Сураггүй алга болсон охиныг 500 гаруй хүн хайж байна

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 08

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ЕБС-ын гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна.

Охиныг Замын-Үүд сум, мөн зэргэлдээ сумын нутгаар орон нутгийн иргэд, цагдаа, тусгай, онцгой байдлын алба хаагч зэрэг нийт 500 гаруй хүн хайж байгааг албаныхан мэдээллэв.

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал “2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охиныг алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн мэдээлэл авсан даруйдаа охиныг байж болзошгүй газруудаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21:00 цагт яаралтай арга хэмжээ авч, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд зэрэг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэлд гарч гурван өдөр ажилласан. Улмаар Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэх, төмөр зам, автозамын чиглэлээр эрж хайх, охины гэр бүлийн хамаатан садныг шалгах зэрэг ажиллагаа үргэлжилж байна” гэв.