Г.Баттуваан: “Бүхнээс дээгүүр” УСК-нд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн баг ажилласан

TIME TO TALK / Time Admin
2017 оны 10 сарын 30

“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтран бүтээсэн “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны хөгжмийн ерөнхий найруулагч, “HYPEMAN entertainment”-ийн саунд инженер Г.Баттуваан “Time to talk”-д уригдлаа. 

ГАДНЫ ХӨГЖМӨӨС ДУТАХААРГҮЙ ХӨГЖМИЙГ МАНАЙ ЗАЛУУС ХИЙЖ БАЙГААГ ЭНЭ КИНОНД БАТЛАХЫГ ХҮССЭН 

-“Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны нээлт боллоо. Өмнө нь та олон кинонд ажиллаж байсан. Тухайлбал, “Бодлын хулгайч” уран сайхны киногоороо “Академи авардс”-аас шилдэг дууны найруулагч болж байсан. Энэ удаагийн уран бүтээлийн онцлог юу байв?

-Энэ кинон дээр миний хувьд хөгжим, аудио микс, саунд гээд аудиотой холбоотой бүх ажлыг нь хариуцаж оролцсон. Бүжиг гардаг кино учраас, бүжиг мэдээж хөгжим дээр л явна. Тэгэхээр драматик, экшн кинонуудаас ялгарах онцлог нь бүжгийн тэр сценүүдийг яаж тодотгох вэ гэдэг асуудал чухал байсан. Кинонд дэглэсэн бүжгүүд олон жанрынх байгаа. Тэр болгонд нь зохицуулж хөгжим хийх гэх мэт ажлууд явсаар, нэлээд олон хөгжим зохиогдсон кино болсон. Бүжгийн хөгжмүүдээс гадна чимэг хөгжмүүд гэж байна. Ерөнхийдөө кинонд нэг хөгжмийн зохиолч ажиллаад, бүх хөгжмийг нь тэр хүн зохиогоод, нэг, хоёр саундтрак дуу гардаг гэдэг ч юм уу манайд тогтчихсон нийтлэг зүйл байдаг даа. Харин бид энэ кинон дээр саундтрак буюу дуут бүтээл л гэхэд тавыг хийсэн байна. Дээр нь бүжгийн 14-15 хөгжмийн бүтээл гаргасан. Мөн киноны уур амьсгалд тааруулсан чимэг хөгжмүүд бас 20 орчим. Ер нь бол маш баялаг хөгжмийн зохиолтой кино болсон гэж хэлмээр байна. Хөгжмийн зохиолууд дээр, тухайлбал бүжгийн хөгжмийг нь SOUL-О групп гээд авъяаслаг залуус хийсэн. Бусад саунд трак болон чимэг хөгжмийг  “Cosmic Bangerz” гээд орчин үеийн, электроник чиглэлийн хөгжмөөр тун чанартай бүтээл туурвиж байгаа хоёр продюсер залуугийн баг байдаг. Тэд зохиосон. Дээр нь Дуна гээд хип хоп бийтмэйкер хийдэг залуу оролцсон. Ерөнхийдөө нийтдээ 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн баг ажилласан гэж ойлгож болно. Үүгээрээ бусад киноноос нэлээд онцлогтой, бас давуу болсон гэж бодож байна. 

Энэ кинонд бүжиглэдэг залуус дүр бүтээсэн. Тэд танаас ямар хөгжим хүсэж байгаагаа хэлж байсан байх. Ойлголцож ажиллахад дөхөмтэй байсан болов уу?

