Д. Сумъяа: Тамирчдын амжилтанд багш нарын маань уйгагүй, нөр их хөдөлмөр шингэсэн байдаг

Ярилцлага / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 01

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж шагналыг нь гардуулан өглөө.
Тэрбээр, Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлтэй нэгэн юм. 26 настай Д.Сумъяаг Ерөнхийлөгч Х.Баттулга насандаа ахадмаар одон медаль хүртсэнийг нь сайшаав. Ингээд шинэхэн хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа. Та сэтгэгдлээ хуваалцаач?

Төр засгаас 13 жил хөдөлмөрлөсөн хөлс хүчийг минь өндрөөр үнэлж урамшууллаа гэж бодож байна. Төрийн дээд цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Анх намайг жудо бөхийн спортод хөтөлж оруулж ирсэн хүн нь манай аав Доржсүрэн. 2005 онд анх Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нарынхаа удирдлага доор А үсгээ заалгаж байсан юм. 2008 оноос эхлээд Жудо бөхийн шигшээ багийн ах эгч нартайгаа хамт бэлтгэлд орж, 2010 оноос албан ёсоор Шигшээ багийн тамирчин болоод өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

Тамирчны хичээл зүтгэл, мөн дасгалжуулагч багш амжилтанд хүрэхэд чухал нөлөөтэй болов уу?

2011 оноос хойш Монгол Улсын аварга, Ардын багш, Жудогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням багштайгаа хичээллэж байна. Шигшээ багийн нийт багш нартаа баярлалаа. Багш нарын маань уйгагүй, нөр их хөдөлмөр нь тамирчдын амжилт байдаг. Тэр дундаа Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлаж байна. 2008 оноос хойш тасралтгүй 10 жил удирдлаган дор нь бэлтгэл сургуулилт хийж ирсэн. 

Талархсан сэтгэлээ илэрхийлэх маш олон хүн байгаа байх?

Монголын жудо бөхийн холбоо, Спорт бэлтгэлийн төв, яам, агентлаг, Шигшээ багийн алба гээд бүгдэд нь талархаж байна. Сүүлийн 4 жил хүчний бэлтгэлийг "Алдар" спорт хорооны Энхтөр багштай хамтарч хийж байгаа. Миний үндсэн байгууллага ХХЕГ хурандаа Бат-Эрдэнэ даргатай 208 дугаар Тусгай ангийн бие бүрэлдэхүүнд, Монголын өнцөг булан бүрт хилээ манан үүрэг гүйцэтгэж байгаа хилчиддээ энэ өдрийн мэнд хүргэж, баяраа хуваалцмаар байна. Жудод хайртай, ивээн тэтгэдэг хүмүүс бий. Яг энэ мөчид маш олон хүнд баярлаж талархснаа илэрхийлэхийг хүсч байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөөдөө маш их баярлалаа.

Энэ үеэр мөн жудо бөхийн 2017 оны Дэлхийн Аваргын хүрэл медальт Г. Одбаяр, Б. Мөнгөнчимэг нарт Монгол Улсын гавъяат тамирчин цол тус тус олгосон юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Ганбаатарын Одбаярын хувьд “Өчүүхэн амжилтыг минь өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлалаа. Би 13 жил жудо бөхөөр хичээллэсэн. Би их баяртай байна. Нийт жудо бөхийн, найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та нар минь намайг эрлэж хурцалж байсан шүү. 2017 оны ДАШТ хамгийн сэтгэл догдлуулсан тэмцээн байлаа. Он дуусахаас өмнө  гурван тэмцээн байгаа. Тэнд л амжилт гаргахын төлөө хичээж бэлтгэл сургуулилтаа хийнэ дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.