Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 3, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 03

1.УИХ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар үлдлээ

УИХ-ын өчигдрийн чуулганаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллахыг дэмжээгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хууль зөрчдөг хүнийг сайдаар томилж болохгүй. Хувийн эрх ашгийнхаа төлөө олон нийтийг турхирсан хүнийг сайдаар ажиллахыг дэмжих ёсгүй” хэмээн хэлсэн бөгөөд эрх баригч МАН-ын гишүүд дунд ч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад дэмжихгүй байгаагаа илэрхийлэх гишүүд цөөнгүй байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “65 гишүүнтэй бүлэг Ерөнхийлөгчийн ганц хоригоос болж, хоорондоо талцаад АН-ыг буруутгахаа боль оо. Та бүхэн шившиг болж байна. Асуудлаа шийдээд яв л даа. Ерөнхийлөгчийн ганц хориг дээр З.Энхболдод дээрэлхүүлж байвал эрх баригч та нарын хохь.” хэмээн хэлэв. [Gogo.mn]

2. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар чуулганы үеэр маргалдав

УИХ дахь МАН өөрсдийн Засгийн газраа огцруулснаар 65 гишүүнтэй тус бүлэг хоёр хуваагдаад байгаа билээ. Олон зүйл дээр анзаарагдаж байсан энэ хагарал өчигдөр чуулганы хуралдаан дээр ширүүхэн маргаанаас харагдав. Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар чуулганы танхимд дуугаа өндөрсгөн маргалдав. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо. Энэ бол У.Хүрэлсүхийн хамгийн эмзэг үе шүү" гэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм. Муу хулгайч" хэмээн бухимдав.  Хариуд нь Ж.Мөнхбат, "Чи Н.Энхбаяраас том болжээ.Чи монголын төрөөс хулгай хийгээгүй юу" хэмээн хашгирав. УИХ-ын дарга М.Энхболд дэгээ мөрдөхийг хэд хэдэн удаа шаардсан ч тэ маргалдсаар байсан юм. [Medee.mn]  

3. Улсын хэмжээнд 73524 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “73 524 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна” хэмээн хэлсэн бөгөөд  энэ асуудлаар Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч болон бусад холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа аж. Холбооны тэргүүн Б.Өлзийбат, "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд жил 10 сарыг үдэж байна. Энэ хуулийн зорилго бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 70,000 гаруй хүүхдийг харж, хандах хууль юм. Өнгөрсөн жил 5.8 тэрбумыг УИХ-д төсөвлөж 6 000 хүүхэд хамруулах ёстой гэдгийг баталсан. Гэтэл өнөөдөр 5275 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, тогтмол 1025 ажлын байр бий болж, 10000 гаруй эцэг эх ажил хийх боломжтой болж байгаа юм.” гэлээ. [Shuud.mn]

4. Увсчууд Засаг даргаа эсэргүүцэж жагсана

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль зөрчсөн хэмээн үзэж, Увс аймгийн иргэд энэ сарын 7-нд тайван жагсаал хийхээр болжээ. Увс аймгийн Улаангом хотын Ю.Цэдэнбалын талбайд тус жагсаал болох бөгөөд 16 сум, 150 багийг төлөөлсөн төлөөлөл оролцохоор болсон аж. Энэ талаар Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд “Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ах дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ ажилд томилж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал хэрээс хэтэрсэн. Өмнө нь энэ хүн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцнаас 120 гаруй сая төгрөг завшсан байдаг. Энэ нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасаж, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан.” гэв. [News.mn]  

5. Д.Долгорсүрэн зааны ач хүү сүмод хөл тавьжээ

Монгол Улсын манлай Заан Д.Долгорсүрэнгийн ач хүү С.Бямбасүрэн сүмод хөл тавьжээ. Тэрбээр Д.Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн хүү юм байна. С.Бямбасүрэн 18 настай бөгөөд “Tatsunami” дэвжээнд орж ирэх оны нэгдүгээр сараас барилдаж эхлэх юм. . С.Бямбасүрэнд Шикона хэмээх дэвжээний нэрийг санал болгосон ч тэрээр өөрөө Асашёорюү ахынхаа Рюү буюу луу гэсэн үг орсон нэртэй болмоор байгаагаа хэлжээ. Түүний авга ах мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж дүүдээ фэйсбүүкээр дамжуулан амжилт хүсчээ. [Eagle.mn]  