Тийм тийм. Миний өмнөх ажиллаж байсан кинонууд монголчуудын маань ихэвчлэн үздэг жанрын кинонууд байсан. Хайр дурлал, түүхэн сэдэвтэй тийм киноны хөгжим илүү классик хэв маягтай байдаг. Харин бүжгийн кино, ялангуяа энэ киноны бүжгүүд яг одоо дэлхий дахинд хит болж байгаа, олон улсад тренд болж байгаа бүжгүүд учраас хөгжим маань ч тийм шинэлэг байх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Тэгэхээр тэр саунд, дуугаралт зэргийг шинэ зүйл дээр хийхгүй бол шинэ бүжгүүд маань амилж өгөхгүй. Тийм учраас тэр тал руугаа нэлээд судалгаа хийсэн. Бас бүжигчин хүүхдүүд маань өөрсдөө, “Бид ийм зүйл хүсэж байна” гээд гадаад дуугаар зүйрлэж, сонсгоод, “Иймэрхүү баймаар байна” гэж санаа оноогоо хэлж байсан. Дээр нь энгийн хөгжмөөс өөр нэг зүйл нь бүжгийн хөдөлгөөнд таарсан хэмнэл гэдэг бас нэг өөр зүйл. Жишээ нь, “Бүжгийн энэ хэсэг дээр гараа өргөмөөр байна, энэ хэсэг дээр бид бөөндөө зэрэг сууна” гэхэд түүнд нь тохирсон хөгжим ямар байх вэ гээд толгойгоо ажиллуулна. Гэх мэтээр олон зүйл хэлж болох юм. Ерөнхийдөө дууны уран бүтээлээс илүү бүжгийн уран бүтээлийн ая гэдэг бас их ярвигтай зүйл байдаг юм байна гэж ойлгосон. 

Кинон дахь дүрүүдийн характераас шалтгаалж ямар хөгжим хийхээ шийддэг гэдэг?

Гол дүр болох Эрхэсийн хамтлаг тийм гэгээлэг, темплэг хөгжим дээр бүжиглэж байгаа. Эсрэг талын дүр болох Оргилын хамтлаг харин арай өөр театрчилсан, мьюзикл маягийн зохиомжтой талын бүжгүүд хийж байгаа юм. Тэгэхээр үнэхээр энэ хоёр талын характер бол маш өөр. Энгийн хүмүүс сонсоод төдийлөн мэдрэхгүй ч, бүжигчид нь бол “Энэ ая дээр нэг л дээшээ болж өгөхгүй байна, доошоо ая байна” гэдэг ч юм уу хэлээд, тухай бүрт нь хоорондоо ойлголцож ажилласан. Товчхондоо, сонирхолтой бас туршлага хуримтлуулсан тийм ажил байлаа.  

10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн багт, таны гол үүрэг юу байв?

Миний хувьд хөгжмийн зохиолч, бийт мэйкерүүддээ киноны сцен дээрх хөгжмийн хуваарилалтуудаа хийж өгөөд ерөнхийд нь хянаад, бүжигчид, продюсер, найруулагчийн зүгээс хүссэн зүйлсүүдийг хөгжмийн зохиолчдодоо ойлгуулах тэр талын ажлыг хийсэн. Тэгээд эцсийн мөчид өөрөө бүх ая, хөгжмөө хянаж батласны дараа микс, мастерын ажлыг хийлээ. Бас киноны бүх саундын тохиргоог өөрөө хийсэн. Ерөнхийдөө жүжигчид, продюсер, найруулагчид маань хөгжмийн хүмүүс биш болохоор ямар хөгжим хүсэж байгаагаа хөгжмийн зохиолчдодоо ойлгуулж чадахгүй байх асуудал гарна. Тэгэхээр тэр болгонд нь миний хувьд аль аль талд нь ойлгомжтойгоор холбож өгөх, зохицуулж өгсөн гэх үү дээ.

Залуучуудад зориулсан кино гэдэг утгаараа өнөөгийн залуусын сонсож байгаа хөгжмийг илэрхийлэх хөгжмийн бүтээлтэй кино болжээ гэж дүгнэж болох уу. Ер нь залуусын хөгжим гэдгийг та өөрийнхөөрөө юу гэж тайлбарлах вэ?

