Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 2, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 02

1. Олон улсын тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр хоригджээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэгийг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгаж, хорих 461 дүгээр ангид хорьжээ. Түүнд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн нэг, найм, ес дэх хэсэгт тус тус зааснаар нэг сар хорих арга хэмжээ авчээ. Энэ талаар өчигдөр Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв. [Time.mn]

2. Б.Хурц ТЕГ-ын даргаас чөлөөлөгдөж, БНСУ-д Элчин сайдаар сууна

Хууль зүйн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын дарга Б.Хурцыг огцруулахаар Ерөнхий сайдтай ярилцаж байгаа талаар ам нээсэн. Б.Хурцыг чөлөөлөх асуудал жилийн өмнөөс яригдаж эхэлсэн талаар ч мэдээлэл гарсан бөгөөд түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал асуулт хэвээр байсан юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын газрын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь хурандаа Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэл нь ТЕГ-ын газрын даргаар 2012-2013 онд ажиллаж байсан юм. Б.Хурцыг ТЕГ-ын даргаас чөлөөлсөн ч түүнийг БНСУ-д Элчин сайдаар томиллоо. [Montsame.mn]

3. МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүдээ хөөжээ

МАХН-ын Бага хурлын гишүүд өчигдөр мэдээлэл хийж, намын дүрэм, зүйл заалт зөрчигдөж байгааг хэллээ. Мөн намын дарга Н.Энхбаярыг өөрийн эргэн тойрныхонтойгоо ажиллаж намын бусад гишүүдээ үл тоомсорлож байгаа гэв. Түүгээр зогсохгүй намын үйл ажиллагаанд гарч буй зохисгүй зүйлсийг өөрчлүүлэхээр мөн их чуулганаа хий гэх шаардлага хүргүүлсэн боловч намын дарга Н.Энхбаяр хүлээн авч тэднийг “Та нар юу юм?...Хэрэггүй юмнууд яв” гэж хэлсэн байна. Тус намын гишүүн Г.Бямбасүрэн “Манай намын 130-аад гишүүд саналаа нэгтгэн ярилцаж тохироод ирэх 12 дугаар сард их чуулганаа хийхээр товлосон. Уг шийдвэрийг зөвхөн намын дарга гаргадаггүй” гэв.  [News.mn]

Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү.” хэмээн хэлжээ. [Time.mn]  

5. Асашёорюү, Жек Ма нарын тоглосон кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ

Азийн тулаант киноны од Жет Ли, Донни Йен нарын тоглосон Gong Shou Dao (The Art of Attack and Defence Довтлох, хамгаалах урлаг) хэмээх уран сайхны киноны нээлт энэ сарын 11-ний өдөр болно. Энэхүү кинонд дээрх жүжигчдээс гадна Хятадын тэрбумтан, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Жек Ма, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж нарын алдартнууд тоглосон учраас Азийн, тэр дундаа Япон, Монгол, Хятадын үзэгчдийн сонирхлыг татах нь дамжиггүй юм. Киноны продюссероор Жет Ли ажилласан бөгөөд Жек Маг кинонд тоглуулах нь түүний санаа байсан гэнэ. [Eagle.mn]  

ДЭЛХИЙ ДАХИН:

6. Энэтхэгт цахилгаан станц дэлбэрч 16 хүн амиа алджээ

Энэтхэгийн Утар Прадеш мужийн хойд хэсэгт орших нүүрсээр ажилладаг цахилгаан станцад дэлбэрэлт болсны улмаас 16 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг станцын оператор NTPC Limited компанийн удирдлагууд яаралтай ажиллаж 80 гаруй ажилтныг компанийн өөрийн эмнэлэгт хүргэсэн гэнэ. Дэлбэрэлт болохоос өмнө станцын уурын яндангаас хэвийн бус дуу чимээ гарч удалгүй хүчтэй чичиргээ мэдрэгдсэний дараа станцын төв блок орчмыг утаан хөшиг нөмрөн авчээ. Цагдаа нарын урьдчилсан үзлэгээр станцын зуухны доорх үнсийг тухай бүрт нь цэвэрлээгүйгээс болж хийн даралт бий болгож, улмаар дэлбэрэлт болсон байж магадгүй гэнэ.

