П.Оюунчимэг: 1613 охидыг насанд хүрээгүй байхад нь ээж болгосон этгээдүүд ял завшиж байна

Ярилцлага / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 02

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хуульзүйн байнгын хороо хамтран Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар сэтгүүлчидтэй  уулзаж ярилцав. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг манайд үйлчилж буй хууль, ял шийтгэлийн бодлогын талаар  “Дэлхийн эрх зүй, соёл өндөр хөгжсөн орнуудын ял шийтгэлийн бодлогод манай байгууллага судалгаа хийсэн. Энэ төрлийн хэрэгт ихэвчлэн бүх насаар нь буюу 20-25 жилийн ял оногдуулсан байдаг. Манай улсад аав, ах, дүү, амраг садан, ойрын төрлийн хүн нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс гомдолгүй гэсэн ч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй. Гэхдээ хуулийн байгууллагуудын ажлын уялдаанаас болж ял завшин эрх чөлөөтэй явж байгаа хүн бий юу гэдэг  бол өөр асуудал. Тэр тусмаа манай улсад 1613 өсвөр насны охин ээж болсон. Эдгээр охид бүгд хавьтагчтай. Тэгвэл 1613 хүнийг садар самуунд уруу татсан буюу бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан, эсхүл хүчиндсэн хүн шүүхээр яллагдагч болох ёстой. Тэгэхэд энэ хооронд хичнээн хүн ял завшиж эрх чөлөөтэй явж байгаа нь сонин байна” гэв.