13.7 тэрбумын үнэ бүхий 43 автобус Автобаазын "тавилга" болжээ

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 11 сарын 08

Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулагдсан АСЕМ- д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авсан. Ингэхдээ тус улсын Экзим банкнаас 5.5 сая ам.доллар зээлэн худалдан авалт хийсэн мэдээлэл байдаг. Автобус худалдан авах үеэр тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд М.Зоригтоор ахлуулсан баг БНСУ-д зочлон, автобусны үйлдвэртэй танилцсан талаарх албан мэдээлэл ч бий. Энэ талаар тус яамнаас мэдээлэхдээ “Эдгээр автобусуудыг АСЕМ-д зориулан авч байгаа ч  цаашид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-өөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулна. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр өгнө” гэсэн мэдээллийг өгч байв.

Тэгвэл өнөөдрийн ханшаар 13.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 автобус Автобаазын хашаанд цас, шороонд дарагдан хоёр дахь жилдээ “хэвтэж” байна. Тиймээс “Автобуснуудыг хэзээ, хаана, хэн ашиглах”-ыг тодруулахаар Зам тээвэр хөгжлийн яамны хэвлэлийн албатай холбогдоход “Энэ талаар манайд ямар ч мэдээлэл байхгүй. Сангийн яамнаас шийд өгөх ёстой. Тэр шийдвэрийн дагуу хаана, юунд ашиглах нь тодорхой болно байх” гэсэн юм.

Ингээд Сангийн яамнаас мэдээлэл авахаар сайдын туслахтай уулзахад “Тухайн үед энэ асуудлыг ямар хүн хариуцан ажиллаж байсныг мэдэхгүй байна. Манай яамны дарга нар төсөв хэлэлцэх ажлаар төрийн ордонд ажиллаж байгаа. Тэднээс асууж үз” гэснээр мэдээлэл өгөх эзэн олдсонгүй.

Ийнхүү 13.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 43 автобусыг хариуцах эзэн, ашиглах шийдвэр байхгүй нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, цоо шинэ 43 автобус дахиад хэдий хугацаанд автобаазын хашаанд, хаягдаж хуучрах нь тодорхойгүй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд зааснаар автомашины элэгдэл, хорогдлыг 10 жилээр тооцдог. Өөрөөр хэлбэл 1 жилд үнэлгээ 10 хувиар буурна. Тэгэхээр 13.7 тэрбумаар үнэлэгдэх 4 автобус жил гаруйн хугацаанд хашаанд зэвэрсний төлөө үнэлгээ нь 1.37 тэрбум төгрөгөөр буурсан гэж үзэж болно.

Тэгвэл Автобуснуудыг хэрхэн ашиглах талаар иргэдийн саналыг сонирхлоо.