[BBC]

7. Узбекистан гаралтай цагаачийг шүүж байна

Узбекистан улсаас цагаачлан АНУ-д ирж, улмаар Нью-Йорк хотод халдлага үйлдэн найман хүний амийг хөнөөсөн Сайфуло Сайповыг шүүж байна. Түүнийг Исламын улсаас санхүүжиж, баримт материалаар хангаж байсан хэмээн буруутгаж буй аж. Өдгөө 29 настай узбек цагаач том оврын автомашин хөлөглөж, гудамжинд явж байсан энгийн иргэдийг дайран хөнөөсөн билээ.

Цагдаа нар түүний мөр орчим руу буудан шархтуулж, аюулгүй болгосон юм. Шүүх хурлаас өмнө Сайповыг нэг өдөр эмчилж, улмаар Нью-Йоркийн шүүхийн танхимд шилжүүлжээ. Сайпов Манхэттэн хотод цагаачаар амьдарч байхдаа шуудан хүргэлт, айл нүүлгэлтийн компанид тус тус ажиллаж байсан гэнэ.

[BBC]

8. Аун Сан Су Чи Рахин мужид айлчиллаа

Мьянмарын де факто удирдагч Аун Сан Су Чи зэвсэгт мөргөлдөөн хүчээ аваад буй Рахин мужид айлчиллаа. Энэ газар рохинжа үндэстнүүд болон Мьянмарын армийн цэргүүдийн дунд мөргөлдөөн өрнөж хэдэн зуун мянган рохинжачууд Филиппин зэрэг улс руу дүрвэн гараад буй. Олон арван жилийн турш таагүй харилцаатай байсан рохинжа болон Мьянмарын уугуул оршин суугчдын тэмцэл өнгөрсөн наймдугаар сараас хойш иргэний дайны хэлбэрт шилжсэн. Одоогийн байдлаар 600 мянга орчим рохинжачууд Филиппин, Бангладеш зэрэг улс руу дүрвэн гарчээ. Аун Сан Су Чи мөргөлдөөний голомт болсон Ситте хотод энх тайван тогтоох үүднээс илтгэл тавьж, талуудыг хүлээцтэй байхыг уриалсан байна.

[CNN]

9. Фүкүшимад нисдэг төхөөрөмжөөр тандалт хийлээ

Зургаан жилийн өмнө Японы Фүкүшима атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж, газар хөдлөлтийн улмаас томоохон сүйрэл нүүрлэсэн. Гамшиг болсон газрын цацраг идэвхит нөлөөлөл одоог хэр нь аюултай байдалд хэвээр буй бөгөөд Фүкүшиматай ойрхон байрладаг зарим тосгоны иргэдэд нисдэг төхөөрөмж буюу дроноор хоол хүнс хүргэж, атомын станцын ойролцоох зарим газар тандалт судалгаа хийжээ. Фүкүшимагийн осол болсноос хойш тус газар нэг ч хүн үлдээгүй бөгөөд зургаан жилийн турш станцын ойр, орчим эзгүй хэвээр байгаа юм. Харин Минамисома хотын Одака дүүргийн оршин суугчид нүүхээс татгалзсан учир тэдэнд хүнсний болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дрон ашиглаж хүргэж байна.

[CNN]

10. Тоттенхэм эзэн хааны багийг буулган авлаа

Аваргуудын лигийн 2017-2018 оны улирлын хэсгийн гурав дахь шатны хоёр дахь тоглолтууд боллоо. Энэ өдрийн оргил тулаан бол Уэмбли цэнгэлдэхэд 87 мянган үзэгчийн өмнө болсон Тоттенхэм Хотспур, эзэн хааны Реал Мадрид багийн тоглолт байв. Н хэсгийн хүрээнд болсон тус тоглолтод Английн Тоттенхэм клуб өрсөлдөгчөө 3:1-ээр хожсон бөгөөд Дэли Али, Эриксон зэрэг тамирчид онцгой байж багтаа ялалт байгуулахад томоохон тус хүргэв. Харин зочин баг Реалаас нэр төрийн гоолыг Криштиан Роналдо оруулсан юм. Ингэснээр Тоттенхэм хэсгээсээ гарах нь тодорхой болж, Реал Мадридын хувьд ирэх тойрогт хэсгийн хоёрдугаар байраар гарах үгүйгээ шийдэх юм.

[Big Sport]