Д.Урианхайд “Азийн тэргүүн найрагч” цол, 20 сая вон гардуулжээ

Энтертайнмент / Time Admin
2017 оны 11 сарын 06

우리 앙카이

Яруу найрагч Д.Урианхай энэ сарын 2-ны өдөр БНСУ-ын Гвоньжу хотноо болсон “Азийн өглөө” нэртэй фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн юм.

Шүүлт, зохион байгуулалт, шагналын сан зэргээрээ олон улсад өндөр зэрэглэл тогтоож буй уг шагналд дэлхийн олон орноос дөрвөн орны яруу найрагчдыг шалгаруулж, улмаар тэдгээр 4 яруу найрагчаас шүүгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын яруу найрагчийг сонгосон байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд фестиваль зохион байгуулах комиссын гишүүн, Солонгосын Орчуулгын уран зохиолын холбооны тэргүүн, Парисын их сургуулийн хүндэт профессор зэрэг хүмүүсээс гадна Нобелийн шагналт Нигерийн яруу найрагч Воле Шойинка байсан юм.  "Азийн тэргүүн найрагч" хэмээх нэр хүндтэй шагналыг дагалдуулан 20 сая вон гардуулсан байна.  

Д.Урианхайд уг шагналыг олгох болсон үндэслэлд, “Асар хурдацтай хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир...” хэмээжээ.