“Би гар хүрээгүй байхад чат бичигдээд, хариу ирээд байсан”

Ярилцлага / Time Admin
2017 оны 11 сарын 07

Фэйсбүүкээ хакердуулсан ч залилангийн хэргээс өөрийгөө болон найз нараа хамгаалж чадсан иргэнтэй ярилцлаа.

Фэйсбүүк хаяганд тань өөр хүн нэвтэрснийг яаж мэдсэн бэ?

Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан ч би ажиллаж байсан учраас компьютер дээр миний бүх зүйл нээлттэй, идэвхтэй байсан. Тиймээс тэр дор нь мэдсэн л дээ. Би гар хүрээгүй байхад миний өмнөөс чат бичигдээд, хариу ирээд байгаа нь харагдаж байсан. Тэгээд чатад хариу бичсэн хүмүүс рүү мөнгөө шилжүүлэхээс нь өмнө амжиж ярьсан.

Миний хаягаас “Мөнгө зээлээч” гэж 20 гаруй хүн рүү чат явуулснаас хоёр нь яг шилжүүлэх гэж байхад нь утсаар мэдэгдэж болиулсан. Ихэнх нь намайг гэдэгт итгэж хариу бичсэн байсан. Хоер, гурван хүн л эргэлзэж байгаагаа шууд хэлсэн байсан. Ажлын газрынхан маань нэг өрөөнд сууж байгаа мөртлөө чатад хариу бичээд байсанд дараа нь бүгдээрээ гайхаад, инээлдээд өнгөрсөн. Нүүр нүүрээ харалцаад сууж байгаа мөртлөө шүү дээ.

Тэр даруйд нь нууц үгээ сольсон уу?

Мэдэнгүүтээ нууц үгээ сольсон. Гэхдээ солих хүртлээ удсан. Тэгээд нууц үгээ солиод ормогц, буцааж гаргаад байсан. Мөн тэр хооронд сэрэмжлүүлэг бичиж, миний нэрээр таагласан найзыг блоклох, хориотой зураг оруулах гэх мэт үйлдэл үзүүлж байсан. Тэгээд IT инженертэй холбогдож тусламж авснаар тэр үйлдлийг зогсоож өөрөө хаяг руугаа орсон.

Та цагдаагийн байгууллагад хандсан уу?

Цагдаагийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон ХААН банк руу хандсан. Яг ийм үйлдэл дээр нь аль аль нь ямар нэг шуурхай арга хэмжээ авдаггүй юм байна лээ. “Дараа нь бичгээр ханд” гэсэн хариу өгсөн.

Уг нь зэрэгцэж ороод, хаанаас ямар төхөөрөмжөөс хандаж байгааг мэдэж болмоор санагдсан. Юуны тулд виртуаль орчин билээ. Гэмт хэргийн үйлдэл дээр орон цай цаг хугацаа хамаарахгүй нэвтрэх боломжтой биз дээ. Тэгэхээр уг албаны арга барил хандлагыг өөрчлөх ёстой юм болов уу гэж бодож байна.

Орон байрны хулгайн дуудлага бол цагдаа явж очиход хугацаа хэрэгтэй л байх. Цахимд бол арай өөр байж болохоор. Би цахим орчинд залилан хийж байгаа үйлдлийг яг үйлдэл дээр нь цагдаад хэлсэн, Тэр үед нь арга хэмжээ аваагүй. Дараа нь бүх зүйл болоод өнгөрсөн хойно тэд миний өргөдлөөр яах юм бэ? Кибер гэмт хэрэгтэй өргөдөл биш технологи л ашиглаж л тэмцэнэ биз дээ.

Бусад хүмүүст ийм зүйл тохиолдохоос сэргийлж та юу зөвлөх вэ?

Залилан хийж бгаа хүмүүс хүний сул талыг ашигладаг юм байна. Нэг бол сайхан сэтгэл эсвэл сониуч занг. Надад найз биш хаягнаас  “Санал өгөөч” гэсэн линк ирсэн юм. Тийм линкийг нээхдээ болгоомжтой байгаарай. Бас фэйсбүүкт байдаг нууцлалуудыг судалж,  ашиглаарай. Жишээлбэл, зөвхөн бүртгэлтэй төхөөрөмжөөс л нэвтэрч болох тохиргоо байдаг гэх мэт.

Энэ төрлийн гэмт хэргийн талаарх Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч С.Ариунболорын ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.