Ерөнхий сайд аа, УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-өлгийг бужигнуулж байна

Нийтлэл / Өглөөний сонин
2017 оны 11 сарын 01

-Тэрбээр үеэл дүү М.Ибырайг Барилга хөгжлийн төвийн дэд захирлаар, зээ дүү А.Аманкелдийг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны даргаар, хүргэн Х.Жанузахыг Төрийн банкны аймаг дахь салбарын захирлаар томилуулах шахааг хийжээ-


Өнгөрсөн даваа гарагийн 22:00 цагт Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хуралдаан болж, Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тухай мэдээ цахим орчинд тархаж эхэллээ. Тодруулбал, Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 16 төлөөлөгч түүнийг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьжээ. Энэ асуудлаар ИТХ-ын тэргүүлэгчид хоёр удаа хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байв.

Тэгвэл өчигдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн гэсэн ч энэ нь албан бус мэдээлэл байжээ. Харин түүний оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаныг Засаг даргаар томилох шийдвэр гаргасныгаа Ерөнхий сайдад уламжлахаар болжээ гэжээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай холбогдоход “Ташаа мэдээлэл” гэж хариулсан юм.

Баян-Өлгийд яг ямар асуудал өрнөв

Баян-Өлгийн Засаг даргыг огцруулах шийдвэр хийгээд ИТХ-ын ээлжит бус чуулган зарласан зэрэг нь хууль бус үйлдэл байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь аравдугаар сарын 30-нд тус аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан шаардлагатай танилцаад татгалзсан хариулт өгчээ.

Тодруулбал, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2017 оны биелэлт, хийсэн ажлын тайланг арваннэгдүгээр сард хэлэлцэх ёстой байтал ийнхүү яаран чуулж, шийдвэр гаргах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн А.Гылымханыг огцруулах дөрвөн үндэслэл гээчтэй танилцаж, судлаад тайлбараа хүргүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гаргасан үндэслэлүүд Засаг даргыг огцруулах шалтгаан болохгүй гэдгийг мэдэгджээ.

Үүнд хэд хэдэн асуудал багтаж байгаа. Юуны өмнө АН-ын бүлгээс А.Гылымханыг хууль бусаар нэмэлт орлогчтойгоор ажиллаж байна гэсэн. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан. Гэтэл Баян-Өлгийн Засаг дарга 2016-2020 онд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр орлогч ажиллуулсан ба эдгээр нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан ЗДТГ-ын бүтэц, орон тоонд багтаж байгаа аж. Тэгээд ч энэ нь Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” заалтын дагуу Засаг даргын бүрэн эрхийн асуудал болж байгаа юм байна.

Түүнчлэн А.Гылымхан өөрийн төрсөн дүү А.Ахылбекийг Дэлүүн сумын Засаг даргаар томилж, төрийн албанд ах дүү, хамаатан саднаа шургуулсан тухай мэдээллийг мөн л өрсөлдөгч нам нь тараах болсон аж. Эх сурвалжаас энэ талаар тодруулахад, 2016 онд Дэлүүн сумын иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А.Ахылбекийг Засаг даргад томилуулах тогтоол гаргасан байна. Энэ асуудал тэр үед багагүй хэл ам дагуулж байсан ч Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулсны дараа томилгоог хийжээ. Нэг үгээр А.Ахылбек хуулийн дагуу уг албан тушаалд очсон ба үүнд А.Гылымханы түлхээс огт байгаагүй гэдгийг сумын иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн аж. Угтаа бол түүний төрсөн дүү болох А.Ахылбек ахыгаа Засаг дарга болохоос өмнө тус сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн аж.

Тиймээс Баян-Өлгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 22 гишүүн санал нэгдэн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ. Гэсэн хэдий ч Баян-Өлгийн ИТХ-ын ээлжит бус чуулган болж, Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийдвэрт хүрсэн ч энэ нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй байгаа аж. Гэхдээ үүнээс ч илүү асуудал Баян-Өлгий аймагт өрнөөд буй гэнэ.

УИХ-ын гишүүн Г.Солтан аймгийн удирдлагад гар дүрэхийн учир

Бидэнд ирүүлсэн мэдээллээр, тус аймгаас УИХ-д сонгогдсон Г.Солтан энэ бүх шийдвэр, чуулганы ард байгаа бөгөөд өөрийн хүмүүсээр аймгийн удирдах багийг бүрдүүлэхийн тулд нэлээд их “хор” найруулсан гэнэ. УИХ дахь “хэлгүй” гишүүдийн нэг гэж хочлуулахдаа хүрсэн энэ эрхэм парламентын танхимд амаа үдүүлсэн мэт чимээгүй суудаг ч ар талдаа бол хэргийн эзэн ажээ.

Тухайлбал, Г.Солтан одоо Баян-Өлгий аймгийн Засаг дарга болохоор нэр дэвшээд байгаа Т.Серикжантай омгийн холбоотой аж. Түүнийг 2016 онд УИХ-д сонгогдсоны дараа Т.Серикжан аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож, улмаар өдгөө Засаг дарга болохоор тохироо хийгдсэн нь энэ юмсанж. Сураг сонсох нь ээ, хэдийгээр Засгийн газар, АТГ-аас Т.Серикжаныг Баян-Өлгийн Засаг дарга болгох шийдвэр гаргаагүй ч тэрбээр үүнийг бат араанд нь хийсэн мэтээр ярьж байна гэнэ. Гэтэл энэ хүнд төрийн алба, удирдах ажлын туршлага гээд байхаар зүйл үгүй тул аймгийн иргэд, ИХТ тун ихээр дургүйцэж эхэлжээ.

