Б.Дашзэвэгийн гэм буруутай нь тогтоогдвол хорих ялын доод хэмжээ нь 8 жил байна

Шар мэдээ / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 02

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэрэг шуугиан дэгдээсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Тус зүйл заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрхэн тусгагдсаныг таньд хүргэж байна.

ЭХХШТХ-ийн 14.9.2

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

ЭХХШТХ-ийн 14.10

Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

ЭХХШТХ-ийн 14.13.1, 8, 9

1.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

8.Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

8.1.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн хувийн мэдээлэл;
8.2.санал, хүсэлт гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;
8.3.санал, хүсэлтэд дурдсан үндэслэл;
8.4.шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт;
8.5.шүүгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, гарын үсэг;
8.6.он, сар, өдөр.

9.Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шийдвэрт гомдол гаргах эрхтэйг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулна.