Монголын "ГЭР ХОРООЛОЛ"-той танилцсан нь

Фото / Time Admin
2017 оны 11 сарын 01

Миний нэрийг Амедио гэдэг. Би 26 настай, Ром хотноо сэтгүүлзүйн чиглэлээр сурч 2016 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа АНУ, Франц, Япон, Солонгос улсад аялж, ажиллаж байсан. Хэдий эдгээр улсуудад аялж, ажиллах нь миний суралцах хугацааг уртасгаж орхисон ч ажлын ширээн дээрх туршлага надад маш их хэрэг болдог. Өдгөө би олон жил хүсэж байсан улсдаа буюу Монголд ирж, Time.mn сайттай хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд туршлага сууж байгаадаа баяртай байна. Аяллын маань өмнөх хэсэг "ДУУТ ЭЛСТЭЙ ГОВИЙН АЯЛАЛ", "Ганданг зорьсон тэмдэглэл", "11 хороолол дахь баасан гарагийн нэгэн үдэш"-ийг холбоосоор орж уншина уу. 


/Өмнөтгөл/

Барууныхны хувьд Улаанбаатар хот болон монголчуудыг ойлгоход тодорхой цаг хугацаа шаардагдана. Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд ямар хурдацтай хөгжиж байгааг зүсээ хувиргаж буй хотын төв хэсгээс харж болно. Одоогоор 1.5 сая хүн амтай тус хот ердөө 3 жилийн өмнө 1.3 сая хүн амтай байжээ. Гэхдээ хүн амын өсөлт нь шинэ төрсөн хүүхдээс бус хөдөөгөөс хот руу нүүдэллэх хүн амаас шалтгаалж байгаа. Тэд хөдөөгийн хуучин амьдралын хэв маяг, жижиг сум тосгодоо орхихоор шийдсэн бололтой. Үүнд амьдралын хэв маяг болоод эдийн засгийн хэрэгцээ нөлөөлсөн нь дамжиггүй.

Хотод эдийн засаг харьцангуй эрчимтэй өсч байгаа. Шинэ бизнесүүд цэцэглэж, олон улсын харилцаа холбоо өргөжин тэлсээр байгаа юм. Гэвч хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирсэн иргэд гэрэл гэгээтэй эдийн засгийн орчинд шууд хүрнэ гэвэл боломжгүй.

Хотод ирж буй иргэд ихэвчлэн орлого багатай байдаг нь ажиглагдсан. Хөдөө байгаа эд хөрөнгөө зарж хотод хэдэн сар амьдрах боломжийн мөнгөтэй ирдэг ч ажилгүй, хөрөнгөгүй хүмүүс хотын захад гэр хороололд амьдрахаас өөр замгүй. Тэд хотод ирээд тийм ч хурдан найдвартай ажилд орж чаддаггүй. Мөн хотын амьдралд тийм ч хурдан дасаж, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлөөр хангагдаж чаддаггүй.

Хэрэв ажил олдохгүй удвал тэдний амьдрал хөдөө байснаасаа ч долоон дор болох нь бий. Энэ байдлаас гарах цөөн гарц бий ч зарим нь нийгмийн эмзэг гүн давхарга руу улам шигдэн орох нь олонтаа. Хэдхэн долоо хоногийн өмнө ирсэн миний хувьд Улаанбаатар хотын гэр хороолол сонирхол татахуйц байсан тул аппаратаа бариад нэгэн өдрийг гэр хороололд өнгөрүүлэхээр шийдэв.


1. Миний байрлаж буй Анкарагийн нэрэмжит гудамжны нэгэн хэсэг.  Хамгийн ойр байх гэр хороололд очихын тулд энэ гудамжны төгсгөл хүртэл алхаж Гандан хүрэхээр шийдэв. Монголчууд хэлэхдээ наадмын дараа монголчууд нэг хэсэг амарч, хөл хөдөлгөөн багасдаг гэсэн. Үнэхээр ч энэ үгийн утгыг нэг ч хүнгүй гудамжнаас би бүрэн мэдэрч байлаа.


2. Улаанбаатарын гудамжинд нар шарж, иргэд сүүдэр бараадан зогсч байхыг харж болно. Харин энэхүү хүн ажлаа хийнгээ модны сүдэрт амарч, гудамжаа цэвэрхэн болгох ажлын эрч хүчээ нөөж байна. 


3. Өдрийн халуун нар шарж байгаа ч  энэхүү байгууламжийг сэргээн будаж байна.


 

4. Гандан хийдийн, шашны холбогдолтой ийм байгууламж гудамжинд олон тааралдана. Үүний сүүдэрт нь иргэд сууж амардаг.


5. Үйлчилгээний ажилчид барилга байгууламжийн өнгийг сэргээхээс гадна модны өнгө үзэмжинд ч анхаарал хандуулахаа мартсангүй.


6. "Залуучууд" гудамжинд байх настай хосын хөшөө. Энэ хөшөөний дэргэдүүр явахад инээмсэглэсэн хоёр өндөр настан баяртай гэж хэлж буй мэт сэтгэгдэл төрөв.


7. Гэсэр сүмийн хажууханд харагдах гэр хорооллын бараа харагдаж байна. 


8. Улаанбаатар хотын газрын зураг дээр энэ хэсгийг 17-р хороо гэж тэмдэглэжээ. Модон хашаатай, дотроо байшин болон гэр байрлана. Миний урдаас үндэсний хувцас дээл өмссөн настай хүн ирж байхыг харав. Улаанбаатарчууд тэр болгон дээлээ өмсдөггүй юм билээ.


9. Шатаар дээш өгсөөд гэр хорооллын гүн рүү явж эхэллээ. Монголчуудын байшингууд бүгд өөр өөр загвартай. 


10. Гудамжинд суух хоёр хүн над руу инээмсэглэн мэндчилэв. 


11. Энэ гудамжинд одоо нар тусч шороотой харагдаж байгаа ч бороо орсон тохиолдолд их хэмжээний ус урсдаг бололтой.


12. Гудамжинд охиноо дагуулсан хөгшин эмэгтэй, аппарат барьсан гадаад хүнийг гайхах хижээл насны эр.


13. Энэ бол гэр хорооллын ресторан. Энд зөвхөн гэр хороололд амьдардаг иргэд эсхүл хамаатан садан найз нөхөд нь л ордог байх.  Гэр хорооллын ресторанууд гаднаа ихэвчлэн үндэсний хоол, аяга тавагны зураг тавьсан байдаг. Иргэд хэлэхдээ "Гэр хорооллын хоолны газрууд өвөлдөө халаалтын асуудлаас болж ажиллагаагаа зогсоодог" гэв.


14. Рестораны үүдээр дөнгөж шагайгаад явах зуур зураг дээр харагдаж буй эрэгтэй ханиалгаж дохио өгөв. Ард нь би зогсож байна гэж сануулж байгаа бололтой. Яг энэ мөчид нэгэн хүн намайг дуудлаа.


15. Ард харагдах байшингаас намайг дуудсан хүн бол энэ. Энэ хүн миний ирээдүйг хэлж өгье гэлээ. Надад мөнгө байхгүй гэдгээ тайлбарласан ч тэр эелдэг зан гаргаж үнэгүй үзэж өглөө. Энэхүү үзмэрч ширээн дээрээ буддын шашны эд зүйлс өрсөн байхаас гадна өврөөсөө тамхи гарган ирж хамраараа сорлоо. Дараа нь над руу гар сунган өгч өөртэй нь адил хамраараа үнэрлэхийг зөвлөв. Үзмэрч миний толгойд хүрч өөртөө ойртуулаад нэр, жилээ хэл гэлээ. Энэ зуур эрхээ гаргаж буддын маань уншиж эхлэнгээ намайг ирээдүйгээ сайн сайхан болно гэж бодоорой гэв. Дараа нь миний тухай, миний зан чанарын талаар хэлж өглөө. Гайхалтай нь анх удаа уулзаж байгаа ч гэлээ миний тухай үнэнийг хэлж байсан юм. 


16.    Үзмэрчийн байшингийн ойролцоох хашаа болон гэр. Энд амьдардаг хүмүүс намайг гэртээ орохыг урьж, надад туслахыг санал болголоо. Энэ хашааны эзэд надад гэрээ танилцуулж, тоосгоор барьсан байшин, модон жорлонг үзүүллээ.


17.    Монгол гэр болон тоосгон байшин яагаад хоёулаа байгааг гайхаж байлаа. Магадгүй хөдөөгөөс ирсэн иргэд монгол гэртээ баймаар санагддаг бололтой. Тэд өвөлдөө гэрт, зундаа байшиндаа байрладаг бололтой.


 18.    Хашааны эзэн хаалганыхаа өмнө


19. Гэр хороололд явж байгаад үерийн сувагтай тааралдлаа. Жижиг энэ суваг үерийн усыг авто зам руу шууд урсгадаг бололтой. Энэ сувгаар үерийн уснаас гадна коланы сав, автомашины дугуй ч бас урсдгийг би олон харсан.


20.    Өндөрт гарах тусам гэр хорооллыг илүү сайн ажиглах боломжтой гэж бодсон учраас дээшээ өгслөө. Энэ үед дэлгүүрээс хүнсээ цуглуулж байгаа гэр бүл харагдав.


21.    Энэ бол гэр хороолол оршиж буй уулын төв цэг. Эндээс алсад хотын төв, цаана нь уул харагдаж байна. 


 

22.    Харин энэ харагдаж байгаа байгууламж бол Монгол Улсын үндэсний телевиз.


23.    Би буцах замдаа хашаанд зурсан сум харлаа. Хэрэв гэр хороололд над шиг төөрвөл ийм сумыг дагахад буруудахгүй. Гэр хорооллын гудамжаар явж байгаа жолооч нарын хувьд буцаж гарах замаа олоход хүндрэлтэй байдаг нь мэдээж.


 

24.    Улаанбаатар хотын цэвэрлэгээ үйлчилгээний газар хотын төвөөс гадна гэр хорооллынхоо цэвэр цэмцгэр байдалд ч санаа тавьдаг гэдгийг эндээс харж болно.


25.    Монголын гудамжны нийтлэг дүр төрхийг тоёота приусээс салгаж болохгүй. Дундаж болон бага орлоготой өрхүүдийн унаа гэж би ажигласан. 


26.    Би гудамжаар алхах замдаа зэвэнд баригдаж муудсан худалдааны контайнер харав. Монголчууд контайнерийг олон зориулалтаар ашигладаг. Зах болон худалдааны төвүүдэд лангуу, дэлгүүр болдог. Харин гэр хороололд контайнерийг сууц болгохоос гадна машины гараж болгодог.


27.    Хуучирсан газын баллоныг газарт суулгасныг хараад би эхэндээ айв. Хэдий хоосон, аюулгүй байж болох ч яагаад газарт суулгасныг их гайхлаа.


28.    Гудамжинд овоолсон чулуунуудыг машинууд тойрч гарч зам үүсгэсэн байна. Ямар учиртай ингэж чулуу овоолсныг ойлгосонгүй.


29.    8 дугаар хорооны гудамжуудад хүн их бага. Магадгүй бүгд гэртээ байгаа байх. Хашаанууд  дундаасаа хамгийн намхан хашаан дээгүүр өнгийж, дотор нь юу байгааг ажиглахаар шийдэв. Хатаахаар тохсон нойтон хувцаснууд, замбараагүй ургасан хогийн ургамал, зарим нэг хэрэггүй хог гэж хэлж болохуйц эд зүйлс. Энэ хашааны эзэд газрынхаа зай талбайг саруул уужим болгож, зөв ашиглах талаар боддоггүй бололтой.


30.    151 дүгээр хашаа.  Хашааны дугаар хаалганы шон дээр ихэвчлэн байршина.


31.    Өөр нэгэн хашаа. Муу мод, магадгүй хог хаягдлаар барьсан мэт харагдаж байна.  


 

32.    Хашааны хаалгыг хоёр өөр метал материалаар хийжээ. Эндээс 2,3-хан км явахад өндөр барилгууд, өдөржингөө ажиллах кранууд гээд маш өөр амьдрал бий. Гэр хороололд амьдардаг иргэдийн нүдэн дээр хотын төв өргөжин тэлсээр. Гэвч энэ хашаанд амьдарч байгаа иргэд хүсээд ч хотын төвд амьдрахад бэрх.


 

33.    Гудамжаар алхахад гинжгүй ноход их тааралдана. Тэр ноход өөрийн эзэмшил нутагт нь орж ирсэн үл таних хүн рүү харж байгаа харц яг л "дайрахад бэлэн" араатан мэт. Зурагт харагдах төмөр өргөст тор бүхий хашаа сэтгэл эмзэглэмээр санагдав. Нэг талд нь МҮОНРТ-ийн төрийн өмчийн хашаа нөгөө талд иргэдийн амьдрах гэр хороолол.


 

34.    Гэр хорооллоос бараг гарах үед буддын бас нэгэн хийд  тааралдлаа. Хийдийн үүдэн дэх чулуун тахил дээр сүсэгтэн хүмүүс чулуу нэмж тавьдаг юм байна. 


35.    Зурагт харагдах ламд би өөрийн зорилгоо хэлж хийдтэй танилцаж эхэллээ. Хосууд ламаас адис авч, лам ном уншиж эхлэв. Ном тарни уншиж дууссаны дараа лам хосуудад шингэн шар зүйлс, нунтаг бодис өглөө. Нэг зан үйл л байх.


36.    Хоёр дахь дуган нь илүү оффис шинжтэй, лам нарын хувийн өрөө бололтой. 


37.    Монголын буддын шашин нь Түвдийн буддизмтай адил үхлийн талаарх санаа бодолд төвлөрдөг бололтой. Бие засах газар хүрэх замд хавтангаар бүрсэн талбайд гавлын ясыг улаан өнгийн будгаар дүүргэн шигтгэжээ. 


38.    Гэр хорооллын төгсгөлд 2 давхар цагаан байшин харлаа. Цонх нь хагарч, дээвэр дээрээс нь урагдаж муудсан зурагт хуудас унжжээ. Энэ байшин эзэнгүй хаягдаад олон жил болсон байх.


39.    Энэ бол гэр хороололтой танилцах миний аяллын төгсгөл. Хаалганы дэргэдэх модоор хийсэн лам “Дахин морилоорой” гэсэн шиг мэхийжээ.