Орчин үеийн залуусын хөгжмийг мэдээж энэ кино 100 хувь илэрхийлнэ гэж хэлэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл хөгжим гэдэг маш өргөн хүрээний зүйл агуулж байдаг учраас өнөөдөр залуусын сонсож байгаа стиль жанр, тренд ярьвал бүгдийг нь нэг кинонд багтаах боломжгүй шүү дээ. Гэхдээ “Орчин үеийн залуус иймэрхүү зүг рүү яваад, ийм зүйлсийг сонирхоод байгаа шүү. Бас ийм хөгжим, бүжиг хийж байна” гэдэг ойлголтыг багахан ч болов өгч чадна гэж итгэлтэй хэлэх байна. Хэрвээ энэ киног үзэх юм бол 25 хүртэлх насны залуусын хөгжмийн тренд, бүжгийн трендийг бүгдийг нь ойлгодоггүй юм аа гэхэд тодорхой хэмжээнд ойлголт авчихна аа. 

Продюсеруудын хэлж байгаагаар кинонд бусдын хөгжмийг ер нь ашиглаагүй. Бүгдийг нь зохиосон гэсэн?

Ер нь бол тийм. Гадны хөгжмийг ашиглахыг хүсээгүй. Яагаад гэвэл бидэнд ийм чадалтай залуус байхад яагаад тэднийгээ ашиглаж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл гадны хөгжмөөс гологдохооргүй хөгжмийг манай залуус хийж байгааг энэ кинонд батлахыг хүссэн. Киноны 95-98 хувь нь бол манай монгол залуу уран бүтээлчдийн өөрсдийнх нь хийсэн хөгжмүүд юм. 

ЧАНАРТАЙ БИЧЛЭГИЙН 50 ХУВЬ НЬ ИНЖЕНЕРИЙН ЧАДВАР, 50 ХУВЬ НЬ ТЕХНИКИЙН ХҮЧ БАЙДАГ 

-Та “Монгол тулгатны 100 эрхэм” төсөлд ажиллаж байсан юм билээ?

-Одоо ч ажиллаж байгаа. “Монгол тулгатны  100 эрхэм”-ийн аудио пост продакшныг хийдэг. 

-Энэ нэвтрүүлэг Монголын телевизийн салбарт цоо шинэ өнгө төрх, тавилт, эвлүүлэгтэй гарч ирж, одоо ч хүмүүс үзсээр байгаа. Ерөнхийдөө түүх бүтээж байгаа нэвтрүүлэг юм болов уу гэж би боддог юм?

-Тийм шүү. Төслийн хамт баг, найруулагч нь нэвтрүүлгээ тухай бүрт нь чанартай байлгахыг эрмэлзэж ирсэн. Зөвхөн дүрсний талаасаа бус аудио талаасаа ч тийм байх ёстой гэж үздэг. Ер нь Монголын телевизийн контентууд дуу шуумныхаа тал дээр анхаарал хандуулж, чанарыг илэрхийлж эхлэх цаг ирчихсэн. Үүний хамгийн том жишээ бол “Монгол тулгатны 100 эрхэм” юм л даа. Энэ нэвтрүүлгийн дуу шуум, яриа хоолой тэр болгоныг нь мэргэжлийн студид нэг бүрчлэн засдаг. Тэгж байж үзэгчдэд илүү чанартай, илүү сайн сонсголонтой нэвтрүүлэг хүрч байгаа.

-Таны мэргэжил студийн инженер. Монголд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй. Танаас гадна энэ мэргэжлээр гадаадад сурч ирсэн хүн хэр олон бэ?

-Миний мэргэжил бол студийн аудио инженер гэсэн нэртэй мэргэжил. Монголд одоохондоо энэ тал дээр мэргэжилтэн бэлтгээгүй байгаа. Дууны найруулагч гэж бэлтгэдэг. Тэр нь илүү ерөнхий, телевиз радио талдаа хандсан байдаг юм билээ. Яг мэргэжлийн студи руу чиглэсэн инженер бэлтгэхэд одоогоор манайх хараахан бэлэн болоогүй юм шиг санагддаг. Гадаадад энэ чиглэлээр сурч, дипломоо өрөвөртлөн ирсэн хүмүүс бол байгаа. Гэхдээ цөөхөн. Голдуу гадаадад хөгжмийн сургуульд, янз бүрийн хөгжмийн зэмсгийн ангид сурч байгаад давхар энэ мэргэжлийг суралцаад ирсэн байх юм билээ. Гэхдээ тэр хүмүүс маань студид ажиллаж байгаа нь бол цөөхөн. Надаас гадна нэг, хоёр хүн л байгаа байх.

