Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 7, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 07

1. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд 5 улстөрч өрсөлдөнө

МАН-ын Их хурал дөхөх тусам даргын суудлын төлөөх марафон ил далд өрнөж эхэллээ. Мэдээж өнөөгийн Засгийн газрыг тэргүүлж буй У.Хүрэлсүх намын даргад нэрээ дэвшүүлэх нь тодорхой. Харин түүнтэй хэн өрсөлдөх вэ гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн акциудаас ажиглаж болох юм. Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн өрсөлдөгч нь ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат байх бололтой. 2012-2016 онд сөрөг хүчин байсан МАН-ын жагсаал цуглаан  бүрийг удирдаж байсан нь түүнд ЗГХЭГ-ын дарга гэх хүндтэй суудлыг авчирсан. Өдгөө хоёр хуваагдсан МАН-ын бүлгийн нэг талд У.Хүрэлсүх, нөгөө талд Ж.Мөнхбат нар л чуулганы танхимд “байлдаж” эхэлснийг олон түмэн харлаа. Магадгүй чуулганы танхимаас гадна намын их хурлын танхимд ч У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар “халз тулах” магадлал өндөртэй байна. [Time.mn]

2. Орон нутгийн зарим зам, давааг хаалаа

Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн нутаг "Шартын даваа", "Бумбатын даваа"-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх хоёр давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа. Дээрх давааны замууд хаагдсантай холбоотойгоор Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн зам, Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн автозамуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. [Medee.mn]

3. Алга болсон охиныг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хайж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын II ахлах сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг энэ сарын 2-ны өдрийн 12.00 цагийн үед гэрээсээ гарч яваад сураггүй болсон талаар хэвлэлүүд мэдээллэж байгаа билээ. Охиныг алга болсны маргааш өдрийн өглөөнөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, тус сумын төвд болон сумын төвөөс 20 км-ын зайд самналт хийж эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал, “Гэрчүүдийн мэдүүлгээр хичээл сургуульдаа явсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэвч сургуулийн хяналтын камерыг шүүж үзэхэд сургууль руу орсон гэх дүрс байхгүй. Тиймээс хичээлдээ явах замдаа алга болсон гэж үзэж байна.” гэжээ. [Gogo.mn]

4. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар МАН-ын бүлэг энэ оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны төсвийн төсөл ямар нэг хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Бүлгийн хурлын ирц 70 гаруй хувьтай байсан. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн” хэмээн ярьжээ. [Shuud.mn]

5. Нийслэлд 7.7 мянган иргэн ажилгүй байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо есдүгээр сарын эцсийн байдлаар 34.9 мянгад хүрчээ. Үүний 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 13.2 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өсчээ. Ажилгүй иргэдийн 7.7  мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь Төвийн бүсэд, 5.0  мянга нь Хангайн бүсэд, 4.9  мянга нь Баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд  байгаа аж. Улмаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2 хувийг бага, 1.3 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, мөн үүнтэй адил хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. [Montsame.mn]  

6. Саудын Арабын баривчилгаанууд зөвхөн эхлэл гэв 

Өчигдөр Саудын Араб улсад томоохон баривчилгаа явагдлаа. Авилгатай тэмцэх зорилгоор засгийн газрын хэдэн арван сайд, бизнесийн нэр хүндтэй хүмүүс, түүнчлэн 11 хунтайжийг цагдаагийнхан сүр дуулиантайгаар баривчилсан. Ханхүү Мохамед Бин Салман ийнхүү авилгын ужгирсан гинжин хэлхээсийг таслах үүднээс улстөр, бизнесийн салбарт томоохон цэвэрлэгээ хийжээ. Баривчилгааны үеэр 11 хунтайж, 4-н сайд, зургаан бизнесмэн багтжээ. [BBC]

7. Сильвио Берлускони улстөрд эргэн ирнэ 

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони дахин улстөрд хөл тавих болсноо мэдэгдлээ. Тэрбээр Сицилийн тойргийн сонгуульд намынхаа өмнөөс ялалт байгуулсны дараа ийнхүү дахин улстөрийн тавцанд хөл тавихаар шийдсэн байна. Хэрэв тэрбээр ирэх оны сонгуулийн өмнө арлын сонгуульд ялалт байгуулаагүй бол дахин Италийн улстөрд ирэхгүй гэж мэдэгдэж байв. Одоо 81 настай тэрбумтан бизнесмэн урьд нь татвараас зайлсхийсэн гэж Ерөнхий сайдын суудлаа өгч байсан. [CNN]

8. Амьтны хүрээлэнгийн бар сургагчаа барьжээ 

ОХУ-ын Калининград дахь амьтны хүрээлэнд Сибирийн бар амьтан сургагчаа барьж, гар, хүзүү, нурууг нь хазаж гэмтээжээ. Азаар нойрсуулагчтай буу ойрхон байсан учир амьтан сургагчийн амь нас аюулаас хол өнгөрсөн байна. Амьтан сургагч барын хамт зочдод сонирхолтой үзүүлбэр үзүүлж байсан ч гэнэт Амур нэртэй бар уурлан, сургагчаа барьсан аж. Зочид сандралдан чулуу, сандал гэх мэт элдэв зүйлс шидэлж, хамгаалагчийг яаралтай дуудсан байна. [Ria Novosti]

9. Техаст халдлага үйлдсэн этгээд сөнөөгч онгоцны нисгэгч байжээ 

АНУ-ын Техас мужид халдлага үйлдэж, 26 хүний амь хороосон Девин Патрик Келли нь урьд нь АНУ-ын Агаарын цэргийн албанд ажиллаж байсан гэнэ. Түүний хувьд сөнөөгч онгоцны нисгэгч байсан ба 2012 онд ажлаасаа гарч байжээ. Мөн Девин 2012 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгүүлж, галт зэвсэг худалдан авах хориотой иргэдийн жагсаалтад нэрээ бичүүлж байсан нэгэн гэнэ. Техасын сүмд халдлага үйлдсэн тэрбээр удалгүй автомашиндаа өөрийгөө буудан хөнөөсөн байсныг цагдаагийнхан олжээ. [CNN]

10. Сэм Алердайсыг авч ирэхээр ярилцаж байна 

Эвертон клубийн удирдлагууд саяхан дасгалжуулагч Роналд Куманыг халж буйгаа мэдэгдсэн. Үүний дараагаар Эвертоны эзэд багтаа шинээр дасгалжуулагч хайж эхэлсэн бөгөөд юун түрүүнд ажилгүй байгаа Сэм Алердайстай холбогдохоор болжээ. Сэм өмнө нь Английн шигшээг богино хуацаанд дасгалжуулснаас гадна Уэст Хэм багийн жолоог атгаж байв. [Sky Sports]