Сошиал самуурал ба хуурамч мэдээллийн шуурга

Нийтлэл / Time Admin
2017 оны 11 сарын 08

Ухаалаг утас ашигладаггүй, сошиал хаяггүй хүн гэж бараг үгүй. Өнөө үед сошиал ертөнц холыг ойртуулж, хоёрыг учруулж буй гол талбар болсноос гадна залуусын мэдээ мэдээллийн гол эх суваг болж байгааг дараах баримтаас харж болно.

Ройтерс Институтын дэлхийн 36 орны хүлээн авагчдын хэрэглээний зан төлвийн судалгаагаар мэдээллийн гол эх сурвалж нь цахим мэдээллийн хэрэгсэл болсон талаар Ikon.mn сайтад мэдээлэл тавигджээ.

Харамсалтай нь сошиал хэрэглээ сайн үр дүнгээс гадна сөрөг муу үр дагавруудыг ч араасаа дагуулсаар байгаа. Тухайлбал, фэйсбүүкийг нь хакердаж мессенжерээр мөнгө зээлэх цахим гэмт хэрэг сүүлийн үед их гарлаа. Эл төрлийн гэмт хэргээс үүдэж сүүлийн гурван жилд 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан ч ердөө 80 сая төгрөгийг л эздэд нь буцаан олгожээ.

Энэ төрлийн хэргүүд танихгүй хүнээс хуурамч мэдээний холбоос чаатаар ирснээр, эсхүл хуурамч сайтын мэдээний холбоос руу фэйсбүүкээрээ нэвтэрснээр эхэлдгийг нь дурьдах нь зүйтэй.

Ерөнхийдөө бид сошиал ертөнц дэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн үерт авталгүй өөрт хэрэгтэй мэдээллийг баттай эх сурвалжаас авдаг байх хэрэгцээ шаардлага тулгарч байна. 


Нобелийн шагналт Herbert Simon 1971 онд буюу бараг 50 жилийн өмнө “A wealth of information creates a poverty of attention” буюу хэт их мэдээ, мэдээллийг хүмүүс ойлгож шингээх чадваргүй болно. Иймээс хүмүүс асуудалд анхаарч төвлөрөх, ухамсартай бодож сэтгэх нь багасах аюултай гэж анхааруулж байсан нь бий.

Сошиал ертөнц дэх хуурамч мэдээллийн үерээс өөрийгөө хамгаалж, бодит мэдээ мэдээллийг авах талаар хэдэн зүйл дурьдъя:

- Мэдээлэл нийтэлж буй албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “хуурамч сайтууд”-ыг ялгаж салгах
- Аливаа мэдээлэлд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй байх
- Чаат мессенжерээр ирүүлж буй үл таних холбоос линкээр нэвтрэхгүй байх
- Гадаадын иргэн, хуурамч аккаунт, өөрийн гэсэн нэр зураггүй хэрэглэгчийн коммент, постон дахь мэдээллийн холбоос руу нэвтэрч орохгүй байх 
- “Насанд хүрэгчдийн видео, өгүүллэг зэргийн холбоос руу орохгүй байх зэрэг дүрмийг сахих хэрэгтэй.

Мэдээллийн үнэн бодит албан ёсны эх сурвалжаар Time.mn, News.mn, Ikon.mn гэх мэт мэдээллийн вэб сайтуудаас гадна MNB.mn, Montsame.mn зэрэг албан ёсны байгууллагуудыг нэрлэж болно.

Харин хуурамч мэдээлэл, хандалт авах гэсэн сайтууд дараах ерөнхий шинжийг агуулдаг.

- Албан ёсны сайтуудтай төстэй нэртэй ч ".me" ".info" ".com" гэхчлэн өөр төгсгөлтэй

- bit.ly , index.php , goo.gl, top100contest, 9gag, shuum, mergen-tool, cada-tool гэхчлэн хураангуйлсан холбоостой

- “Зурхай”, “сонжоо”, “зөвлөгөө”, “эротик өгүүллэг”, “насанд хүрэгчдийн видео”, “нүцгэн зураг”, “нууц камерийн бичлэг”, “интернетээр мөнгө олох арга”, “гэртээ суугаад мөнгө олох арга”, “устгахаас нь өмнө үзээрэй” гэх мэт агуулгатай материал нийтэлсэн бөгөөд фэйсбүүк эрхээрээ нэвтрэхийг шаардаж байвал түүнээс болгоомжлох хэрэгтэй.

Эцэст нь мөнгө зээлэх гэх мэт асуудлыг сошиалаар шийдэлгүй утас цохиод амьд харилцаагаар шийдэх, сошиалд цацагдсан элдэв мэдээлэлд итгэхээсээ өмнө мэдээллийг нийтэлсэн вэб сайт болон эх сурвалжийг нь харахад гэмгүй.