Д.Трамп ногоон картны сугалааг зогсооно гэлээ

Нийтлэл / Time Admin
2017 оны 11 сарын 03

Мягмар гарагт Нью-Иоркийн дэлхийн худалдааны төвийн ойролцоох унадаг дугуйн зам руу машинаар дайран орж, 8 хүний амь насанд хүрсэн этгээд нь 2010 онд Укбекистанаас цагаачилж ирсэн Саифулло Саипов гэдэг этгээд болох тухай эх сурвалж мэдээллээ.

Халдлагын дараа цагдаа нар түүнийг буудан шархдуулж, одоо эмнэлэгт байгаа юм. Одоо 29 настай Саифулло Саипов, Исламын улс бүлэглэлд эд материал хангаж өгдөг байсан нь тогтоогдсон байна. 
Холбооны шүүх түүнийг бүр хоёр сарын өмнөөс халдлага үйлдэхээр төлөвлөсөн, Хэллоуины баяраар хүн хөл ихтэй үеийг дайруулан энэ халдлагыг үйлдсэн, машин дотроос нь Исламын улс бүлэглэлийн туг олдсон, гар утаснаас нь Исламын улс бүлэглэлийн суртал ухуулга бүхий 90 орчим бичлэг олдсон гэсэн баримтыг дэлгэлээ. 

Мөн энэ халдлагатай холбоотойгоор өөр нэгэн узбек эрийг байцааж эхлээд байгаа бөгөөд Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиоев, ерөнхийлөгч Д. Трампт хандаж,  энэ халдлагыг мөрдөн шалгахад бүх хүч, нөөц боломжоо дайчлахад бэлэн байна гэж мэдэгдлээ. 

Энэ халдлагаас үүдэж, Нью-Йоркийн цагдаа хамгаалалтынхан хүчээ бэхжүүлж хамгаалалтын хүчээ өргөжүүлсэн байна. Ерөнхийлөгч Д. Трамп, цагаачлалын системээр АНУ-д нэвтэрсэн сэжигтэн этгээдийн халдлагаас үүдээд,  Олон үндэстний визийн сугалаат хөтөлбөрийг зогсоохын төлөө шийдвэртэй алхам хийнэ гэж хэллээ. 

АНУ-д жил бүр, бага төвшний улс орнуудын 50 мянган хүн ногоон картны үр шимийг хүртдэг байна. Тэгвэл саяын халдлагаас үүдээд, ерөнхийлөгч Д. Трамп ногоон картны сугалааг зогсоож магадгүй боллоо. 
Мөн Д. Трамп, АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирсэн цагаачдын талаар баримтлах хууль заалтыг эргэн харна, Гуантанамо Бэи дэх Америкийн цэргийн шорон руу сэжигтнийг явуулах талаар авч хэлэлцэнэ гэлээ. Түүнчлэн аяллын хориг тогтоосон улсуудын жагсаалтанд Узбекистаныг нэмж оруулах хэрэгтэй юм байна гэлээ.

Э.Лхагва