Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 6, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 09

МОНГОЛ:

1. Хаан банкинд зэвсэгтэй этгээдүүд халджээ

Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Шөнийн зах”' худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр орой 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ. Хэрэг гарсан даруйд тус газрыг цагдаагийнхан хамгаалалтад авч, хэргийн газарт шалгалт хийж эхэлжээ. Цагдаагийнхнаас гадна тусгайгийнхан ч мөн ажилласан байна. Цагдаагийн байгууллага болон банкны зүгээс өгсөн мэдээллийг харахад халдсан этгээдүүд мөнгө авч чадаагүй аж. Өчигдөр оройн 21.00 цагийн үед “Шөнийн зах” үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байлаа. [News.mn]

2. Бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг монголдоо хөгжүүлнэ

УИХ-ын зарим гишүүд өчигдөр “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явц, байдалтай танилцлаа. 1990 оноос өмнөх нийгмийн үед “АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ компанийн инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг бүтээж байгааг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газраас гишүүдэд танилцууллаа. [Paliament.mn]

3. АСЕМ-д ашигласан 43 шинэ автобус автобаазын хашаанд “хаягджээ”

Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулагдсан АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авчээ. Өнөөдрийн ханшаар 13.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 автобус Автобаазын хашаанд цас, шороонд дарагдан хоёр дахь жилдээ ашиглагдахгүй байгаа асуудлыг Зам тээвэр хөгжлийн яамны хэвлэлийн албатай холбогдон асуухад, “Энэ талаар манайд ямар ч мэдээлэл байхгүй. Сангийн яамнаас шийд өгөх ёстой. Тэр шийдвэрийн дагуу хаана, юунд ашиглах нь тодорхой болно байх” гэжээ. [Time.mn]

4. Ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг төсөвлөжээ

2018 оны Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2017 оны Төсвийн тодотголд 111 тэрбум төгрөг суулгаж байсан бөгөөд энэ жил хангалттай хэмжээнд нэмэгдэхгүй гэсэн үг юм. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн газар хариуцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл сар бүр улсын төсвөөс ес орчим тэрбум төгрөг арилжааны банкнуудад шилжүүлж байгаа бол “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд”-ын үндсэн төлбөр болох 16 тэрбум төгрөгийг Монголбанк гаргаж байгаа юм. Ингэснээр сар бүр 25-35 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкнуудад олгож байна. [Gogo.mn]  

5. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар дахин сонгогдлоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо (МҮЭХ)-ны XXII Их хурал өчигдөр болж, ирэх дөрвн жилд тус байгууллагыг удирдах тэргүүнээ сонголоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улираан ажиллуулах саналд нэгджээ. Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцсон байна. Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшсэн юм. [Ikon.mn]

6.Доналд Трамп Хятадад газардлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Азийн орнуудаар хийж буй айлчлал хамгийн сүүлд Бээжинд зочилсноор өндөрлөх гэж байна. Трамп БНХАУ-д хүрэлцэн ирсний дараа тус улсын дарга Си Зиньпин хүлээн авч уулзаж, талууд халуун дотноор ярилцлага, хэлэлцээр эхлүүлсэн байна. Доналд Трамп юун түрүүнд Хятад улс АНУ-ын хамтын ажиллагаа, Умард Солонгосын эсрэг хамгийн том сөрөх хүчин байх болно гэж мэдэгдээд Азийн айлчлалын хамгийн чухал нь Бээжинд хүрэлцэн ирсэн явдал гэж онцолжээ. Пхеньянд үргэлжлүүлэн шахалт үзүүлж, цөмийн хөтөлбөрөө бүр мөсөн зогсооход Хятад улс хамгийн том нөлөө үзүүлнэ хэмээн Доналд Трамп ярьжээ.

[BBC]

7.Энэтхэгийн агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээнд хүрэв

Энэтхэг улсын нийслэл Дели хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хүн амьдрах боломжгүй болсон гэж тус хотын захирагч мэдэгджээ. Өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэмжилтээр Дели хотод нарийн ширхэгт тоосонцор буюу РМ2.5 үзүүлэлт даруй 969-д хүрч, агаар дахь нэг диаметр тутамд 2.5 микро элемент хөвж явааг тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаад РМ2.5 тоосонцор нэг микрокуб тутамд 25-аас дээш байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээ гэж үздэг билээ.

[CNN]

8.Твиттер 280 тэмдэгтийн хязгаарт шилжлээ

Нийгмийн сүлжээний томоохон платформын нэг твиттер компани 280 тэмдэгтийн хязгаарыг өнөөдрөөс эхлэн албан ёсоор эхлүүлээ. Урьд нь твиттерт нэг удаа пост бичихэд 140 тэмдэгт байсан бол эдүгээ хязгаараа 280 болгон өргөжүүлэв. Твиттерийн инженер, хөгжүүлэгчид өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 280 тэмдэгтийн хязгаарыг анх удаа туршсан нь хэрэглэгчдэд таалагдсан аж. Гэхдээ саяхны судалгаагаар твиттер хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь платформын шинэчлэл таагүй байгаа талаар “жиргэсэн” байна.

[CNN]

9.Дуучин Сиа нүцгэн зургаа өөрөө дэлгэв

Австралийн алдарт дуучин, ая зохиогч Сиа Фюрлер инстаграм хуудастаа өөрийнхөө нүцгэн зургийг байршуулжээ. Ингэхдээ тэрбээр фэнүүддээ хандан “Миний нүцгэн зургийг папарациуд бусдад худалдана гэж намайг дарамтлахаар оролдсон. Гэхдээ битгий ай, бас тэднээс миний зургийг бүү худалдаж ав, тэр мөнгийг өөртөө зарцуул. Харин би нүцгэн зургуудаа ээлжлэн дэлгэх болно, өдөр бүр хрисмасын баяр шүү” хэмээн бичжээ. Энэ үйлдлээрээ тэрбээр папараци гэх шантаажны бизнес сүлжээг устгах зорилготой гэнэ.

[People]

10.Диего Симеон Англид ирэхийг хүсч байна

Испанийн алдарт Атлетико Мадрид багийн ахлах дасгалжуулагч Диего Симеон Английн дээд лигт ажиллахыг хүсч байгаа талаар ойрын эх сурвалж мэдээлжээ. Симеон сүүлийн үед премьер лигийн Эвертон багт нэгдэх эсэх талаар шуугиан дэгдээд буй бөгөөд хэрэв Англид ирэхээр бол Ливерпүүл хотын “Хөхүүд”-ийг дасгалжуулахад саадтай зүйл байхгүй гэж ярьжээ.

Гэхдээ Атлетико Мадридын удирдлагууд шилдэг дасгалжуулагчаа явуулах тийм ч дуртай бус байгаа бололтой. Диего Симеоны гэрээ 2020 онд дуусах юм.

[Sport SS]