Р.Эмүжин: Хайрлаж болоогүй юм уу?

Хэн юу хэлэв / Time Admin
2017 оны 11 сарын 03

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн талаар олны танил эрхмүүд ам нээж эхлэв. Тухайлбал зохиолч яруу найрагч Р.Эмүжин өөрийнхөө сэтгэгдлийг фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.


Хайрлаж болоогүй юм уу?

Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад " Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй" хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг. За гурав дахь удаагаа их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд бидний 30 гаруй зохиолч, сэтгүүлч хамтдаа оролцсон. Алтайд шинэхэн баригдсан "Ентүм" зочид буудалд холын зочид байрлаж, холгүйхэн байх "Амар" нэртэй буудалд мань мэтийн дарснаас хол, дажингаас хөндий ганц нэг хүн тухалсан юм даг. Нэг өглөө 08:30 минутын үед "Ентүм"-ийн хаалгаар яваад ортол Дашзэвэг гуай цав цагаан дотуур өмд ч юм уу гэмээр богино шорттой цахилгаан шат руу орж байхыг хальт харчихлаа. Арайтай л цочоод унасангүй. Нүдэндээ ч итгээгүй гэхэд болно. Тэр чинь есдүгээр сарын сүүлийн өдрүүд шүү дээ. Буудлын үүдний хэсэгт сууж байсан хүмүүс, угтан авагчид бүгд л харсан. "Та нар ч сонин зочидтой, үзэж харах юм ихтэй л суугаа юм байна" хэмээн зохион байгуулж буй улсад хошигнон хэлээд би цайндаа орсон юм даг. Маргааш орой нь болсон уулзалт цэнгүүн, яруу найргийн наадмын үеэр Дашзэвэг гуай юм юмны урдуур ухалзаж, арга хэмжээг хөтлөсөн Равдан гуай, Гантигмаа хоёртой микрофон булаалдах шахам тайзан дээр хоёр ч удаа гарсан юм даг. Санаа нь дуугаа дуулчих гээд байх шиг. Гэтэл шүлэг унших яруу найрагчид эгнээстэй. Уг нь мань эр өөрийнхөө ээлжинд шүлэг хэлсэн боловч дэгэлзээд, тайзны урдуур хойгуур гүйгээд нэг л биш ээ. "Цаадахыг чинь тайзан дээр дахин гаргаад дэмий байх, одоо болно" гэлцэн шивнэлдсэн улс ч бий. Гэвч нэг л чөлөөнд нь микрофон авч амжсан Дашзэвэг гуай алга дарам үрчийсэн цаас барьчихсан "Намайг хүмүүс дуугаа дуул гээд байна" гэчихсэн гуйх маягтай цангинуулж зогссон. Угийн их зөөлөн хүн л дээ. Тэр бол маш сайн сэтгүүлч. Олон улсын тоймч. Олон ч сайхан шавьтай. Сэтгүүлзүйн салбарын хагас зууны түүх болсон хүн. Хүн янз бүрээр өтөлдөг. Зарим нь идэхийн хэнхэг тусна. Нөгөө нэг нь уйлхай болно. Бас нэг хэсэг нь магтуулахын донгоор өвчилнө. Өөр нэг нь оюун ухаанаа алдаж, харгалзагчгүй л бол хаа сайгүй тэнэнэ. Гэвч үр хүүхэд нь болсон бид хөөрхий хөгшиддөө цаг зарцуулах нь бага. Бараг л юунд гомдож, юунд баярладгийг нь анзаарахгүй шахам ажил амьдралаа хөөцгөөнө. Магадгүй Дашзэвэг гуай шиг оюуны өндөр ачаалалтай насаараа ажилласан хүн эрүүл сэтгэхүйгээ алдаж, тархи оюуны чагтага алдуурна гээч болсон байхыг үгүйсгэхгүй. Оюуны асар их ачаалал дунд өнгөрөөсөн хагас зуун жил нь түүнийг, эсвэл эдүгээ зүтгэж яваа биднийг өтлөхийн цагт хэрхэн сүйдлэхийг хэн мэдэх юм бэ. Би юу гэх гээд байна вэ гэхээр үр хүүхэд нь хөөрхий 74 настай аавынхаа сэтгэцийг шалгуулаад эмнэлэгт үзүүлчихгүй яасан юм бол гэж бодогдоод байх юм. Нарийн шинжлээтэхвэл яавч Дашзэвэг гуайгаас гарахгүй үйлдэл, араншин яагаад түүнээс илэрч байсны учрыг тайлах л байх. Зан харилцааны хувьд хэтэрхий гэмээр соёлтой, дипломат шахам зантай нөхөр гэдгийг нь олон хүн мэднэ. Насан туршийн сурцаараа биеэ аваад яваад байх магадлал өндөр. Харамсалтай нь манайд энэ салбар муу хөгжиж дээ. Аавынхаа бүтээсэн, босгосон бүхнийг, алдар хүндийг нь, нэр төрийг нь, удмынхаа хойч үе, үр хүүхдэд үлдэх хүндлэлийг нь бодож яагаад болоогүй юм бол? Яагаад энэ талаас нь эргэцүүлж, Монголын сэтгүүлзүй, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмэр, насаараа зүтгэсэн хөдөлмөр, өтөлсөн хойноо ч хэвлэлийн тайзнаас бууж чадахгүй байгаа итгэл үнэмшил, үр хүүхэд шавь нарт нь үлдэх энэ хүний өгөөж, хайрыг хайрлаагүй юм бол? Хэрэв анзаарч ажиглаж байсан бол асуудал үүндээ тулж, жаахан охин сэтгэлзүйгээрээ хохирохгүй байв. Ядаж хэдэн найзаас нь асуучихсан бол яагаад уудаггүй байж уучихсан юм шиг аяглаад , уралдааны морь шиг ухалзаад байх болсных нь учрыг нотлоод хэлээд өгөх л байсан. Яагаад аавынхаа гэсэн бүхнийг, аавыгаа хайрлаагүй юм бол? Бас ээжийнхээ сэтгэлийг хайрлаагүй юм бол? Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан...эрт эмчид очих хэрэгтэй байсан...хэдхэн хором зарцуулаад ярилцаад үзсэн бол мэдэгдэх л байсан...сэтгэц нь хэвийн бус болсныг үр хүүхэд нь байтугай манай салбарынхнаас анзааран ярилцсан хүн ч цөөнгүй....өөрөөр ийм байх учиргүй. Ингэж л бодогдоод байна...бид ч бас өтөлнө, аймаар ч юм даа. Үр хүүхэд минь л харж хямгадахгүй бол яаж өтлөхийг хэн мэднэ"