Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 31, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 31

1. Отгонтэнгэрт осолдсон 17 иргэний асуудлаар Төрийн ордонд зөвлөлдөв

Отгонтэнгэр ууланд авирсан 27 иргэн буух замдаа хавтангийн нурангид өртөн 17 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар өчигдөр Төрийн ордонд зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр ахмад уулчин н.Баянцагаан “Миний хувьд уулчин болоод 50 жил, “Монголын Уулчдын үндэсний холбоо”-ны удирдах бүрэлдэхүүнд 30 жил гаруй жил ажилласан хүн. 2014 онд уулын спортын холбоо шинэчлэн зохион байгуулагдсан. Гэтэл шинэ удирдлагуудад нэг ч уулчин хүн байгаагүй. Уулчин хүн байгаагүйгээс хэд хэдэн асуудал үүссэн. Тухайлбал, бүртгэлийн асуудал. Хэн, хэдэн хүнийг ахалж хаашаа явсан, хэзээ яваад, хэзээ ирэх вэ гэдэг асуудал уулчдын холбоонд бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл саяны аялалд явсан хүмүүсийн нэр осол гарснаас хоёр хоногийн дараа тодорхой болж байх жишээний” гэв. [Time.mn]

2. Гэнэтийн шалгалт явуулж 60 машины дуут дохиог хураан авчээ

Танил талаа ашиглан дуут дохио суурилуулсан машинуудаас дуут дохиог нь авах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнгөрсөн долоо хоногт өгсөн. Ингэснээр өчигдөр Замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран гэнэтийн шалгалт хийж дуут дохиотой машинуудыг журамлаж эхэлжээ. Өчигдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохиог хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгосон байна. [News.mn]

3. С.Ганбаатарт 1.4 сая төгрөгийн торгууль оноов

МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав. Мөн хандиваар авсан 50 сая вонныг улсын орлого болгохыг даалгав. Шүүхээс С.Ганбаатарын нэрийг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгасан байна. [Ikon.mn]

4. Ч.Ганжавхлан: Бага насны охидын бэлгийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийг угтан  “Өгөх өдөр хөдөлгөөн” “Лантуун дохио” ТББ хамтран хэвлэлийн хурал хийлээ.  “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, “Аливаа зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Хүүхдийн хүчирхийлэл, бага насны охидын бэлгийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “нэг нас зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Дөрвөн настай хүүхэд жил гаруй хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан” талаар мэдээлсэн. Юу болж байна аа? Он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь долоон анги дүүрэн охид хүчиндүүлсэн байна” хэмээн ярьжээ. [Gogo.mn]

5. Таеквондочид "Макао oпeн 2017" тэмцээнээс найман алтан медаль хүртлээ

Таеквондогийн "Macao open 2017" олон улсын тэмцээн өнгөрсөн өдрүүдэд болж найман улсын 450 гаруй өсвөр үе, бага насны тамирчид хурд хүч, ур чадвараа сориход Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман тамирчин бүгд медалийн эзэд болжээ. Макаод зохион байгуулсан тус тэмцээнд Батбаатар багштай Дорноговь аймгийн тамирчин Г.Сүхбат, М.Тэмүүлэн, Э.Төрболд, Э.Алтантуяа, Янжинлхам багштай "Арслан" клубийн тамирчин Э.Энх-Энэрэл, Мягмарбаяр багштай "Ривэр" клубийн тамирчин Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нар Монгол төрийнхөө далбааг мандуулж, алтан медаль хүртэж шилдэг тулаанчид болох замаа нээжээ. [Montsame.mn]

ДЭЛХИЙ ДАХИН:

6. Трампын ээлжит хоригийг хүлээн зөвшөөрсөнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп армид ижил хүйстнүүдийг алба хаахыг эсэргүүцэж, хориглосон шийдвэр гаргахаар Дээд шүүхэд хандсан боловч түүний саналыг няцаажээ. Ерөнхийлөгч асан Барак Обама анх ижил хүйстнүүдийг армид алба хаахыг зөвшөөрч байсан бол Доналд Трамп түүний эсрэг байр суурьтай байдаг ажээ.