-Арваад жилийн өмнө “Камертон”, “Номинталст” зэрэг хамтлаг, нэр бүхий дуучид гадагшаа явж цомгоо бичүүлдэг байсан. Мэргэжлийн инженерийг тэд зорьж очдог байсан хэрэг үү?

-Мэргэжлийн хүмүүс дээр очиж бичүүлэхээс гадна дуу бичих, студийн ажил гэдэг техник технологиос маш их хараат. Ер нь бол чанартай бичлэгийн 50 хувь нь инженерийн чадвар, 50 хувь нь техникийн хүч байдаг гэдэг. Тийм л зүйлийг манай хамтлаг дуучид олж хараад гадагшаа явдаг байсан байх.  Ер нь тэр техник тоног төхөөрөмжүүд одоо ч манайд хангалттай орж ирээгүй л байна. Яагаад гэвэл нэлээд үнэтэй. Тэгээд бас өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээний бизнес болж амжаагүй байна. Гэхдээ мэдээж хөгжиж байгаа. 

-Гадаадад очиж дуу бичүүлэхэд, жишээ нь Дуучин Сараагийн нэг ярилцлагаас Сингапурт дуу бичүүлэхэд чийглэг уур амьсгалтай учраас хоолой их сайн гардаг гэж уншиж байсан.  

-Мэдээж уур амьсгал нөлөөлнө бас дуучны онцлогоос шалтгаална. Би өөрөө Японд сурч, ажиллаж байсан. Япон бол мөн л тийм чийглэг уур амьсгалтай газар шүү дээ. Төхөөрөмж хүртэл өөр ажилладаг. Яг адилхан залгаад тогоор ажилладаг төхөөрөмж байлаа гэхэд Монголд дуугарах дуугаралт өөр, Японд дуугарах нь бас өөр байна. Бас маш үнэтэй гитар гаднаас авчирлаа гэхэд тэр нь Япондоо ч юм уу, Америк, Солонгостоо дуугарч байсан шиг Монголд дуугарахгүй. Харин ч хэсэг хугацааны дараа хагарч, цуурч, хотойж эхэлдэг нь манай Монголын энэ уур амьсгалтай холбоотой. Тэгэхээр чийглэг уур амьсгалтай газар хүний хоолой тунгалаг гардаг ч юм уу зүйл мэдээж бий. Шинжлэх ухааны талаас нь тайлбарсан зүйл ч байдаг. Физикийн бас биологийн хоёр талтай үр дүн гараад байдаг. Энэ бол байдаг зүйл.

-Одоо та “HYPEMAN entertainment”-д ажилладаг юм байна. Танайх шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирдэг лэйбл маягаар ажилладаг уу?

-Манайх 2014 онд байгуулагдсан. Энтертайнмент чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани. Гүйцэтгэх захирал бид хоёр хамтраад байгуулж байлаа. Манайх энтертайнмент дотроо дуу хөгжим, тоглолт найруулга, кино телевизийн контентууд, артист дуучдын менежмент гэх мэт үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ бол олон улсад тогтоод систем болчихсон зүйл л дээ. Манайд энэ нь тогтох гээд олон жил явж байна. Бидний дээд үеийнхэн ч үүнийг хийх гээд л явж байсан. Одоо бид хийж байна. Ямар ч байсан энтертайнмент гэдэг зүйл зүй ёсны тогтолцоогоо бий болох цаг нь болсон гэж бид үзэж байгаа. Дээр хэлснээр энтертайнмент гэдэг зүйлд дуу хөгжим, кино-дүрсний урлаг, цаашлаад тайзны урлаг ч орно. Тоглолт шоу бас орж ирнэ. Бүр цаашлаад спортыг ч хамарч ирж байна. Одоо жишээ нь, дэлхийн том том продюсерууд спортын тоглолтын зохион байгуулалт дээр ажилладаг. NBA үзэж байхад дундуур нь бүжиг, хөгжим орж ирдэг байх жишээтэй. Дундуур нь үзэгчдийг харуулаад гэх мэт ямар нэг байдлаар хүмүүсийг хөгжөөх зүйлийг маш их хийдэг. 

