Чойр хотод Орос цэргийн хөшөөт цогцолбор сүндэрлэнэ

Орон нутаг / Time Admin
2017 оны 11 сарын 01

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Чойр хот дахь орос цэргийн хөшөөг сэргээн засварлаж, цогцолбор бүхий томоохон бүтээн байгуулалт хийх тухай яригдаж байсан. Энэ талаар тодруулна уу?

-Хуучнаар ЗХУ-ын Байгалийн чанад дахь цэргийн тойргийн 44 дүгээр армийн корпусын бүрэлдэхүүнд байсан онцгой мотобуудлагын дивизийг 41 дүгээр мотобуудлагын дивиз болгон өргөтгөн зохион байгуулж одоогийн Говьсүмбэр аймгийн төв хэсэгт Чойрын гарнизон нэртэйгээр 1969-1989 онд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах онцгой үүрэгтэйгээр байрлуулж байсан. Манай аймгийн нутгийн удирдлагын ордон, зарим албан байгууллага, айл өрхүүд тухайн үеийн орос цэргийн анги, салбарын барилга байгууламжид байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэхүү хотхонд 1974 онд 13 метр өндөртэй орос цэргийн хөшөөг бүтээсэн байдаг юм. Уг хөшөөг сэргээн засварлаж, түүнийг түшиглэн цогцолбор байгуулахаар 2014 оноос эхлэн төлөвлөж, зураг төсвийг нь гаргасан төдийгүй аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан бүтээн байгуулалтын томоохон ажил юм. Одоогоор Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцааны тогтоосны 96 жилийн ойд зориулсан монгол, оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич шийдвэр гаргаж засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа юм. Тодруулбал, Төмөр замын үйлдвэрчний байгууллагууд, аймаг дахь уул уурхайн жишиг сургууль политехник коллежийн барилгын мэргэжлийн багш, оюутнууд хөшөөний засварыг хийж байгаа төдийгүй ирэх сарын долоонд нээлт хийхээр төлөвлөж байгаа. 

Энэхүү бүтээн байгуулалтыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ч дэмжиж хамтран ажиллаж байгаа.

-“Орос цэргийн хөшөөт” цогцолборын зураг төслийн талаар тодруулбал... 

-Тус цогцолборыг сургалтын зориулттай заал, танхим, буудлагын зэвсгийн болон спорт бууны буудлагын тир, албан ажлын өрөөнүүд, зочид буудал, орос хоолны газар, боржигон нутгийн түүх, өв, соёл, тухайн үеийн Чойр дахь орос цэргийн түүхийг илтгэсэн музей, гадна талдаа хүндэтгэлийн өргөө, орос зэвсэглэл техникийн үзмэр бүхий аялал жуулчлалын гол төв цэг, ногоон байгууламж болгон хөгжүүлэхээр бодлого төлөвлөлтдөө тусган зураг, төсвийг боловсруулсан юм. Цогцолборыг бүтээн байгуулж чадвал батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд томоохон дэмжлэг болохоос гадна бүсийн сургалтын төв болгон ашиглахад ч болохгүй зүйлгүй. Орон нутаг дахь аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид болон дайчилгааны бэлтгэл нөөцийн цэргийн бэлтгэл үүрэгтнүүдтэй явуулах сургалт, оюутан цэргийн сургалт гэх мэт төрөл бүрийн сургалтыг тэнд зохион байгуулдаг байхаас гадана аялал жуулчлалын гол цэг байна төлөвлөж байгаа юм.

Цогцолбор байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

-Орон нутгийн удирдлага, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд нэлээд дэмжиж байгаа. Тэгэхээр тодорхой хугацаанд хандивын аян өрнүүлэх зэргээр хөрөнгө мөнгөтэй холбоотой зарим асуудлыг шийдэх гарц бий. Мөн тухайн үед энэ дивизэд алба хаасан цэрэг дайчид, офицер ахлагч, ажилтан албан хаагчид тэдгээрийн гэр бүл, тэр ч бүү хэл Чойрт төрсөн бага насаа энд өнгөрөөсөн орос хүмүүс гэвэл багагүй тоо гарна. Тэдгээртэй ямар нэг байдлаар холбоо тогтоож болох юм. Цэрэгт алба хаасан хүний хувьд алба хаасан нутаг, анги, нэгтгэл гэдэг сэтгэлд хоногшсон сайхан дурсамж болж үлддэг шүү дээ. Тэр утгаараа энд алба хааж, амьдарч байсан гээд заримдаа орос жуулчид ирж байдаг. Тэд ирээд тийм ч таатай байдгүй хөшөөг тойрч нулмис унгаж, гуниглаж байгаад буцаад явдаг жишээ нэг бус таарч байсан. Тэдэнд ирхэд нь сайхан сэтгдэл төрүүлэхүйц цогцолборыг бүтээн байгуулах ажлыг дэмжээд, хамтраад ажиллах хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгж бий гэж найдаж байна. 

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.МЭНДБАЯР