Хамгийн гол нь, УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгийн иргэдийн итгэлийг хүлээж төрийн түшээ болсон ч өнөөг хүртэл өгсөн амлалтаасаа ганцыг ч биелүүлээгүй байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүний үүргийн дагуу хууль санаачлах ажлаа ч хийхгүй байгаа хэрнээ Баян-Өлгий аймгийн өөрөө удирдах асуудал руу шууд оролцох болсон байна. Тухайлбал, тэрбээр үеэл дүү М.Ибырайг Барилга хөгжлийн төвийн дэд захирлаар, зээ дүү А.Аманкелдийг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны дарга, хүргэн Х.Жанузахыг Төрийн банкны аймаг дахь салбарын захирлаар томилуулах шахааг хийжээ.

Харин одоо өөрийн омгийн Т.Серикжаныг аймгийн Засаг дарга болохоор зүтгүүлж, ИТХ-ын ээлжит бус чуулганыг ч хууль бусаар хийсэн нь энэ аж. Одоо Г.Солтан өөрөө Баян-Өлгийд ажиллаж, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгохоор аялж яваа юм байна. Гэхдээ Улаанбаатараас баг бүрдүүлэн гарсан тэрбээр сум бүрээр бие төлөөлөгчдөө явуулж, Их хуралд оролцох төлөөлөгчийг өөрийн үзэмжээр шууд сонгож байгаа сурагтай. Тэгэхдээ нийслэлийн харьяалалтай 30 гаруй хүнийг аймгийн намын анхан шатны нэгж бүрт хуваарилан өгч, Их хуралд оролцох квотыг мөнгөөр үнэлж буй гэнэ. Тодруулбал, Баян-Өлгий аймаг 116 квоттой, харин Г.Солтан нэг квотыг хоёр сая төгрөгөөр үнэлсэн тухай яриа Улаанбаатарт ч сонсогдож эхэлсэн. Энэ тухай мэдээллийг бидэнд баттай эх сурвалж өгсөн юм. 

Үүнээс гадна, хэдий бат ноттой мэдээлэл биш ч А.Гылымханы эсрэг санал өгсөн гэгдээд байгаа аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн зургаан төлөөлөгч Г.Солтаны заавраар Засаг даргынхаа эсрэг ажиллсан аж. Мөнөөх зургаан төлөөлөгч нь ч их, бага хэмжээгээр Г.Солтантай ойрын холбоотой ажээ. Тухайлбал, Х.Бердимурат УИХ-ын гишүүн Г.Солтан хоёр нэг омгийнх ба түүнийг 2016 онд аймгийн Намын хорооны орон тооны нарийн бичгийн даргаар түр томилж байсан. Дээр нэр нь дурдагдсан Х.Жанузах нь УИХ-ын гишүүн Г.Солтаны хүргэн, харин одоо Засаг дарга болохоор яригдаад байгаа Т.Серикжаны тухай нэгэнт тодорхой бичсэн. Мөн Б.Ууганбаатар эсрэг санал өгсөн бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлангаар ажилладаг, уг албан тушаалыг ч Г.Солтанаар дамжуулж авсан гэдэг. Харин нөгөө хоёр хүнийх нь тухай тодорхой мэдээлэл одоогоор алга.

Тэгвэл Г.Солтан бас яаж яваад аймгийнхаа АН-ын бүлэгтэй ойр дотно болчихов гэдэг нь ч сонирхол татмаар. Энэ асуудлыг судлахад, Баян-Өлгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Е.Зангартай нэг омгийн, төрөл садны хүмүүс юм байна. Ингээд л Баян-Өлгийд өрнөөд байгаа асуудлууд яаж ийгээд хамаатан садан, төрөл төрөгсдийн хэлхээ рүү орчихоод байгаа аж. Иймдээ ч УИХ-ын гишүүн Г.Солтан аймгийнхаа АН, МАН-ыг зэрэг хөдөлгөн өөрийн хүмүүсээрээ удирдлагын баг бүрдүүлж, Улаанбаатараас Баян-Өлгийг даргалахаар зэхэж буй бололтой.

Баруун хязгаарын Баян-Өлгийгөөр сонин сайхан иймэрхүү байх шив. Засгийн газар, Ерөнхий сайдаас томилсон Засаг даргаа хууль бус чуулганаар аваад хаячихдаг, орных нь хүнийг ч мөн энэ байдлаараа тодруулаад, тохоон томилчихдог.

Энд мөнөөх л намын харьяаллын асуудал яригдаж байгаа учраас олон нийт дургүйцэх нь мэдээж. Харин энэ парламентад олонх болсон МАН-ын хувьд олон талаар, ялангуяа албан тушаалын халаа сэлгээ, тогтворгүй засгаасаа болж нэр хүндээ алдаж, 2020 онд унах тийшээгээ яваад байгааг хэн хүнгүй хэлэх байх. Тиймээс хэрвээ намын Дотоод хяналтын хороо гэж байгаад, тэр нь зүй ёсоор ажлаа хийдэг бол УИХ-ын чуулганы танхимд багшдаа загнуулсан хүүхэд шиг чимээ аниргүй суудаг хэрнээ, алс тойрогтоо ийнхүү бужигнуулж байгаа Г.Солтан мэтийн нөхдөд хариуцлага тооцох цаг нь болсон байх аа. Тиймээс тус аймагт өрнөөд буй энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч, асуудлыг яаралтай шийдэхгүй бол алс хол Баруун хязгаарт нам, намаараа хоёр талцаж өлгийчүүдийн амьдралыг самарч эхлэх нь ээ.