Даваа гарагт АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Коллел Коллар Келли АНУ-ын Үндэсний армид бэлгийн ямар ч сонирхолтой хүн алба хаах нь зөв гэж үзсэн байна.

[BBC]

7. Хойд Солонгосоос цөмийн цацраг идэвхт бодис тархаж байна

Өмнөд Солонгосын үндэсний цаг уурын алба Хойд Солонгосын Мантап уулын бэл орчмоос цөмийн цацраг идэвхит бодис ууршин, өмнөдийн хил орчим руу салхины нөлөөний улмаас орж ирэх болсныг анхаарууллаа. Хойд Солонгосын Мантап уулын орчимд 100 метрийн радиуст радио идэвхит цацраг бодис тархсан нь олон удаагийн тандалтаар ил болсон байна. Пхеньяан энэ оны есдүгээр сарын сүүлээр хамгийн сүүлийн цөмийн туршилтаа хийсэн бөгөөд энэ нь байгаль орчинд асар сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Хойд Солонгос 2006 оноос хойш 6 удаагийн цөмийн туршилт явуулж, тухай бүртээ их хэмжээний радио идэвхит бодис хөрс болон агаарт алдсаар иржээ.

[BBC]

8. Каталоны удирдагч Бельги рүү дүрвэжээ

Испанийн дээд шүүх каталоны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа каталончууд Мадридын шийдвэрийг эс хүссэн ч хүлээн авахаас аргагүй болсон. Үүний дараа Испанийн хууль хүчнийхэн каталоны тусгаар тогтнолын тэмцлийн үеэр иргэдийг турхирч, эмх замбараагүй байдалд уруу татаж байсан Карлес Пудгемонт нарын хэд хэдэн хүнийг эрүүгийн хэрэгт татахаар завдсан бөгөөд энэ үеэр Карлес Пудгемонт Бельги улс рүү дүрвэн гарчээ. Тэрбээр Бельгиэс улс төрийн орогнол хүсэхээр болсон байна. Өнөөдрөөс эхлэн каталончууд дахин тусгаар тогтнох тэмцэл өрнүүлэхгүйгээр тогтсон төдийгүй олон нийтийг эмх замбараагүй байдал руу уруу татсан үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцно гэж Испанийн дээд шүүх мэдэгдлээ.

[CNN]

9. Хятадад хүчирхийлэл сурталчилсан видео тоглоомыг хориглов

БНХАУ-ын интернэтийн эрх зүйн хяналтын газраас хүчирхийлэл, алан хядлага, цус сурталчилсан видео тоглоом, кино, цувралыг албан ёсоор хоригложээ. Ингэснээр тус улсад дэлхийн шилдэг видео тоглоом үйлдвэрлэгчдийн хэдэн арван бүтээл нэвтрэх боломжгүй болжээ. Хамгийн сүүлд Battleground 3 тоглоомын шинэ цуврал Хятадын интернэт орчинд цацагдсанаас хойш ердөө 7 хоногийн хугацаанд 13 сая удаа татагдсан байна.  Энэ мэт шалтгааны улмаас хүчирхийлэл, дайн самуунд уруу татсан өнгө аястай видео тоглоомыг Хятадын засгийн газар түгээн дэлгэрүүлэхийг хориглож, зөрчсөн тохиолдолд их хэмжээний торгууль ногдулахаар болжээ.

[Reuters]

10. Мората: Би Челсид 10 жилийн гэрээ хиймээр байна

Английн Челси клубийн довтлогч Альваро Мората Челсид үлдэж, 10 жилийн гэрээ хийх хүсэлтэй байгаагаа ярьжээ. Тэрбээр саяхан Италийн Газета Дэлло спорт сэтгүүлд “Би Лондонд удна гэж бодохгүй байна, хэтэрхий стресс ихтэй хот” гэж ярьсан. Гэвч тэрбээр энэ үгээрээ Челсигээс удахгүй явна гэж хэлээгүй гэж ярьжээ. “Энэ ярилцлагын цаад утга санааг ойлгох хэрэгтэй. Хэрэв Челси надад 10 жилийн гэрээ санал болговол би асуудалгүй гарын үсэг зурна. Надад Лондон таалагддаг, баг маань ч эерэг дулаахан уур амьсгалтай” гэжээ.

[Sky Sports]