Шоу бизнес ийм өргөн хүрээнд явах ёстой байх нь ээ. 

-Тийм. Цаашлаад спортын алдартай тамирчдын агент хийгээд эхэлж байгаа юм. Сагсан бөмбөгчин, боксчин хэн байдаг юм, тэр хүмүүст ажиллана. Юу өмсөх, юу хийх, хүмүүст юу гэж хэлэх вэ гэх мэтээр. Тэгэхээр энтертайнмент, шоу бизнес гээд байгаа маань өөрөө олон улсад хэв маяг нь өөр болоод байна. Бид үүнийг зуун хувь хийхэд мэдээж хэцүү. Ямар ч байсан тийшээ зорьж яваа байгууллага юм. 

-Таны сиви-г харж байхад хамтарч ажиллаагүй уран бүтээлчид Монголд бараг байхгүй юм билээ?

-Тийм шүү, ажил мэрэгжлийнхээ ачаар Монголын хамаг л чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаа. Зөвхөн уран бүтээлчдээр зогсохгүй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоолойг ч бичиж байлаа. (инээв) Ярьвал сонин сонин хүмүүс бий бий. 

-Таны ойрын үеийн төлөвлөгөө?

-Одоо манайх 6-7 дуучны альбум дээр ажиллах гэрээгээ хийгээд ажилдаа орсон байна. Тэгэхээр 2018 онд манайхаас ийм тооны цомог гарна. Мөн бид ирэх жил дэлгэцийн бүтээл дээр ажиллахаар зохиол нь бичигдээд дууссан. Ерөнхийдөө тодорхой болсон төлөвлөгөө гэвэл ийм байна. Дээр нь манайх Ако гээд реппер охинтой хамтарч ажилладаг. Уран бүтээл нь удахгүй гарна. Сая “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны дууг дуулсан. 

-Студи дээрээ ажиллаад сууж байхдаа нэг дууг 2000 удаа сонсох тохиолдол байдаг гэж сонссон. Энэ таны мэргэжлийн онцлог уу?

-Тэр бол үнэн. Одоо жишээ нь, энэ киноны дуун дээр ажиллах хугацаандаа би хэсэг хэсгээр нь киногоо анхааралтай үзсэнээ тоолвол 100 гаруй удаа үзчихсэн байна. Бүтнээр нь гэвэл 30, 40 удаа үзсэн. Тэгэхээр 1 цаг 30 минутын киног ингэж үзэж байгаа юм чинь 3 минутын дууг маш олон сонсох нь ойлгомжтой. 200-300 бол наад захын асуудал. 

-Ер нь студийн инженер хүний мэргэжлийн амбиц юу байдаг вэ?

-Ер нь бол энэ төрлийн мэргэжилтэй, ихэнх чадварлаг хүмүүс хоёр, гурван янзаар цаашаа хөгжөөд явдаг. 40 гараад ирэхээр илүү туршлагатай болсон байна. Гадны зах зээл том учраас мастеринг инженерээр бүр илүү өндөр түвшинд ажилладаг. Нэг хэсэг нь продюсер болдог. Бас нэг хэсэг нь бүтээгдэхүүн гаргадаг. Өөрийн нэрийн яригч, хөгжмийн программ гэх мэт бүтээгдэхүүнд байна. Зарим нь энэ мэргэжлээр сургалт явуулж эхэлнэ. Ер нь гадны инженерүүдийг харахад олон зам бий л дээ. Миний хувьд бол одооноос продюсерийн ажлыг хийж эхэлж байна. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ явж, өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.