6. Доналд Трамп Нью-Йоркийн алан хядагчийг цаазлах ёстой гэв 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан болсон Нью-Йорк дахь халдлагын эзэн холбогдогчийг даруйхан цаазаар аваачих хэрэгтэй гэж твиттерт бичжээ. Том оврын автомашин хөлөглөж, гудманд явж байсан энгийн иргэд рүү дайрсан 29 настай Сайфуло Сайпов нь Узбекистан гаралтай юм. Доналд Трамп твиттерт алан хядагчийг үзэн ядаж байгаа талаар бичээд “Нью-Йоркийн алан хядагч Исламын улсын далбааг эмнэлгийн коридорт өлгөж байхдаа аз жаргалаар дүүрэн байв. Гэвч тэр найман хүн алж, 12 хүн гэмтээсэн. Тэрнийг шууд цаазал” гэж жиргэжээ. [BBC]

7. Осама Бин Ладентай холбоотой нууц бичлэг ил болжээ 

АНУ-ын Тагнуулын төв газар олон нийтийн хэрэгслээр зартай алан хядагч агсан Осама Бин Ладентай холбоотой хэд хэдэн нууц бичлэг, зураг зэргийг ил болгожээ. Бичлэгт Бин Ладены хувийн өдрийн тэмдэглэл, түүний хүү Хамза Ладены хуримын бичлэг, мөн Аль Кайдагийн үүсгэн байгуулагдсан талаарх баримтат кино зэрэгт Осама өөрийн биеэр гарч байжээ. Эдгээр бичлэгийг ТТГ-ын тусгай ажилтнууд Аль Кайдагийн оромжинд байсан Осама Бин Ладены хувийн компьютерээс олжээ. 2011 онд тусгай ажиллагааны үеэр Осама Бин Ладен болон түүний хамтрагчдыг АНУ-ын цэргүүд устгасан түүхтэй. [CNN]

8. Каталончууд дахин гудамжинд жагсав 

Каталоны эрх чөлөөний төлөө тэмцэгч Карлес Пугдемонт тэргүүтэй 20 гаруй иргэнийг эрэн сурвалжилж, зохих шийтгэл оноох болно гэж Испанийн дээд шүүх мэдэгдсэний дараа Барселонад дахин олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Карлос Пугдемонт нөхдийн хамт Бельги улс руу гарч, улстөрийн орогнол хүссэний дараа Испанийн ерөнхий прокурорын зөвлөл цаашид каталончуудыг төрийн эргэлтэд уриалан, турхирах гэсэн ямар ч оролдлогыг хүчээр таслан зогсоох болно гэдгээ мэдэгдсэн юм. [Euro News]

9. Алибаба цахим худалдааны ертөнцөд хамгийн хүчирхэгээр нэрлэгдлээ 

БНХАУ-ын цахим худалдааны гигант Алибаба компани салбартаа цорын ганц монополь ноёрхол тогтооход ойрхон байгааг шинжээчид мэдээлж байна. Өнгөрсөн есдүгээр сараас өнөөдрийн байдлаар Алибабагийн орлого өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 61 хувиар өсч 55.1 тэрбум юань буюу 8.3 тэрбум ам.доллар боллоо. Энэ нэг жилийн өмнө хөрөнгийн зах зээл шинжээчдийн таамаглаж байснаас 20 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Алибаба компани нь онлайн бизнесээ супер маркет, жижиг төрлийн дэлгүүрүүд рүү тэлснээр хөрөнгө оруулалтын шугамаар үйл ажиллагаагаа улам бүр тэлсээр байгаа юм. [CNN]

10. Садио Мане бэлтгэлдээ гарчээ 

Багийнхаа хамгийн чухал тоглогчдын нэг Садио Манег хэдэн долоо хоногийн турш бэртэлд алдаад байсан Юрген Клопп сенегал эрийг дахин бэлтгэлдээ гарсан талаар мэдээллээ. Ингэснээр дор хаяж зургаан долоо хоног талбайгаас хол байсан Мане “Улаанууд”-тай дахин нэгдэж байна. Садио Мане Сенегалийн шигшээ багтаа тоглож байхдаа гуяны арын шөрмөсөө хүнд гэмтээж, талбайг чөлөөлсөн юм. 
Харин одоо Мэлвүүд дэх бэлтгэлийн баазад Садио Мане эргэн ирснээр ирэх амралтын өдөр болох тоглолтод оролцоход бэлэн болсон байна. [sky sports]