалаа. Зарим хэвлэлд бичсэнээр каталоны салан тусгаарлах үзлийг тэргүүлж, ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарлаад байсан Карлес Пугдемонт болон тусгаар тогтнох үзлийг тууштай дэмжигч Карме Форседал нар Бельги рүү улстөрийн орогнол хайхаар дүрвэн гарсан талаар мэдээлсэн. Юутай ч Испанийн ерөнхий прокурор Жозе Мануэл Маза нэр бүхий 20 этгээдийг хайж, тэдэнд шийтгэл ногдуулах болно гэжээ.

[The Washington Post]

10. Манчестер Юнайтед хожиж, Челси ялагдал хүлээв

Аваргуудын лигийн дөрвөн хэсгийн тоглолтууд боллоо. Үүнээс гол онцлох нь Английн Манчестер Юнайтед Португалийн Бенфикаг 2:0-ээр хожсон бол Челси клуб Италийн Ромад 3:0-ээр бут ниргүүллээ. Мөн Францын ПСЖ өрсөлдөгч Андерлехтийг 5:0-ээр “шүүрдсэн” бол Испанийн гигант Барселона Грекийн даруухан баг Олимпиакостой 0:0-ээр тэнцэж орхисон.

Харин Португалийн өөр нэгэн баг Спортинг алдарт Ювентустэй 1:1-ээр тэнцээ байгуулсан бол Атлетико Мадрид Азербайжаны Карабах клубтэй 1:1-ээр тэнцсэн. Хэрэв Атлетико хожсон бол хэсгээ тэргүүлэх сайхан боломж үүсгэх байсан.

[UEFA]